"Үхдэггүй" баатар

1836 2017/01/11 1

 

Өвөрхангай аймгийн "Их уул” цэргийн хүрээнд миний бага нас өнгөрсөн. Жаахан байхдаа байрны хүүхдүүд хоорондоо талцаж байгаад байлдаж тоглоно. Модон буугаар амаараа буудаад л оногдсон нэгэн газар унаж үхсэн дүр үзүүлэх энгийн дүрэмтэй тоглодог байв. Гэхдээ олон удаа буудуулаад "Үхдэггүй баатар”-ууд бидний дунд байлаа. Тэр нь шартай хэдэн найзууд маань шүү дээ. Харин Английн армид дэслэгч генерал цолтой Адриан Картон де Виарт гэдэг олон шархдаж, их бууны дэлбэрэлтэд өртөж, өрөөсөн нүд, нэг гараа алдаж, нисэж явсан онгоц нь дайсны суманд оногдож тэнгист осолдож, дайсанд олзлогдон шоронд хоригдсон хэдий ч амьд үлдэж чадсан жинхэнэ "Үхдэггүй баатар” байсан байх юм. Ингээд энэ удаа 60 жилийн хугацаанд Англи-Бурын, Дэлхийн I болон II гэсэн гурван удаагийн дайнд оролцсон жинхэнэ баатар хүний тухай өгүүлнэ. 

 


Картон де Виарт 1880 оны 5 дугаар сарын 5-нд Бельгийн нийслэл Брюссель хотод язгууртны гэр бүлд мэндэлжээ. 1891 онд түүнийг Католик шашны дунд сургуульд суралцуулахаар Англи руу явуулсан ба хэдэн жилийн дараа Оксфордын хуулийн сургуульд элсэн оржээ. Гэвч 1899 онд тэрбээр сургуулиа орхиж 25 настай "Байлдагч Картон” гэсэн хуурамч бичиг бүрдүүлж өгөөд Английн армид элсэж орлоо. Удалгүй Өмнөд Африк руу Англи-Бурын II дугаар дайнд оролцохоор сайн дураараа явжээ. Дайны эхэн үеийн нэгэн тулалдаанд гэдэс, цавиндаа буудуулж шархдсан тул Англи руу эмчилгээнд явжээ. Харин энэ бүх явдлыг Египетийн Кайро хотод ажиллаж байсан нөлөө бүхий эцэг нь олж мэдээд нэлээд бухимдсан гэдэг. Энэ бүхний эцэст ямар ч байсан армид үлдэж, 1901 онд дэслэгч цол хүртэл, офицерын карьер нь эхэлсэн юм. 1902 онд бие нь эдгэрсэн түүнийг Энэтхэгт байрлах анги руу шилжүүлэв. Энэтхэгт алба хааж байхдаа Картон де Виарт спортоор маш эрчимтэй хичээллэх болжээ. Удалгүй түүний алба хааж буй хороог нь Өмнөд Африк руу шилжүүлэн байрлуулахад Африкт хоёр дахь удаагаа хөл тавив. 1904 онд ахлах дэслэгч цолоор шагнуулж, 7 дугаар сард Африкт буй Английн цэргийн ерөнхий командлагч генерал Хенри Хилдярдын хувийн туслахаар томилогдов. 1907 онд буюу Английн армид 8 жил алба хаасны дараа алба ёсоор Англи Улсын иргэн болов. Мөн хувийн амьдралд нь ч өөрчлөлт гарч Мариа хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр охинтой болоод амжжээ. 

Түүний тайван амгалан амьдрал удаан үргэлжилсэнгүй 1914 оны 11 дүгээр сар Дэлхийн I дүгээр дайн дэгдэж, галын шугам руу дахин явсан юм. Африк тив дэх Английн армийн Сомалийн тэмээн корпуст алба хааж, Дервишийн цэргүүдтэй тулалдаж байжээ. Нэг удаа залуу дэслэгч Картон де Виарт, дайсны бэхлэлт рүү хийсэн халз дайралтын үед гар, нүүрэндээ буудуулан зүүн нүд, чихнийхээ талыг алджээ. Ёстой л спортоор хичээллэдэг, биеийн эсэргүүцэл сайтай тулдаа амьд үлдсэн бололтой. Эмч нар түүнийг Англи руу удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээнд явуулжээ. Эмнэлэгт түүнд шилээр хиймэл нүд урлаж өгсөн хэдий ч хиймэл нүд түүнд их тавгүй сэтгэгдэл төрүүлдэг байсан учир авч хаяад хоосон нүдний хэсгээ далдалсан хаалт зүүдэг болжээ. Дарга нар түүний байгуулсан гавьяаг үнэлж "Эр зориг”-ийн шагнал олгов. 

Тэр эмнэлэгт удаан хэвтээд байсангүй. Эдгэрч гармагцаа 1915 оны 5 дугаар сард Баруун фронтын Ипрест байрлаж байсан ангид томилогджээ. Ипресын II дугаар тулалдааны үеэр Германы их бууны сум Картон де Виартын хажууханд тусаж, хэлтэрхий нь түүний зүүн гарыг юу ч үлдээлгүй сийчжээ. Энд олсон шархнаас болж нэг гараа үүрд алдсан юм. Дахиад л эмнэлэгт хэвтлээ. Эмнэлэгт эмчлүүлж байхдаа эмч нарын комисст өөрийгөө байлдах чадвартай гэдгээ итгүүлж чадсан учир 1916 ондоо фронтод эргэн иржээ. Дэд хурандаа цол хүртсэн түүнийг Глоусестерширийн хорооны 8 дугаар батальоны захирагчаар томилжээ. Түүний толгойд нь буй далайн дээрэмчдийн ахлагч шиг өрөөсөн нүдний хаалт, цэрэг цамцны хоосон ханцуй, ширвээ сахал, аймшиггүй чин зориг, баатарлаг тулалдааны тухай домог, түүх нь цэргүүдийг зоригжуулдаг байжээ. Францын нутаг дахь Ла Бойселле гэдэг тосгоны төлөө Англи, Германы цэргүүдийн ширүүн тулалдаж байлаа. Тосгон хоёр талын гарт хэд хэдэн удаа шилжээд байв. Хүнд хэцүү тулалдааны дараа удирдлагын гурван офицер нь амь үрэгдэхэд Картон де Виарт, бүх удирдлагыг гартаа авч шийдвэрлэх дайралтад орж, тосгоны эзлэж аваад тэндээ бэхжив. Удалгүй Германчуудын хийсэн сөрөг дайралтыг амжилттай няцаасан байна. Тосгон Англичуудын гарт үүрд үлджээ. Энд цэргүүдээ амжилттай удирдаж, ялалт байгуулсан учир гавьяаг нь цэргийн дээд командлал үнэлж, "Викторын Загалмай” одонгоор шагнасан юм. Энэ шагнал нь манайхаар бол улсын баатартай дүйцэхүйц, тухайн үеийн эр зоригтонд олгодог хамгийн том дээд шагнал байсан юм. Энэ дайнд Картон де Виарт олон ч удаа шарх авч байсан. Тухайлбал Сомме-д болсон тулалдаанд толгой, хөлийн шагайндаа, Пассчендаелед гуяндаа, Камбрайд хөлөндөө, Арраст чихэндээ шархдаж байв. Мөн тэрбээр маш эрэлхэг зоригтой тулалдаж, амжилт гаргаж байсан учраас түүний цол ч хурдан ахиж байв. 1916 оны 3 дугаар сард хошууч, харин 7 дугаар сард дэд хурандаа цол хүртжээ. Удалгүй түүнийг дивиз командлахад бүрэн дүүрэн тэнцэх хүн хэмээн тодорхойлж, дивизийн захирагч болгов. Харин 1917 оны 1 дүгээр сарын 12-нд бригадын генерал цол хүртсэн байна. 

Ингээд нэг их удалгүй дайн ч дууслаа, мань эрийг Польшийн Засгийн газарт туслалцаа үзүүлэх зорилготой Английн цэргийн багийн орлогч даргаар томилж Польш руу илгээв. Дипломат албатай төстэй энэ ажилд байхдаа олон ч хүмүүстэй танилцсан байдаг. Ингээд 1923 онд хошууч генерал цолтой албан ёсоор тэтгэвэрт гарчээ. 


Тэтгэвэрт гараад 15 жил тайван амьдарч байтал Дэлхийн II дугаар дайн эхлэв. 1939 онд түүнийг цэргийн дээд командлалын зүгээс Польш дахь хуучин албан тушаалд нь эргүүлэн томилж, явуулав. Тэр Польшийн Засгийн газар, Жанжин штабын даргатай ойр дотно ажиллаж байв. 1939 оны 9 дүгээр сард Польшийн хоёр талаас Зөвлөлт Орос, Фашист Герман хоёр зэрэг дайрчээ. Варшавт байдал хүндэрч хэзээ мөдгүй эзлэгдэх ойртоход Польшийн Засгийн газар нүүлгэн шилжүүлэлт хийж эхлэсэн ба Картон де Виарт ч гэсэн өөрийн багийн хүмүүсийн хамтаар Румын орохоор явжээ. Замд нь түүний цувааг Германы цэргийн онгоц бөмбөгдсөнд өөрөө хөнгөн шархдсан боловч эхнэр нь, нэг туслахын хамт алагдсан юм. Арайхийж Румын орсон тэрбээр 9 дүгээр сарын 21-нд өөр паспортаар онгоцонд сууж нутгийн зүг явж чаджээ. 

Англид очоод зүгээр суусангүй. 61 дүгээр дивизийн захирагчаар томилогдож 1940 онд Хойд Ирландад байрлаж Норвегит явагдсан цэргийн ажиллагааг удирдаж байв. 1941 оны 4 дүгээр сард түүнийг Югославын Засгийн газарт туслалцаа үзүүлэх зорилготой Английн цэргийн багийн ахлагчаар томилов. Тухайн үед А.Хитлер тун удалгүй Югославыг эзлэхээр төлөвлөж байсан тул, тус улс Английн Засгийн газраас тусламж хүсээд байсан юм. Картон де Виарт Югославын Засгийн газартай хэлэлцээр хийхээр Белград руу нислээ. Гэвч түүний онгоцыг газар дундын тэнгис дээгүүр нисэж явахад нь буудаж сөнөөжээ. Гэвч баатар дахиад л амьд үлдэв. Тэнгист унасан онгоцноос гарч, нэг гараараа сэлсээр яваад эрэгт хүртэл Италичууд олзолж авчээ. Итали дахь цэргийн шоронд хоригдож байх үедээ газар доогуур хонгил ухаж, хэд хэдэн удаа оргох гэж оролдсон гэнэ. Нэг удаа оргоод 8 хоногийн дараа баригдаж байсан байх юм. Тэр үед бараг 60 настай хөгшин байсныг санах хэрэгтэй. 1943 онд тэрбээр суллагдаж, Англид буцаж ирлээ. 

 Англид ирээд нэг сар ч бололгүй Английн Ерөнхий сайд Винстон Чөрчиллтэй уулзжээ. В.Чөрчилл түүний эр зоригийг хүндлэн биширдэг байлаа. В.Чөрчилл түүнд Хятадын Үндэсний удирдагч Чанг Кай Шекийн дэргэд суух өөрийн хувийн төлөөлөгчөөр ажиллах санал тавихад, саналыг хүлээн авчээ. Ингэхдээ дэслэгч генерал цол хүртэж, Хятад руу явав. Тэр Хятадад 1943-1947 он хүртэл ажиллаж байгаад жинхэнээсээ тэтгэвэрт гарчээ. Картон де Виарт нь амьдралын сүүлийн жилүүдэд Англид тайван амьдарч байгаад 1963 онд 83 настайдаа өөд болсон юм. Үнэхээр сонин амьдралтай, ёстой л "Үхдэггүй баатар”-тай төстэй, хатан зоригт эр цэргийн хүн байжээ.
 
Р.Энхболд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • samdan
  • 2017/01/12 18:29
http://Cash4Visits.com/ref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?