Хятад шаазанд хятад будаа савлана

11114 2017/06/12 0

В.САРАНТУЯА

Бээжин хот өнгөрсөн түүх болон ирээдүй цагийн огтлолцол дээр байна. Алдарт " Цагаан хэрэм”-ийн цаана шинэ цагийн Бээжин сүндэрлэн босч, шинжлэх ухаанч бодлогод шатрын нүүдэл хийж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ хотод олон мянган жилийн түүх, соёл, зан заншил, барилга, худалдааны хөгжингүй төрх, зам харилцааны салбар, өвөрмөц хүнс, амьдралын тохь тухтай орчин, орчин цагийн амьдралын хэв маягийг харж болох ч өнөөдрийн тухайд тэд инновациар "амьсгалж” байна. Инновац гэдэг нь ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж, үр дүнд хүрэхийн тулд хийж буй өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ. Энгийнээр тайлбарлавал, ямар нэгэн шинэ санаа бодлыг амьдралд нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм. Инновац буюу и- бизнесийн хөгжлийн талаар сурвалжлахаар Монгол Улсын 47 сэтгүүлч тус улсыг зорьсон юм. Энэ удаагийн аялал хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу болж байгаагаараа онцлог. 


    

Тодруулж хэлбэл, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын 250 сэтгүүлчийг таван жилийн хугацаанд тус улсад айлчлуулах Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарыг үсэг зурсан юм. Уг хэлэлцээрийн дагуу өнөөдрийн байдлаар тус улсад 150 сэтгүүлч ажиллаад байна. Энэ удаагийн айлчлалыг  Га­даад харилцааны яам болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захир­гаа хамтран зохион байгуу­лав. Багийн ахлагчаар  Га­даад харилцааны яамны газрын дарга П.Баярмагнай, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Га­лаарид нар ажилласан юм. 


Сэтгүүлчдийн хамгийн анхлан очсон газар бол Тянь-Анмэний талбай. Энэ талбайд дэлхий дээрх хам­гийн том хааны ордон болох "Хориотой хот” бий.  Сүүлчийн хааны амьдарч байсан хотыг сонирхохоор олон мянган жуулчин ийш зорьдог байна. Бид­нийг очиход цагийн хязгаар­лалт таарсан учир үзэж амжаагүй.  "Хориотой хот” нь нийслэл хотынхоо төв хэсэгт байрлах бөгөөд хааны гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн болох алдарт "И Хэ Юан” цэцэрлэгт хү­рээлэн, алдарт "Цагаан хэрэм”, "Си Хэ Юан” зэрэг алдарт барилгууд энд байдаг ажээ. Хотын бүх түүхийн дурсгалт зүйл нь 7300 гаруй хөтөлбөр, аялал жуулчлалын 200 гаруй цэгтэй юм байна. 


Бид дараа нь БНХАУ-ын Шинжлэх ухаан, Техно­логийн яаманд очив. Тус яам нь Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бөгөөд Засгийн газрын зүгээс ямар шийдвэр гарна, түүнийг биелүүлэхдээ үйл­чил­гээний хэлбэрээр иргэд­дээ үйлчилдэг гэж байв. Хятадын шинэ инновацийн хөгжлийн  талаар Инновац хөгжил зохицуулалтын хо­рооны дарга Зан Шин (Zhang Хin)  Монголын сэт­гүүлчдэд ийм мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "2016 оны тавдугаар сард Хя­та­дын шинжлэх ухаа­ны инновацийн их хурал ху­ралдсан. Энэ үеэр шинжлэх ухааны техник хөгжлийг гурван үе шаттайгаар хөг­жүүлэх төлөв­лөгөө гаргаж баталсан. Тус хурлаар шинжлэх ухааны бодлогыг тодорхойлж, үүний үр дүнд Хятадын шинжлэх ухааны олон бүтээлийн үнэ цэнэ дээшилсэн билээ. Өнөөдрийн байдлаар ши­нэч­лэлт инновацийн ажлын шинжлэх ухааны багт гэ­хэд 37 сая хүн ажиллаж буй.  Бүх хөрөнгө төсвийг авч үзвэл 153 тэрбум ам. доллар болсон бөгөөд энэ нь манай улсын шинжлэх ухаанд зарцуулж байгаа хөрөнгө дэлхийд нэгдүгээрт орж байна гэсэн үг. Мөн Бүх Хятадын оюуны өмчийн эрхийн талаарх албан тоонд мөн л дэлхийд нэгд байна.  Харин Олон улсын шинэчлэлтийн оюуны өм­чийн жагсаалтаар бол 121-т багтсан. Гэхдээ хөгжсөн бус орнуудын хамгийн түрүүнд явж байгаа.  Хоёрдугаарт, шинжлэх ухааны том, том амжилт гаргасан. Үүнд, суурь шинжлэх ухаа­ны судалгаа, хаунтын холбоо­ны судалгаа, биологийн мэргэжлийн судалгаануудыг нэрлэж болно.  Зэр зэвсгийн шинжлэх ухааны судалгаан дээр сансрын онгоц бүтээ­сэн. Мөн саран дээр хүн очих, сансрын пуужин бү­тээх, хиймэл дагуул нисгэх, супер компьютер хийх,  том хөдөлгүүрийн  С-919 аяллын онгоц бүтээлээ. Усны гүнд шумбах мэргэжилтнүүдийг давхар бэлтгэж байна.  Өнгөрсөн хугацаанд болсон "Нэг бүс-нэг зам” форумын үеэр бүс нутгийн иргэд хамтдаа шинжлэх ухааны хөгжилд хамтарч ажиллах тухай гарын үсэг зурсан. Шинжлэх ухааны мэдлэг, төв лаборатори байгуулах, бүтээлүүдээ солилцох тал дээр санал бодлоо хуваал­цаж чадлаа. Дэлхийн хөгж­сөн орнуудтай хамтарч шинж­­лэх ухааны чиглэлээр хам­­тарч ажиллахаар бол­сон.  


Шинжлэх ухааны хөгжил Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэхээр, эдийн засгийн өөрчлөлтөд шинэчлэл хийж чаддаг, шинэ мөрөөдлийг авчирдаг юм. Өнөөдөр Хятадын иргэдийн гар утасны хэрэглээ  долоон тэрбумд хүрсэн бөгөөд 5G-г туршилтын маягаар хэрэглэж байгаа. Хурдны галт тэрэгний замын урт 22 мянган км-т хүрсэн. Дэлхийн хурдан галт тэрэгний замын уртын  65 хувийг эзэлж буй.  Шинэ автомашин хэ­рэг­лэгчид өнгөрсөн жи­лийнхээс 500 мянгаас илүүд хүрснээр дэлхийг тэргүүлж байна. Цахилгаан шугам нарны энерги ашиглалтаараа дэлхийд нэгд бичигдэж байгаа. Шинж­лэх ухаан техникийн шинэчлэл нь иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ гэвэл манайд нэг зүйр үг бий. "Хятад шаазанд  хятад будаа савлана” гэж. Бид өөрсдөө бүтээгч, хэрэглэгч, хамтрагч байхыг хүсч байна. Тиймээс сангийн аж ахуй дээр үйл ажиллагаа эрхэлдэг 6800 компанийг инновацид татан оролцуулж байгаа. Мөн өртөг багатай хоцронгуй орнуудад шинжлэх ухааныг дэмжих тал дээр  70 мянга гаруй хүн ажиллаж байна. Бүх Хятадын хэмжээнд нийт 17 инновацийн парк, шинжлэх ухааны 156 парк бий болжээ.  Эдгээр нь манай улсын шинэчлэлтийн жишиг паркууд билээ.  Гуравдугаарт, шинэчлэлт хийхэд иргэдийн урам зориг их нөлөөлсөн. Шинэчлэл инновацийн талаар иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Засгийн газар үйлчилгээний чиглэлд шилжсэн. Улсын чиглэлээс харвал шинжлэх ухааны тогтолцоог яаж өөрчлөх вэ гэсэн бодлого баримталж байна. Судалгааны үр дүнд гарсан бүтээлүүдээ хүн ардынхаа нийгмийн оролцоонд оруулах асуу­дал дээр ажиллаж эхэлсэн. Инновац дээр ажиллаж байгаа иргэ­дэд урамшуулал олгохдоо судалгаа гар­гаж  гааль, татварыг хөнгөлөх, ямар нэгэн шинэ зүйл нэвтрүүлэх дээр онцгойлон ан­хаарч байна. Мөн шинэ компаниудыг тог­тоох тал дээр зур­васаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, дунд бага техникийн ком­паниудыг анхаарч эхэлсэн. Үүнээс гадна инновацид хамааралтай том нөлөө бүхий төсөв гаргаж байна. Робот машин үйлдвэрлэх, хаунтын холбоо бай­гуулах, газрын гүний судалгаа хийх төсөл боловсруулсан. Эдгээр төслүүдийг  2017-2030 оны хугацаанд хэрэгжүүлнэ. Монгол Улстай ирэх он жилүүдэд хамтарсан төв лаборатори байгуулж мэр­гэжилтнүүдээ солилцох саналтай байгаа. Хүний нөөцийн тухайд гэвэл га­даадын 6000 гаруй мэр­гэжилтэн ажиллаж байна.  Манай гадаадад  суралцаж, ажиллаж байгаа  иргэдийн тоо 2 сая 650 мянгад хүрсэн.  Ялангуяа эдгээр иргэдээс 1980- 1990 онд төрсөн залуу мэргэжилтнүүд бол манай улсын шинжлэх ухааны ирээдүйн боловсон хүчин юм. Тиймээс Хятадын шинжлэх ухаанд шинэ хавар ирсэн гэж ойлгож болно” гэсэн юм. 

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин:   Бүтээн байгуулалт, инновац, найрамдал хамтдаа давших нэг зам 


Бидний дараагийн зо­чил­сон газар  бол Бээ­жин хотын Шинжлэх ухаан, технологийн хо­роо байв. Тус хороо нь Бээжингийн шинжлэх ухаан, технологийн ажлыг ха­риуцсан хотын Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг ажээ. Энэхүү хороо нь 13 агентлагтай, шинжлэх ухаан, технологийн дэв­шил менежмент, нийт зо­хи­­цуулалтын үүргийг бие­­лүү­­лэ­хэд анхаарч ажил­ла­­даг.

 

 Шинжлэх ухаан, техно­логийн хорооны дэд дарга Гө Рүйгийн мэ­дээлснээр, "Нэг бүс-нэг зам” форумын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин инновацийн хөгж­лийг то­дор­хой­лох­доо, "Бү­тээн байгуулалт, инно­вац, найрамдлын зам хамтдаа байх ёстой” гэ­сэн. Шинжлэх ухааны тех­нологийг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж хамтарсан лаборатори, шинжлэх ухааны парк бай­гуулах, шинжлэх ухааныг шил­жүүлэн суулгах тал дээр бид ажиллаж бай­на. Өнөөдөр шинжлэх ухаан инновацийн мэргэжилт­нүү­дийн тоогоор бид дэлхийд гуравт орсон. Шинжлэх ухааны бүс байгуулахаас гадна  өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зарим их, дээд сургуультай хамтарч судалгаа хийсэн нь цаашдаа Монгол Улстай шинжлэх ухааны салбарт хамтарна  гэсэн үг.

 

Бидний талаас гурван санал бий. Үүнд,  өмнө нь ажиллаж байсан туршлагатай мэргэжилт­нүүдээ солилцох,  Хятадын аж ахуйн нэгжүүдийг удир­дан чиглүүлж үр бүтээлийг нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй холбож өгөх, хамтарсан лаборатори бай­гуулж ажиллахад  бэлэн байна. 2017 оны хоёрдугаар сарын 7-нд Бүх Хятадын инновацийн төв байгуулах хурлыг зохион байгуулсан.  Тус хурал дээр 13 дугаар таван жилийн төлөвлөгөө гаргаж инновациар бусад улс орныг хэрхэн "байлдан дагуулах”  талаар ярилцсан. Тиймээс бид өнөөдрийн байдлаар 100 мянган мэр­гэжилтэн бэлтгэж, инно­вацийн чиглэлээр 13 тө­сөл хэрэгжүүлж байгаа.  Үүнээс гадна Бээжингийн "шүдний өвчин” болоод байгаа агаарын бохирдлын талаар  мэдээлэхдээ, "Бээ­жин хотод нэг сая гаруй эко машин замын хөдөлгөөнд оролцож байна. Бид өнөөдөр эх үүсвэртэй нь тэмцэж байгаа.  Эхний ээлжид  "Соёлтой Бээжин”, "Шинжлэх ухаанч Бээжин”, "Ногоон байгууламжтай Бээжин” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж эхэл­сэн. Энэ нь эхнээсээ үр дүнгээ өгч байгаа” гэв. 


Үндэсний чадвартай хүний тусгай бүсэд зочлов


Үүний дараа сэтгүүлч­дийн багийнхан БНХАУ-ын Үндэсний инновацийн үлгэр жишиг бүс Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн төвийг  зорьсон юм. Энэ төв нь тус улсын анхны Үндэсний инновацийн үлгэр жишиг бүс төдийгүй үндэсний чадвартай хүний анхны тусгай бүс юм.  Өөрөөр хэлбэл, үндэсний чадвартай, оюунлаг, шинэ­лэг мэргэжилтнүүдэд нээлт­тэй хаалга гэсэн үг. Ийм бүс байгуулахын тулд 20 жилийг зарцуулсан бө­гөөд одоо Лянь Шян, Бай Дү зэргээр төлөөлсөн өндөр технологийн 20 мян­га гаруй компани тө­рөн гарчээ. Өндөр техно­логийн аж үйлдвэрийн цуг­луулга болсон энэ га­зарт Бээжингийн өнцөг булан бүрээс ирсэн оюуны бүтээлүүд бий. Тухайлбал, дэлхий дээрх хамгийн том нисэх онгоцны сэлбэг, төмөрлөг төхөөрөмж хуви­лах, хорт хавдрын эсийг  тоолох шинэ технологи, ус цэвэршүүлэх орчин үеийн төхөөрөмж, далайн усыг жинхэнэ ус болгох, органик бордоо, ус нэвтэрдэггүй тоосго гээд хүний амьд­ралын хэрэгцээнд хэрэглэж болох бүхий л зүйлийг инновациар шийдэж байна. Мөн дараа үеийн интернэт, гар утасны интернэт, ха­рилцаа холбоо, хиймэл дагуулын программууд, био­технологи,  эрүүл мэн­дэд тустай, эрчим хүчний хэмнэлттэй, бохирдолгүй  зам харилцаа гээд  зургаан том давуу талтай аж үйлдвэрийн цуглуулга болон нэгдсэн хэлхээний шинэ эрчим хүч, эрчим хүчний машин зэргийг үйлдвэрлэж салбар бүрт "ноёрхлоо” тогтоогоод буй нь энэ юм. Үүнийгээ тэд "Нэг бүс олон тойрог”-ын өвөрмөц онцлогтой хөгжлийн бүтэц хэмээн тодорхойлж байлаа.

  

Ханжоу хот


Гэр хорооллоос эхлэлтэй " Алибаба”-гийн үнэн түүх 


Жэжян муж нь БНХАУ-ын зүүн өмнөд Хөх мөрний гурвалжин сав газрын өмнөд бэлчээрт оршиж, хил дотроо хамгийн том Чиантанжиан мөрөнтэй, түүний урсац нь мушгин гуйвдаг болохоор гол гэж нэрлэдэг ажээ. Түүний муж төв нь Ханжоу хотод байдаг байна. Энэ хотын товчилсон нэр нь "Ханг”. Жэжян мужийн улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, тээвэр, санхүүгийн төв Хөх мөрний гурвалжин хойгийн хотуудын бүлгүүдийн нэг нь юм. Эртнээс энэ хотыг нэрийдэхдээ  "Тэнгэрт диваажин, газарт Ханжоу” гэдэг байжээ. Учир нь, байгалийн үзэсгэлэнт цогц байдлаараа  дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдсээр байгаа юм. Баруун нуур болон түүний эргэн тойронд байгалийн болон соёлын газар ихтэй бөгөөд үүнийг нь үзэх гэсэн жуулчдын тоо тасардаггүй байна. 

 

Үргэлжлэлийг энд дарж унших боломжтой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?