Хүүхдийн зүрх ч шархалдаг

387 2017/01/06 0

 

Эвий дээ үр минь, хийсэн буруу сонголтынхоо үр төлөөсөнд чамайгаа өнчрүүлж орхисондоо ээж нь үргэлж өр эмтэрч суудаг. Амьдралын нарийн ширийн асуудлыг ойлгохгүй, мэдэхгүй яваа балчир насан дээр чинь аав, ээж нь хоёр тийш болж байгаа болохоор учиртай гэж өөрийгөө зөвтгөж явсан нь буруу байжээ. Өсвөр насны хүүхдүүдэд гэр бүл салалт маш хүндээр тусдаг гэж бодож явснаас алгын чинээ жаахан үрд минь ингэж их нөлөөлнө гэж хэн санах билээ.

Ойр зуурын үг яриа хэлдэг үр минь аавыгаа хайж, байхгүй орон зайг нь нэхэж, хүссэн зүйл нь хүзүүгээр ороохын цагт үргэлж уурлаж ундууцдаг болж зан нь өөрчлөгдсөн жаахан үр минь өрөвдөлтэй.

Салалт гэр бүлийн бүх гишүүдийн, ялангуяа нас бага гэж ялгаж боломгүй хүүхдийн зүрх сэтгэлийг ч шархлуулан тарчлаадаг юм байна. Тэд орчин тойрондоо юу болоод буйн учир зангилааг тайлж мэдэхгүй ч, аав, ээжийнхээ хооронд үүссэн уур амьсгалыг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг эмзэгхэн юм байна. "Хүүхэд юугаа мэдэх вэ дээ”, "Юугаа ч ойлгох билээ, тэд”, "Энэ нэг жаахан амьтан юугаа ч мэдэхгүй яваа даа” хэмээн ярих томчууд бид энэ үед л хүүхдийг бага гэж дутуу үнэлж явдаг ажээ.

Тэд ч гэсэн зүрх сэтгэлтэй, учир явдлыг ойлгохгүй ч таагүй нөхцөл байдлыг сэтгэлдээ ийн мэдэрдэг аж. Тиймээс аав, ээжтэйгээ  байхыг хүссэн хүсэл нь үгүй болж, аль нэгийг нь дагаж явах тавиландаа гоморхон ааш зан нь өөрчлөгдөж, зарим нь бүр эвдэрч эхэлдгийн жишээг жаахан үрээсээ би олж харна.

Салалт хүүхдийн ертөнцийг орвонгоор нь эргүүлдэг гэдэг юутай үнэн. Орой бүр хамтдаа тоглож эрхлэлдэх аав нь нэг л өдөр алга болж, өглөө бүр цэцэрлэгтээ, орой бүр гэр рүүгээ алхдаг зам нь өөр болохоос эхлээд амьдралын хэмнэл нь дэндүү өөрчлөгдөн, энэ бүхэн хүүхдэд жаахан гэлтгүй хүнд тусдаг юм байна. Өөрийг нь хайрлах нэг хүн дутуу байгааг сэтгэлдээ мэдэрч, хоосон орон зайгаа үгүйлэх мэт нэг л сүр сүлдгүй, баяр баясгалангүй, цог золбоогүй болон хувирах үр минь.

Аав нь ирэхгүй гэж хэлсэн ээжийн үгэнд эмзэглээгүй дүр үзүүлэх ч сэтгэл дотроо харин хэн нэгнийг үгүйлж, санаж байгаа нь харахад л илт. Өмнө нь ангидаа хамгийн жавхаалаг, дуу шуутай үр минь салалтаас хойш уйтгарт үргэлж автан, дуу шуу нь цааш орж, нэг л өөртөө итгэх итгэлгүй болчихсон. Мөн өмнөхөөсөө илүү юманд ундууцан уурлаж, зан ааш нь нэг л тогтворгүй болж эхэлсэн гээд дэндүү их эвдэрсэн дээ үр минь. Ингэж их өөрчлөгдөнө чинээ бодож битгий хэл зүүдлээ ч үгүй явсан би хүүгээ жаахан байна даа хэмээн дэндүү эндүүрсэн бололтой.

Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй өрөвдөлтэй жаахан үр минь хэцүү байгаа зовлонгоо ааш аягаараа ингээд ч болов ойлгуулах гэж хичээдэг байх даа. Харин томчууд бид өвдөхгүй, өмсөх хувцсаар, идэх хоолоор дутахгүй л байвал болоо гэж бодож, салах шийдвэрээ өөрсдийгөө бодож гаргадаг. Эцсийн дүндээ, бүгд сэтгэлийн шархтай үлдэж, бяцхан зүрхэн дэх шарх яван явсаар хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх нь дэндүү олон…

Тэгэхээр томчууд бид яах ёстой юм бол оо… Төрүүлсэн үрээ хайр халамжаар дутаахгүй элэг бүтэн байлгах гэж сэтгэлгүй хүнтэйгээ энэ насыг барах уу? Өдөр бүр сэтгэл нийлэхгүй ам мурийх хэрүүл маргаан хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх бол? Нэгэнт салахаар шийдсэн бол өөрийгөө бодохын өмнө хүүхэддээ учир байдлаа тайлбарлаж, юу хүсч байгааг нь сонсох хэрэгтэй гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Аав, ээж хоёулантай нь байхыг хүссэн хүсэлтэд ингэх боломжгүй болсон гэдгийг, байнга хамт байхгүй ч үргэлж уулзах боломжтойг нь эвлэгхэн хэлж ойлгуулах нь хүчээр бүхнийг шийдэхээс хавь илүү үр дүнтэй.

Балчирхан үр минь ойлгохгүй дээ хэмээн бодолд автан суулгүй насанд нь тохирсон ойлгомжтой, энгийн үг хэлээр ярилцаад нэг үзэх хэрэгтэй.

Хоёр нас хэдийнээ хүрчихсэн бол юмны наана цааныг гадарлахтайгаа болчихсон байдаг. Энэ их сэтгэлийн зовлонд өөрийгөө ч, өрөөлийг ч унахгүйн тулд хамгийн гол нь залуу хосууд сонголтоо зөв хийх явдал. Гэр бүл болох, аав, ээж болох гэж яаралгүйгээр хамгийн гол нь энэ хүний надад хань болох уу гэдгийг бодож тунгаасны эцэст шийдвэрээ гаргаж, гаргасан шийдвэртээ эзэн болж явах. Ганц бие ээжүүд, аавууд их байгаа юм чинь салахад яахав дээ гэж амархнаар төсөөлж яваа бол амьдрал чиний санаснаар хэзээ ч байхгүй гэдгийг хатуу хэлчихье!

Тиймээс аминаасаа тасарсан амь болсон бяцхан үрдээ аз жаргалтай ирээдүйг бэлэглэе, бэлдье гэж бодож яваа бол хань болох хүнээ шинж, хэдийнээ гэр бүл болчихсон бол тэднийхээ төлөө зүтгэ. Хүүхдийн зүрх ч шархалдаг юм шүү!

everyday.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?