Монгол гэрийн баруун хатавчны туургыг гөвдөггүйн учир

1189 2017/08/15 0

 Монгол гэрийн баруун хатавч зурган илэрцүүд
Монгол гэрийн эзэгтэй хүүхдээ төрүүлэхдээ гэрийнхээ баруун урд хэсэгт араг тэвэрч төрдөг байсан заншилтай. Арагийг байнга түлшээр дүүрэн байлгавал тухайн айлын гал голомт үргэлж гал шиг бадарч өөдөө явахыг бэлгэдэхээс гадна үргэлж элбэг хангалуун амьдрахын утга учир юм. Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжиж, төрж байгаа хүүхэд гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохыг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишгийг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой. Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй.
Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг. Түүнтэй холбоотой нэгэн домог буй. Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн эхнэр нөхрийнд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа нэг л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж "Танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээжээ. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээсэн бөгөөд нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад "Та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ. Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг нь тас хазчихжээ.
Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод нөгөө хонио болиод харин хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэжээ. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгч гэнэ. Тэр цагаас хойш тэр айл улам өөдлөн дэвжиж маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ. Тийм учраас өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслийг байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.

/ Буян Чой/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?