Ерөнхийлөгчийн тусламж УГЗ хөгжмийн зохиолч Б. Шаравт хэрэгтэй байна

987 2017/08/10 0

 

Өчигдөр буюу 8 дугаар сарын 10-ны орой Өвөр Монголын уртын дуучин Отгонтуяатай хамт Бээжингийн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хөгжмийн зохиолч Шарав гуайг эргэлээ. Дуучин бүсгүй маань Шарав гуайн бие муу байгааг сонсоод сайн дураараа хандивын аян зохиож, олсон 9000 гаруй юаниа гардуулж өгөхөөр Бээжин хотод иржээ. Сэтгэл гээч ийм буюу…

Буцах замдаа тэр надаас: "Чингис хааны одонт, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, агуу хөгжмийн зохиолчоо танай төр засаг хайхардаггүй юм уу, яагаад эмчилгээний зардал өгөөгүй юм бэ?” гэж асуув. Миний яс хавталзаад л явчихлаа. Өгөх хариу олдсонгүй, ээрч муураад, дүйвүүлээд өнгөрөв…

 

"Түмэн нүдтэй” төрийн тэргүүн ээ. Энэ чинь юу болж байна аа? Монголын төр яасан дүлий дүмбэ байна аа!! Сонгуулийн өмнө "аливаад өндөр сонор сэрэмжтэй” ажилласан танай баг Шарав гуайн бие хүнд байгааг мэдээгүй гэж үү? Үгүй байлгүй дээ. Тэгвэл хэлээд өгье: Шарав гуай хоёр, гурван сарын өмнөөс ядраад байх болжээ. Өнгөрсөн 6-р сард Интермэд эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь цус багадалт дээд зэрэгт хүрсэн, хорт хавдартай гэсэн онош гарсан байна. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь сандарч, 6-р сарын 29-нд Бээжинд ирж, 7-р сарын 1-нд Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн байна. Энд нойр булчирхайн хорт хавдар 4-р шатандаа орсон гэсэн оноштой, цус сэлбэх эмчилгээ хийлгэсээр, 10-ны өдөр хагалгаанд орсон юм. Хавдар нь үсэрхийлэн бусад эрхтэнд нь тарсан учраас 8 цагийн турш олон эрхтэн хамарсан хавдрыг тайрч авах маш хүнд мэс засал хийсэн байна.

Хагалгааны дараа биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа ч маш их тамирджээ. Биднийг эргэж очиход ядарч сульдсаны улмаас, маш сул дуугарч, жаахан яриад ядарч байлаа. Одоо хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. Хагалгааны дараа нойр булчирхайн шарх нь сэдэрсэн учир удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. Шарх нь бүрэн эдгэсний дараа химийн эмчилгээ хийх бөгөөд чухам хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Шарх хөндүүрлэн өвдөж, шөнө нойр хүрэхгүй байгаа тул, өвчин намдаах болон нойрны тариа хийлгэж унтана. "Азаар” Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамныхан Шарав гуайн ар гэрийнхэнд байрны асуудлыг шийдэж өгч, ихээхэн дэм болж байна.

"Уг нь би түүнийг сайн ах гэж боддог байсан” гэдэг шиг уг нь Монголын ард түмэн таныг "сайн ерөнхийлөгч” болно гэж итгэж сонгосон билээ. Миний хувьд таны соёл, шашны бодлогын зөвлөх, хатагтай Ц.Хуланг бас "сайн эгч” гэдэгт итгэдэг. Ц.Хулан эгч маань Бээжингийн эмнэлэгт адар ширтэн гансарч хэвтэхийн гашууныг зах зухаас нь мэдэх л хүн. Яагаад таг байгаа юм бол оо?

Шарав гуайн хагалгаа, эмчилгээнд олон сая төгрөг зарцуулаад байна. Үүний нэг хэсгийг MCS группийн ерөнхийлөгч Ж.Од өгчээ. Нутгийн зөвлөл нь 40 орчим сая төгрөг гардуулж өгсөн ба одоо хэдэн сая төгрөг нэмж цуглуулаад байгаа гэнэ. Одоо нойр булчирхайн эмчилгээний төлбөр, химийн эмчилгээний төлбөр нийт 100 гаруй сая төгрөг нэмж олох хэрэгтэй. Бас дээр нь нөхөн сэргээх эмчилгээний зардал гарна. Эмнэлгийн зүгээс гурав дөрөв хоноод л дансандаа 20.000 юань байршуулахыг шаардана. Харин хагалгааны үед 100.000 юань байршуулсан нь аль хэдийнэ дууссан байна.

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн 9-р сарын эхээр хандивын тоглолт хийж, аянаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч Шарав гуайн эмчилгээний зардал цаг минутаар урссаар, түүний хэрээр эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орж байна.

Хэнтий аймгийн нутгийн зөвлөл Монгол улсаас БНХАУ-ын Бээжин, Өвөр Монголын Хөх хотод урлагийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад уригдан ажиллаж буй хэдэн залууст санал тавьсан юм. Бид Шарав гуайн эмчилгээний зардалд нэмэр болох гэж "Сэтгэлийн эгшиг” хандивын аян өрнүүлэн, Өвөр Монгол найз нөхөд, шавь нараа уриалан дуудаж байна. Ялангуяа Өвөр Монголын Баатар язгуур урлагийн сургуульд ажиллаж буй МУСТА дуучин Ц.Бэрцэцэг, Солонго төвд ажиллаж буй МУСТА зохиолч, яруу найрагч Э.Үржинханд нар маш их зүтгэл гарган, цаг наргүй ажиллаж байна. Хандивын аян эхэлснээс хойш ердөө 60 цагийн дотор Ц.Бэрцэцэг 15.000, Э.Үржинханд 10.000 орчим юань цуглууллаа. Энэ мөнгө амархан олдоогүй юм. Мөн дээр дурдсан Өвөр Монголын дуучин Отгонтуяагийн цуглуулсан 9000 гаруй юаньтай нийлээд 10 илүү сая төгрөг болсны 90 гаруй хувийг Өвөр Монгол ахан дүүс хандивлаад байгаа юм. Одоо "Эгшиг” сайтын захирал Байгаль тэргүүтэй хувийн сайтын захирлууд манай аянд нэгдэж, сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна.

Урлаг спортыг "цээжээрээ хамгаалагч” ноён ерөнхийлөгч өө. Энэ хүн эгэл нэгэн бус, "агуу” Шарав шүү дээ. ЮНЕСКО-д бүртгэгдсэн "Замбуутивийн наран”-г туурвигч, 2002 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээлтийн дууллыг зохиогч, 2005 оны Нобелийн шагнал олгох ёслолд "Хэрлэнгийн домог”-оо дуурсгагч, Монголын түүхэнд Чингисийн одон авсан есхөн хүний нэг шүү дээ. Танд нэг юм бодогдохгүй байна уу? Та юуны төлөө хоёрын хоёр бие төлөөлөгчтэй билээ, Аса аваргаа Бээжин хот руу томилж болоогүй юм гэж үү?

Монгол түмний хайртай хүү, суу билэгт хөгжмийн зохиолчийг хөл дээр нь босгохоор халуун сэтгэлээр хичээн зүтгэж, хандив өргөсөн, элэг нэгт Өвөр Монгол ахан дүүстээ баярлалаа. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, нэг баг болж "Сэтгэлийн эгшиг” аяныг өрнүүлж буй анд нөхдөдөө баярлалаа.

 

До.Болдхуяг

Бээжин хот 2017.08.10



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?