Эргэж харвал хоцорно

5802 2017/03/24 0

 

Аав минь толгод болсон. Толгоддоо уусч шингэсэн.

Толгодынхоо дундуур, аавынхаа дундуур давхиж явна, би. Азаргана, харганын алтан суунаг, таана хөмүүлийн ааглаг эсгэлэн үнэр, харааны үзүүрт гэрэл татуулан цахилах харсүүлт… толгод тэр аяараа аав минь юм. Салхи илбэх нь аав минь юм. Цэцэг ногоо үнэртэх нь аав минь юм. Болжмор жиргэх, тархан бэлчих адуун дундаас нэг нь цангинатал янцгаах ч аав минь юм.


…Таван нас хүрээд морь унаж сурч байгаа юм, би. Манайд арвай хээр, сарман зээрд гэж хашин, номхон нь хэтийдсэн хоёр морь байв. Тэр хоёрыг зайдалж, дамжиж морь унаж сураагүй хүн манай гэрийнхэнд байхгүй. Би ч тэр жишгээс тойрч гараагүй.

Арвай мань мэтийг дэл шанхнаас нь зүүгдэн зүүгдэн мордож, бууж байхад хүний урманд тоож хөдлөхгүй. Халуунд, биеийг нь ээрэн дүнгэнэх шар хэдгэнээс төвөгшөөсөндөө л толгой, сүүл хөдөлгөх төдий. Амгалан адгуус.


Сарман харин хамаагүй хөл хөнгөн. Шогшиж яваад зогтусах юм уу, туулай босоод бусгахад нь "өнхрөөд өгнө”. Унаад босоод ирэхэд хажууд гайхан хараа л зогсч байна. Буцаад мордоход яах ч үгүй. Тэгсэн атлаа том хүнд халгаатай. Амтай юм шиг булгина. Аймгаас амралтаараа ирсэн Базар ах нэг орой адуу хураахаар сарманг унаад ухасхийтэл бухаж шидээд гарыг нь гэмтээчихэж байсныг мартдаггүй. Хөндлөн дэлүүдийнхээ дундуур хонь хурганы хооронд сармантай "давхиж” сурсны дараагаас хурдны морь унаж наадамд уралдах сан гэдэг бодол тархи толгойд үдшийн од шиг гялалзан үржээд нойр хулжих.


Даан ч бодол хүнд харагдахгүй болохоор томчууд тоохгүй нь гачлантай.


Нуур, ногоо халиадсан тэр нэгэн хар ногоон зун. Наадам дөхсөн, морьдоо барьж хөлс аваад эхэлчихсэн үе. Манайх Шавгийн усны баруун хойхно ухаа дэнжид зусч байлаа. Аав жижигхэн эмээл төхөөрөөд байсан нь надад бэлдсэн юмсанж. Зөөлөн бүлээн сэвшээтэй урин хонгор нэг өглөөгүүр нөгөө эмээлээ сэргэлэн хул моринд тохож "Алив, нааш ир, миний хүү. Мордоорой” гэх нь тэр. Баярласан гэдэг тоймгүй.


Алд хүрэхгүй бие, арав хүрэхгүй насандаа урьд нь тэгж тэнгэр дүүртэл баярлаж байснаа ер санадаггүй.


Аав өндөр хүрэндээ мордож намайг хөтөллөө. Ах эгч нар, тэднийг дагаж зун манайд ирж амардаг найз нар нь гээд арав гаруй морьтон уяа шон тойрон зээ татаад сүртэй нь аргагүй хөдөллөө. Давхиад л байв, давхиад л байв. Их хол явсаан. Харын хярын баруун суугаар өнгөрч хэдэн аараг толгодын дунд хүрээд морьдынхоо амыг татан бууцгааж, эмээл тохмоо янзлан олом жирмээ чангалж аваад эргэлээ. Бүгд чангаар өнгө солонгоруулан гуугалалдаад, морьдын туурай тачигнаад, салхи шуугин хайрга чулуу үсчиж шороо тоос манараад явчихав. Орчныг цочоосон бөөн нүргэлээн, эрчлэн боссон тоосны ард аав бид хоёр хоцорчихов. Аав хөтлөөстэй.


-Миний хүү, жолоогоо тэгшхэн бариарай...

-Хөлөө давиралгүй сайн хавчаад цээжээрээ жаахан бөхий...

-Ташуураа хамаагүй битгий хөдөлгө...

-Мориныхоо чихийг битгий хар...

Салхин дунд аав хэлээд л, заагаад л…

Хоцорч яваа миний хор шар хөдөлж яарч байгаа гэдэг үгээр илэрхийлэх аргагүй.


Тэгж явтал нэг ахын морь цуцсан бололтой гүйцэгдэж, зэрэгцэж жаал явснаа хоцорлоо. Хадат хүрэн дөхөхөд нэг эгчийг, Шаавын нутгийн хавьд бас нэг ахыг…, ийн нөгөөдүүлийг нэхэж, ганц нэгээр нь хөөж гүйцсээр, аав бид хоёрын морь улам хурдалсаар өмнөө хүнгүй болов. Ард л ах эгч нарын дуу холдон ойртон сонсогдоно. Ах эгч нар хэр хол хоцорч яваа бол гэж бодохоос эргэж хармаар санагдаад болдоггүй. Нэгэнтээ эргэж харах гэтэл аав "Миний хүү, эргэж харж болохгүй” хэмээн хашгирлаа. "Түрүүлж яваа хүн эргэж харж болдоггүй юм. Эргэж харвал хоцордог юм. Өмнөх замаа л сайн харж яв…” гэж байна.


Төд удалгүй Шавгийн усны сайр гаталж гэрийн бараа харагдлаа.


Аав миний морины цулбуурыг надад өгснөө "За, миний хүү, одоо ингээд өөрөө жолоо цулбуураа сайн хумиж бариад яваарай” гэнгүүтээ морио цааш даялуулан гүүгэллээ. Хоёр морь ч ухасхийв. Бид хоёр зэрэгцэн хэсэг уралдаад аав хоцорч, уяан дээр би ганцаараа саахалтын дайтай хол  түрүүлж ирж байгаа юм.


Ээж, дүү нарын хамт тосч буулган зэлгээн бор цай балгах тэр үе ямар ер бусын хөг уянгатай, хөөр баяртай сайхан мөч байсан гэж санана. Хүн болж төрөөд, хүлэг морь унаж уралдаад түрүүлж үзсэндээ сансарт нисээд ирсэн лугаа л дэвэрч догдолж байгаа юм чинь.

Тэр өдөржингөө л сэтгэл жингүйдээд "Би түрүүлсэн” гэсэн үг байн байн амнаас гарч ирээд… Харин ах эгч нар тэгэхээс тэгэх гэсэн шиг ер тоож байгаа шинжгүй. Аягүй бол эд хоцорсондоо уурлацгааж дээ ч гэж бодоод амжиж байгаа юм.


Ингэж л хурдан морины хүүхэд болсон доо.


Тэр жил сумынхаа наадмаар би шүдлэн хар үрээтэйгээ айрагдсан бол цоохор даагатайгаа гуравт хурдалж билээ. Оо ах хээр азарга, шовгор хүрэн даагатайгаа түрүүлж байсан юмдаг. Аав минь хавь ойрдоо нэр зартай уяач, уртын дууч хүн байсан. Нутаг хол, нэгдэл, нийгмийн олон зуун хоньтой, хялгас ноос, сүү саалийн цаг таардаг ч байсан биз, улсын наадам, энэ тэрийг зорьж очиж хүлэг морьдынхоо тоосыг өргөж чадаагүй эгэл ард.


Сумын наадмаас хоёр түрүү авах бол манай аавын хувьд жирийн үзэгдэл. Зарим жил гурав, бүр мянга есөн зуун наян нэгэн онд ардын хувьсгалын жаран жилээр дөрвөн түрүү авч байлаа.


Зургаан насны морь уралдахад дөрвөн түрүүг нь хамна гэдэг бага хэрэг биш л байх. Аав минь хоёр бол хоёр, гурав бол гурван морь мордууллаа гэхэд уртаашаа хоёул гурвуулхнаа уралдсан юм шиг л дараа дараагаараа өнгөлж ирдэг сэн. Уяачийн аз, уралдаж байгаа морины аз, унаж байгаа хүүхдийн аз гурав нийлэхээрээ юунд ч дийлдэж, юунд ч гүйцэгддэггүй л юм билээ дээ...


Тэгж байтал Төмөрөө дүү маань хурдны морь анх унаж байгаа юм. Тэгэхэд манайх Хөх овооны энгэр, Хурдан нутагт зусч байв. Тэнд гүүгээ барьж, морио уяж энд тэндхийн олон найр, наадмын айраг түрүү авсан болохоор аав минь бэлгэшээж тэр нэгэн дэнжийг ийн нэрлэсэн хэрэг. Салхи савиргүй нарлаг дулаахан нэг өдөр аав дүүг ууган хүрэн үү, уургын хээр үү нэгнийг нь унуулаад, бидний баахан хүүхэд дагаад мордсон.


Аав морьдоо хөлслөхийн өмнө уяан дээр ирээд "За, хүүхдүүдээ мордоцгооё” гэснээ морины шон уяаны зах зайдуу дагуулж очсоноо надад "Миний хүү, Элстийн хавьд ирээд морио татаад үлдээрэй. Дүүдээ албаар хоцорч байгаагаа битгий мэдэгдээрэй” гэдэг юм. Бодвол хамт явсан ах эгч нарт хаана хаана "хоцрох”-ыг нь тодорхой хэлж өгсөн биз. Бид Цагаан хүрээгийн ар хүрээд эргэсэн юмдаг. Цагаан хүрээгийн араас Хөх овооны энгэр хүртэл ёстой л нэг хүлэг морин уралдаж байг гэж тогтсон мэт цэлгэр уудам хөндий хоолой.

Гараанаас эргээ л аав дүү хоёр хоцорсон. Ах эгч бид хэд өмнө хойноо оролцон баахан уралдаж байгаад өөр өөрийн "цэгтээ” ирээд, цуваад хоцорцгоож байгаа юм.


Аав дүү хоёр хажуугаар салхи татуулан өнгөрөөд түрүүлээд ганийсан. Хойноос нь нэхсээр уяан дээр ирэхэд дүү минь бөөн баяр, "Би түрүүлсэн” л гэж асч бадарсан хүн. Дүүгээ баярлаж байгааг харах сайхан байв.


Гэхдээ албаар хоцорсон сэтгэл нэг л амтгүй, хий хоосон оргиод болдоггүй.  Зэлний адуу үдшийн тунарсан шар гэгээн доогуур холдож буй цагаар уяан дээр морьдын хөлс тоос сойздож байхдаа би тэсэлгүй аавдаа хэллээ. -Өнөөдөр түрүүлмээр байсан ч албаар хоцрох ч жаахан тиймхэн юм аа, аав аа гэтэл сүрхий гайхан харж билээ. Тэгснээ:

-Миний хүү, чи нэгэнт хоцорсон бол өмнөө яваа хүнийг битгий хар. Дээгүүр нь, цаана нь харагдаж байгаа уулын толгой харж яв. Тэгэхэд чи хэзээ нэгэн цагт түрүүлнэ шүү дээ.

Амьдралд хэтэрхий ихийг мөрөөдөх хэрэггүй. Зүгээр л их мөрөөдөлтэй яв. Бас хэтэрхий том байх хэрэггүй. Зүгээр л том яв...

Өөрийг хэлэлгүй гандсан тэрлэгнийхээ ханцуй, нударгаар хээр цоохрын нуруу хондлойг илээд цааш эргэсэн.

Өөрсдөө үлгэрлэж, үр хүүхдээ бусдаас хоцроож үзэж, бусдыг гүйцэхсэн гэсэн их хүсэл мөрөөдлийг сэтгэл зүрхэнд нь асааж, тэгээд түрүүлэхийн амт шимтийг мэдрүүлсэн аав ээжийнхээ далай их ухааныг мэдрэх сэхээрэх бядгүй явсан гэнэн балчир үе минь хөөрхий.

…Цаг явж, нас явж, бүх зүйл явсаар л байна, аав минь. Та минь толгод болсон. Толгоддоо уусч шингэсэн. Толгодынхоо дундуур, таныхаа дундуур давхиж явна, би.


Амьдралын их зам морин уралдааны замаас хавьгүй урт юм аа, аав минь. Энэ замд хэр хоцорч яваагаа, хэчнээн хүний хойно яваагаа би үл мэднэ. Харин таныхаа хэлснээр өмнөө явааг биш, цаана нь, дээгүүр нь тэртээд хөндөлсөн цоролзон харагдах, нялх багаас сэтгэл зүрхэнд минь ургасан тэр ягаан болор уулсын толгойг л харж амьдарч байгаа шүү, хүү нь, аав аа.


Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?