Миний Арслан

12213 2017/08/21 1

 


 

Намайг бага байхад эмээгийнд хар, шар хоёр гөлөг ирж билээ. Хар нь сэргэлэн, хүчтэй, гөлөг байж. Өөдөөс хуцаад хэр баргийн хүн ойртуулдаггүй байлаа. Харин шар нь бандайсан, их үстэй, харахаар л арслан шиг. Дөлгөөн ааштай, эрхлэх дуртай, ганц хоёрхон бүдүүн дуугаар хов хов гэдэг байв. 


Удалгүй хар гөлөг хашаанаас алга болчихлоо. Эсвэл хүнд өгсөн ч байж магадгүй би тэрийг одоо сайн санахгүй байна л даа. Харин "Арслан” эмээгийн хашааг хамгаалагч нэгэн болж үлдсэн юм. Тэр цагаас хойш Арслан бид хоёрын нөхөрлөл эхэлсэн. Дөлгөөн, удаан хөдөлгөөнтэй, үс ихтэй болохоор минийх минийх гэж булаацалдах хүмүүс олон байсан л даа. Хэн ч очоод ноолоход дургүйцдэггүй байсан болохоор арга ч үгүй биз. 

 

Дунд сургуулийн гурав билүү дөрөвдүгээр ангид эмээгийн алаг үнээний үр төл "Улаанка” /бид ингэж нэрлэдэг байв/ бэлчээрээс ирсэнгүй. Ээж "яг тугалчихлаа” гэж хэлээд хайхаар явсан юм. Гадаа ч амархан харанхуй болчихлоо. Миний санаа зовоод Арсланг дагуулаад араас нь явсан юм. Гар чийдэн, гэрэлний төрлийн юм авалгүй ээжийг ойрхон байгаа гэж санаад л явчихсан юм л даа. Гэтэл явсаар байгаа сүүлдээ хоёулаа төөрч орхилоо. Сүүмийсэн гэрэл рүү алхасаар байгаа хятадын тоосгоны үйлдвэр рүү оччихсон байсан юм.


Манаач өвгөн орой болчихсон байна хоноод яв гэхэд нь зүгээрээ гээд гэр рүүгээ буцав. Ядаж байхад саргүй шөнө байсан. Арслан эхэндээ гүйж явчихаад би дуудахаар хаа холоос их л амьсгаадчихсан хүрч ирээд байсан. Сүүлдээ надаас салахгүй яг хажууд наадчихаад баруун талаас түлхээд нэг ёсондоо зам заагаад яваад байлаа. Тэгснээ хөл орооцолдоод урагшаа явуулдаггүй шүү.

 

Яасан бэ хоёулаа харья гэхээр сүүлээ шарвагануулаад урагшаа алах гэхээр ярдаглаад байсан юм. Тэгсэн долоо хоног үргэлжилсэн борооноос болоод газар хагарч, ан цав үүссэн байж л дээ. Би яаж тэрийг харах вэ. Намайг л унагачихгүй гэсэн дээ хавцал ирмэгдээд баруун талаас түлхээд явсан байгаа юм. Тэрийг нь мэдчихээд сайн нохой шүү гэж магттал хүүхэд шиг эрхэлж байгаад гэнэт год гээд гүйгээд явчихлаа.

 

"Хөөе арслаан” гээд дуудсан чинь тээр цаана "хөөе чи юу хийж яваа юм хүн айлгаад хаячихлаа” гээд ээжийн ярих сонсогддог байна шүү. Би дуу гарсан зүг рүү гүйгээд очтол ээж нэг жижигхэн тугал тэвэрчихсэн Арсланг загиначихсан зогсож байдаг юм. Миний баярласан гэж чигтэйхэн. Тэгээд ээж бид хоёр тугалаа аваад Арслан Улаанкааг араас нь хөөсөөр гэртээ ирж билээ. Арслангийн тухай магтаж бичих зүйл маш их. Үнэхээр сайн нохой бас сайн ч найз минь байсан юм. Би заримдаа үүрэнд нь ороод хамт унтчихдаг байлаа. Томчууд уурлаад бид хоёр хоёулаа толгой гудайлгаад загинуулдагсан.


Тэр жил Эрдэнэт рүү эмээтэй хамт дүү бид хоёр нүүв. Харин аав, ээж бага дүү гурав хэдэн үхрээ маллаад, хажуугаар нь ажлаа хийгээд үлдсэн юм. Арслан ч бас үлдлээ. Нохойгоо их л санадаг байв. Тэгсэн ч хичээл, шинэ анги гэж явсаар өвлийн амралт болдог юм байна. Гэртээ харина гэхээр бөөн баяр. Хэдэн хувцасаа цүнхэлж, жаахан чихэр боов ууталж аваад галт тэргэнд суугаад гэрийн зүйл явав.


Гал тэрэгний буудлаас манай гэр нэлээд зайтай л даа. Гэхдээ гэртээ харьж яваа хүнд түүн шиг жаргал гэж юу байх вэ. Гэрийн бараа харагдаж эхэлмэгц "Арслаан, Арслаан” гээд дүүтэй хамт хашгирч гарав. Бидний дуу сонсогдохооргүй хол байсан л даа. Гэхдээ л нохойгоо сонсоод гүйгээд ирнэ гэсэн горьдлогоор хашгирсаар байлаа.

 

Тэгсэн өтгөн шар үстэй дундад миний Арслан тээр холоос хар хурдаараа наашаа давхиж байгаа нь харагдлаа. Дүү бид хоёр ч өөдөөс нь хар хурдаараа гүйлээ. Бараг л гурван сар уулзалдаагүй болохоор санасан гэж жигтэйхэн гүйсээр байгаад хоёр талаас уулзалдаж, тэврэлдэж, газраар өнхрөлдөөд нүүр нүдгүй долоож, гасалж, эрхлээд одоо энэ тухай бичихэд хоолой зангирч байгаа боловч тухайн үе уулзсандаа баярлаж хөөрөөд цүнхтэй хувцсаа хүртэл хээр орхиод гэртээ харьж байсан юмдаг.


Амьдралын эрхээр гэдэг шиг Арслан эмээг дагаж, үхрээ малласаар. Би Эрдэнэтэд сурсаар.

 

Оюутан болдог жил гэрээс "Арслан байхгүй ээ. Гэрээсээ явчихсан. Ирээгүй долоо хонож байна” гэсэн муу мэдээ ирэв. Хөөрхий хөгшрөөд гэрийнхэн рүүгээ дайрдаг болсон. Заримдаа үүрнээсээ гарахгүй бүтэн өдөржин унтдаг болсон. Эсвэл хашааны хаалга сахиад хүүхдүүдийн дуу чимээнээр чих нь соотолзож өнждөг болсон гэж эмээгийн ярихыг сонсоод нохойгоо ямар их үгүйлсэн гэж бодно оо.

 

Яг одоо бол бүүр ч их санаж байна. Сайн нохой эзнийхээ дэргэд үхдэггүй гэдэг. Тийм болохоор тэртээ хол биднээс нууцаар явсан байх даа. "Арслаан Арслаан” гээд дуудвал гүйгээд ирэх л юм шиг санагдаж хэчнээн их дуудлаа даа. Найз минь хажууд байхгүй болоод арваад жил болж. Гэхдээ чи минь миний доторх дурсамжид үргэлж дөлгөөхөн, цэл залуу, эрч хүчтэй хэвээр амьдарсаар байгаа шүү. Найз минь чамайг маш их санаж байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Би
  • 2017/10/15 14:59
Надад ч бас Асар Хүдэр гэдэг гайхалтай ухаантай хоёр нохой байж билээ Хүүхэд нас минь үнэнч нохдууд минь санагдчихлаа өдийд сайн хүн болж төрсөн гэдэгт итгэж явдаг даа

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?