А.Батсүх: Уулчдынхаа зараалаар энэ спортод 10 жил зүтгэж байна

1397 2017/03/20 0

 
 

Энэ ярилцлагаа "Уул, Батсүх хоёр” гэж нэрлээд бяцхан хөрөг нийтлэл биччихмээр байлаа. Гэсэн ч уншигчидтай удаан уулзаагүй эрхмийг угзчиж байж авсан жаахан ч гэсэн шууд яриа учир тэр хэлбэрээр нь хүргэхийг хичээв.

Бяцхан оршил хийхэд ярилцлагын зочныг маань Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээр нь монголчууд андахгүй. Төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байхдаа хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Хэвлэлийнхнээс магадгүй зайгаа барьдаг ч байж мэдэх нэгэн. Харин энэ удаа түүнээс ярилцлага авах гэж багагүй хугацаанд хөөцөлдсөөр цөөн асуултад хариулт авсан маань уулчин Гангаамаа долоон тивийн найман оргилд гарсан амжилтынхаа талаар олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн хурлаас эхтэй. Тэр хуралд уулчдын хамт ирсэн түүнийг харсан зарим нь "Монголбанкны Батсүх чинь уулын спортын нөхөр байна шүү дээ, сонирхолтой юм” хэмээн ярилцаж байв.
Ингээд олныг үл нуршин Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүхтэй ярилцсанаа хүргэе.

-Та чинь уулын спортын хүн байна шүү дээ. Энэ спорттой хэзээнээс холбогдов?

-Энэ спорттой 2007 оноос холбогдсон. Тухайн үед уулын спортын домог болсон Р.Зориг гуай МУБИС-ийн зааланд спорт авиралтын бэсрэг тэмцээн хийх гээд оролцооч гэсэн. Өвгөн багшийг урьж байхад очилгүй яахав, ингээд тэмцээний спонсороор оролцсон. Р.Зориг багш, уулын спортын ОУХМ Ж.Баянцагаан гуай гээд том уулчдын дэргэд анх очсон минь энэ. Бусад уулчдыг төдийлөн танихгүй хэрнээ тэр үеэс дунд нь орж ажиллажээ. Түүнээс хойш 10 жил болсон байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 2012 оноос ажилласан. 2016 оноос Холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Найз нөхдөдөө "Уулчдынхаа зараалаар ажиллаж байна. Юу хий гэнэ, тэрийг нь хийчих санаатай явна” гэж хэлээд явж байна даа.


-Уулын спорт Монголын ууган спортын төрөл гэж бүртгэгдсэн байдаг юм билээ?

-Тэр үнэн. Монголын Уулчдын Үндэсний Холбоо бол Монгол Улсын спортын анхны төрийн бус байгууллага. Арвин ч түүхтэй. Монголд анх спортын мастер гэдэг цолыг бий болгоод зургаан уулчинд өгсөн байдаг юм. Би тааж боддог юм, монголчууд билэгдлээ бодсон байх гэж. Монголчууд гэрийнхээ гаднах овооноос өгсүүлээд хайрхан уулсаа хол ойроос хүндэлж тахидаг. Улсынхаа спортын билэгдлийг бодож уулчдад өгсөн байж магадгүй. Боксчид аваагүй, хөнгөн атлетикчид, үндэсний бөх, сур, гар бөмбөгийнхөн гэхчлэн эхэлж гардаагүй юм билээ. Чухам эхэлж уулчдадаа өгсөн нь уул шиг спортын өндөр амжилт билэгдсэн байж мэдэх юм. Өнөөдөр таавар асуулт гаргаад манай спортын мастеруудын анхдагчид хэн бэ гэвэл таах хүн цөөн гарч магадгүй. Тэр зургаан уулчин бол үнэмлэхийнхээ дугаараар ярьдаг юм шүү дээ, хоорондоо. Их ч эв найртай. Ийм сайхан бүл үүсээд 60 гаруй жил болжээ.


-Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарын дэлхийд данстай уулчид төрлөө. Монголын уулын спорт хөгжлөөрөө нэлээн дээгүүрт орно биз?

-Уулын спорт үнэхээр тэсрэлттэй хөгжиж байна. Монголын уулын үндэсний холбоо саяхан Олон Улсын Спорт Авиралтын Холбооны бүрэн эрхэт гишүүн болсон. Мөн Олон Улсын Уулын Холбооны жинхэнэ гишүүн. Эхнийх нь спорт авиралтын төрлийг удаахь нь мөсөнд авиралтын төрлийг тус тус хариуцдаг. Уулын спортын гурван том төрөл дотроос өндөр уулын авиралтаар Монголчууд дэлхийд хосгүй амжилт гаргаж байна. Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн найман оргилд хөл тавьсан анхны Монгол хүн. Улсаа дэлхийд бүртгүүлсэн дэлхийн данстай уулчин. Дэлхийн 20-иод тамирчин Б. Гангаамаагийн амжилтыг давтсан. Тэгэхээр дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа биз?. Энэ бол Монголын уулчдын оргил амжилт. Оны өмнөхөн бүртгэгдсэн. Энэ бол үе үеийн уулчдын мөрөөдөл байсан. Манай хэд хэдэн уулчин Гималайд гарчихлаа. Дараа нь дэлхийн долоон тивийн найман оргилд төрийн далбаагаа мандууллаа. Мөрөөдөл үргэлжлээд биелээд явж байна. Нөгөө хоёр төрөл нь хүүхэд, залуучуудтай илүү ойр. Мөсөнд авиралт, спорт авиралт. Спорт авиралт 2020 оноос Токиогийн Олимпийн зуны хөтөлбөрт албан ёсоор багтсан. Үүнд манайхан одооноос бэлдэж байна. Монголчуудад их тохирсон спорт гэж үзэж байгаа. Дөрвөн мөчний хөгжил, бяр сайтай, сэтгэн бодох хурдтай,зоригтой залууст ирээдүйтэй спортын төрөл. Мөсөнд авиралт Бээжингийн өвлийн олимпт 2022 оноос орох магадлал 99 хувьтай байна. Албан ёсоор зарлах мөчийг л хүлээж байна гэсэн үг.Тэгэхээр манай холбоо өвөл, зуны олимпт өрсөлдөх ганц холбоо болж буй юм. Бусад холбоодоос хоёр дахин ачаалалтай гэсэн үг. Залуучууд нэг холбоонд олимпийн хоёр төрлөөр хичээллэх боломжтой болж байна. Бас цөөн хүн амтай улсад энэ нь их таарч байгаа ч юм шиг. Аль алинаар нь хичээллэж болно. Өвөл мөсөнд авиралтаар, зун спорт авиралтаар.


-Тэгэхээр манайхан одооноос олимпийн эрхийн төлөө бэлдэж эхэлсэн гэсэн үү?

-Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн. Мөсөнд аврилтаар манай улсын тамирчин дэлхийд 36-д эрэмбэлэгдэж байна. Ахиулах боломж хангалттай бий. Спорт авиралтаар дэлхийн жагсаалтад их хойгуур эрэмбэтэй байгаа нь үнэн. Гэхдээ бид дэлхийн цом, тивийн аваргын тэмцээнд уйгагүй оролцож оноо цуглуулж эхэлсэн. Олимпийн төрөлд орж байгаа гол хүчин зүйл нь өвөл, зуны төрлүүдээс дээшээ буюу босоо чиглэлд оролцдог ганц төрөл. Тэгэхээр үзэгчдэд маш сонин байх болно. Яагаад гэвэл, үзэгчдийн нүдэн дээр 6-8-хан секундын хугацаанд өрсөлдөж ялагчаа тодруулна. Энд хүний биед байдаг 656 булчин бүгд идэвхитэй ажилладаг. Хурдан хугацаанд зөв шийдвэр гаргах урлаг. Дэлхий дээр 35 сая хүн энэ спортоор хичээллэдэг гэсэн тоо мэдээ бий. Олимпод хүлээн зөвшөөрөгдөж, Ази тэр чигээрээ, мөстэй ч байсан, мөсгүй ч байсан бүх улс орон бэлдэж байна. Монгол улс залуучуудын орон тул бид хүчтэй өрсөлдөгчид байх болно.


-Уулын спорт ямар ч үзэгчгүй, хажуугаас нь хараад алгаа таших боломж байхгүй. Тэгэхээр тамирчин тэндээс юу мэдэрдэг бол гэж бодогддог юм?

-Манай том уулчдын ярилцлагыг уншаад үзээрэй. Ер нь бол үгээр илэрхийлж болдоггүй, зурж болдоггүй, дуулж болдоггүй нэг тийм мэдрэмж юм. Миний хувьд уулын спортыг хүн өөрийгөө ялан дийлэх, байгаль орчноо бишрэх урлаг гэж боддог. Мөн миний ажиллаж байсан төрийн албатай адилхан ч юм шиг. Жишээ нь, Хөвсгөлийн Бүрэнхан уулын Мөнх Сарьдаг оргилд гарч нар харсан хүн хэзээ ч тэнд фосфоритын орд байгуулах талаар бодохгүй. Хамгаалах талаас л бодно. Яаж хойч үедээ бүрэн бүтэн үзэмж төгөлдөр хэвээр нь үлдээх вэ гэж. Тийшээ жилд олон зуун залуус явж байгаад талархалтай байдаг. Гэр бүл нь, клуб нь, нийслэлийн залуучууд байгаль орчныг хамгаалах ойлголттой болно. Тэгэхээр тэнд байгаль орчныгхамгаалах арми бүрдэж байна гэсэн үг.


-Аливаа спортын амжилт араасаа өсвөр үеийнхэн, залуусыг дагуулж байдаг. Сая Б.Гангаамаагийн амжилтын дараа уулын спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдсэн үү. Манайд хэр олон клуб, тамирчин, дасгалжуулагч байдаг вэ?

-Их гүнзгий мэдрэмж өргөн тархаж байна гэж бодож байгаа. Хот, хөдөө явахад олон залуус аялах, ууланд авирах сонирхолтой болсон байна. Мөсөнд авиралт, спорт авиралт яагаад ирээдүйтэй, илүү хөгжихөөр байна гэхээр аль ч спортын төрлөөс шилжиж орж ирэх боломжтой. Бокс, дугуй, жүдо, буудлага, гимнастикийн гэх мэт бусад олон төрлүүд сайн тохирно. Хүч, хурд, тэвчээр, тэсрэлт бүх юм нь бусад олон төрөлд хамт байж байдаг. Хурдны төрөлд гэхэд л өмнө хэлсэнчлэн 6-8 секундэд тамирчнаас бүх ур чадвар гарна. Тийм учраас холбооны дараагийн зорилго бол их спортын бусад холбоодтой хамтарч ажиллаж, тамирчин солилцох ажил хүлээгдэж байна. Олимпод нэг төрөлд эсвэл нэг жинд нэг л тамирчин ордог бол олон сайн тамирчин үлдэнэ шүү дээ. Тэд манай уулын спортын төрлүүд рүү орж ирж мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Ялангуяа хөнгөн, дунд жингийнхэн маш тохиромжтой.


-Манайд уулын спортын төрөлд бэлтгэл хийх боломж бололцоо хэр байдаг вэ. Дэмжлэг ямар байдаг вэ?

-Ази, Америк,Европын улсуудтай харьцуулахад доогуур түвшинд байна. Харин үзүүлсэн дээд амжилт бол тийм ч муу биш. Азийн аварга шалгаруулах тэмцээний шагналт VI байрыг эзэлсэн. Одоогоор авиралтаар үзүүлсэн амжилт энэ. Амжилтаа ахиулах боломж бий. Монголын Уулчдын Үндэсний Холбооноос 2016 онд Олон улсын стандартад тэнцсэн мөсөнд авиралтын шинэ хана байгуулсан. Олон Улсын уулын Холбоо,ОХУ-ын Уулын холбооны мэргэжилтнүүд, шигшээ багийн тамирчин байсан хүмүүс ирж сургалт хийж, манай улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамт шүүлээ. Сайн үнэлгээ өгсөн. ОХУ-ын дотоодын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин, дасгалжуулагчдыг урьсан. Хойд хөршийн дотоодын аваргын тэмцээн чансааны хувьд дээгүүрт ордог. Спорт авиралтын төрлөөр европууд тэргүүлдэг. Зарим төрөлд азийнхан илүүрхдэг. Индонез, солонгосчууд илүү сайн. Тэгэхээр материаллаг бааз, сайн дасгалжуулагч, гадны олон тэмцээн, уралдаанд оролцох уриатай ажиллацгааж байна. Санхүүжилтийг хувийн хэвшилд тулгуурлаж бүрдүүлдэг. Аль ч улсад ийм жишигтэй. Сүүлийн үед энэ спортыг аль ч улс оронд дэмжих санаа зорилготой хүмүүс олширч байна. Манайд ч бас байдаг юм байна. Манай холбооны төсөв түүхэнд байгаагүй дүнтэй нэмэгдсэн өнгөрсөн онд. Цаашид ч нэмэгдэх байх. Клубууд сайн ажиллаж байна. Харин мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн дасгалжуулагч ховор. Хуучин хичээллэж байсан туршлагатай тамирчид дасгалжуулагч хийдэг.Энэ талаар тусгай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ахиц гарнаа. Удирдлагын шинэ баг харин менежмент дээр төвлөрч сайн ажилладаг. Тамирчдыг бэлтгэлээс бусад зүйлд санаа зовох зүйл багатай байлгахад анхаардаг. Тамирчид мөнгө хөрөнгө хүсч гадуур явах нь манай холбоонд тун бага. Менежментийн багууд нөхөж ажилладаг учраас. Ийм байдлаар урагшилж л явна . Клубуудын хувьд олон. Явган аялалынх гэхэд нийслэлд 20 гаруй, уулын мэргэжлийн клуб харьцангуй цөөн. Сүүлийн үед нэмэгдэж байна. Идэвхтэй ч ажиллаж байна. Залуучуудын орон шүү дээ!.

 

 

Ч.Олдох

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?