Хотын дарга Багануур дүүрэгт ажиллалаа

788 2017/03/18 0

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус дүүрэгт ажилласан юм. Хотын даргыг НЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ү.Ганболд, СТСХ-ийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний дарга Э.Анар, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр нарын албаны хүмүүс дагалдан явсан.

Багануур ХК-ийн ажил байдалтай танилцахаас хотын даргын ажил эхэлсэн. Багануур ХК-ийн захирал Э.Номинчулуун компанийнхаа өнөөгийн байдлыг товч танилцуулаад цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулсан. Тус компани хүрэн нүүрсээ ашиглан утаагүй түлш үйлдвэрлэх боломж бий гэдгийг гадны компанийн туршлага, судалгаанд үндэслэн тогтоож ажил хэрэг болгохоор зорьж буй аж. Мөн гаднаас өндөр үнэтэй валютаар авдаг тоног төхөөрөмжөө өөрсдийн хүчээр хийх төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Утаагүй түлш үйлдвэрлэхээр зорьж буй нь маш чухал. Айл өрхийн энгийн зууханд Багануурын нүүрс тохирдоггүй. Харин та бүхэн утаагүй түлш үйлдвэрлээд эхэлбэл бид боломжит бүх талаар дэмжих болно. Агаарын бохирдол утааг бууруулах үүднээс Засгийн газраас эрчим хүчний үнийг тэглэсэн. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэхэд утаагүй түлш чухал. Бид борлуулалт тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой юм” гэлээ.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 МВт-ын хүчин чадалтай "Багануур цахилгаан станц” барих төслийн ажилтай хотын дарга танилцлаа. Монгол Улсын Засгийн газартай "Багануур Пауэр” ХХК энэхүү төслийг "Барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр концессийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ оны тавдугаар сараас станцын барилгын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад буйгаа компанийн удирдлагууд танилцуулсан. Багануурын цахилгаан станц нь сүүлийн үеийн технологи бүхий 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц бөгөөд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж. Станц ашиглалтад орсноор төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх, цаашлаад Монгол улсын эрчим хүчний импортын хамаарлыг ихээхэн бууруулна гэдгийг компанийн удирдлагууд онцолж байлаа. Төсөл хэрэгжиж станц баригдсанаар тус дүүрэгт ажлын байр нэмэгдэж, 300 гаруй мэргэжлийн боловсон хүчинг урт хугацаанд тогтвортой ажиллуулах боломж нөхцөл бүрдэх юм байна.

Хотын дарга тус дүүрэг ажиллахдаа шинээр баригдаж буй орон сууцны барилгын болон 320 хүүхдийн бага сургуулийн барилгын үйл явцтай танилцсан. Мөн тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүний дараагаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт төрийн албан хаагчидтай уулзсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ "Энэ жилийн "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Төрийн албан ажиллаж буй та бид нэг баг. Бид багаараа энэ тулгамдаж байгаа асуудлаа шийдэж, төрийн албан хаагчид та бүхэн манлайлагч, хошуучлагч байх ёстой. Миний хувьд захиргааны албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэх чиглэл барин ажиллаж байгаа. Багануур дүүрэг бол хөдөө аж ахуйн агро парк, үйлдвэрлэл технологийн парк гээд хөгжлийн ирээдүйтэй дүүрэг. Өнөөдөр би дүүргийн ажил байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх, анхааралдаа авах, засч залруулах олон асуудал бийг харлаа. Дүүргийн даргаас хэд хэдэн тодорхой асуудал шийдэж өгөхийг хүссэн байгаа. Миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Цагдаагийн хэлтсүүдийн байрыг шинээр ашиглалтад оруулахаар амалсан. Танай дүүргийн цагдаагийн хэлстийн байр ч үүнд хамаарна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Эмнэлгийн сантехник муудсан гээд асуудал байна. Хотын даргын хувьд шинээр байгуулсан нярайн тасагт нэн шаардлагатай байгаа 1 аппаратын асуудлыг шийдэж өгнө гэдгээ амалж байна” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?