Б.Сайнбаяр: Үндэстнээрээ бахархаж, юмыг сайхнаар нь мэдрэг гэж нэвтрүүлгээ бүтээдэг

2966 2017/09/22 1

 

Сайхан амьдрах санааных:

"Сайн уу? Сайнаа” ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Б.Сайнбаяр. Танай гэрийн хойморт UBS телевизээр амралтын үдэш бүр уулздаг хүндтэй хүнийг бид www.undesten.mn сайтынхаа "Сайхан амьдрах санааных” булангийн анхны зочноор урьсан юм. Бусдын амар мэндийг мэдэж, ялангуяа олны танил, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг урьж сэтгэлийг нь нээж ярилцдаг түүнийг битүүхэндээ монголчууд мэддэг болсон. Сайн уран бүтээл эзнээ мөнхжүүлдэг шиг түүний хийсэн нэвтрүүлгүүд UBS телевизийн өнгө, төрхийг тодорхойлоход багагүй хувь нэмрээ оруулж үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг гэж хэлж болно. UBS хэмээх энэ том өрх айл 25 жилийн ойн баяраа тэмдэглэн уран бүтээл ундарсан нэгэн намрын шар өдрүүдурсаж байна. Бид ярилцангаа инээлдэж, заримдаа нулимсаа арчиж, сэтгэлээ дэлгэсэн сайхан мөч байсныг хэлэхгүй өнгөрч чадсангүй.

 

-Сайн уу? Сайнаа. Ажил, амьдрал нь сайн биз дээ. Нэвтрүүлгийнхээ нэрээролон айлын хойморт амралтын өдөр өнждөг байх. Энэ нэвтрүүлгийг анх яаж хийх санаа төрсөн юм бэ?

 

- Сайн байна уу. Та бүхний ажил тавлаг уу. "Сайн уу? Сайнаа” нэвтрүүлгийнхээ нэрээр анх удаа "Үндэстэн” хэмээх сайхан нэртэй сайтын зочин болсондоо баяртай байна. Ажил, амьдрал маань тавлаг сайхан байна. Бидний нэрийн хуудас болсон UBS телевизээрээ овоглоод олон жилийг ардаа үджээ. Би УБИС-ийг 2000 онд төгсөөд UBS телевизд ажилд орсон. Сурвалжлагч болох гээд эхлээд мэдээж мэдээнд хэдэн жил гүйнэ. Овоо туршлагажаад ирэхээрээ парламентийн сурвалжлагч боллоо. Манай телевизийн захирал, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найруулагч Л.Балхжав хүнийг олж харж, таних нүдтэй, нээж өгдөг хүн юм болов уу гэж бодогддог юм. Би өөрийгөө мэдээнд гүйдэг, протоколны үйл явдлаа дагаад нэг хэв маягаар явдаг гэж боддог байлаа. Нэг өдөр Балхаа захирал надад нэвтрүүлэг хийх санал тавьж, миний зам, жимийг "эвдсэн” гэж хэлж болно. Хэзээ ч дуу хуур, урлаг уран сайхны нэвтрүүлэг хөтөлж, хийж байгаагүй би өөрийгөө хөтлөгч болно гэж төсөөлж байсангүй. 2009 онд МУГЖ дуучин Т.Ариунаа гэр бүлийнхээ хамт Сингапурт амьдарч байгаад эх орондоо ирэх гэж байна хэмээн нэлээн шуугиан тарьж байсан үе. Захирал "Ариунааг Монголд ирэхэд нь хамгийн анхны ярилцлагыг нь манай телевиз авмаар байна. Ариунаа гэдэг хүнийг бусдад нээж харуулахын тулд чи ярилцмаар байна” гэсэн. Өмнө нь би "Кофе юу? Цай юу?” зэрэг шууд ярилцлагуудаа хөтөлдөг байсан л даа.

 

Гэхдээ энэ нэвтрүүлэг миний хувьд ихээхэн хүчин чармайлт шаардсан. Т.Ариунаа эгчийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин болсны дараах анхны шууд ярилцлагыг нь би хөтөлж байсан юм. Донж маягийг нь тааруулж, аашийг нь олохгүй бол ярилцахад бас хэцүү юм шиг санагдаж, айж бэргэж байлаа. Нэвтрүүлгийн нэрээ манайхан нэлээн ярилцаж, "Бямба гаригийн ток шоу” гэж өгөхөөр тогтсон. Энэ удаа би зүгээр нэг ярилцаад өнгөрөхөөс илүүтэйгээр бусдад хэрхэн илүү нээж, таниулж, сэтгэлийг нь хөглөж өгөх вэ гэсэн гэгээн хүсэл дотор оволзоод л. Ингэх үү, тэгэх үү хэмээн олон санаа гаргаж, ярилцлагынхаа жанр, дэгийг нэлээн бодож өөрөө өөртэйгөө ярьсан. "Сайн уу? Сайнаа" нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод найман жил тойрчээ. Хамгийн анхны нэвтрүүлгээс л өнөөдрийн дүр төрх нь тогтжээ гэж харж байна. тэр нэвтрүүлгээрээ Т.Ариунаа эгчийг нэгэн фэнтэй нь уулзуулж байлаа. Түүнийг хайрлаж, хүндэтгэдэг хөгжлийн бэрхшээлтэй тэр залуугийн хувьд ч сайхан дурсамж үлдээсэн байх. Тухайн үед манай телевизийн бүтээл "ХХLady” шоуны оролцогч бүсгүйтэй буйдан дээр бүжгийн тулаан хийж, баяртайгаар тас тас инээлдэцгээсэн. Бас нулимс дуслуулж чин үнэнээ хэлсэн, сэтгэлээ дэвсэж үзэгчдийг гэгэлзүүлсэн гэх мэтээр анхны нэвтрүүлгээ эвтэйхэн хийсэн санагддаг. Үнэхээр сайхан нэвтрүүлэг болсон гэж өөр телевизийнхэн баяр хүргэж байлаа. Агуулга, хөтлөлт, сценари гээд тухайн үедээ нэвтрүүлэгтээ шинэ өнгө, төрх болсон талаар ярьж байсан. Нэвтрүүлгээсээ их урам авсан. Дараа дараагийн дугаарыг бас л олны танил хүмүүстэй хийж байсан. Тухайлбал, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Б.Сарантуяа манай нэвтрүүлэгт оролцож "Шинэ жилийн дууны Хатан хаан” хэмээх өргөмжлөлийг хүртэж байлаа. Сараа эгч одоо ч тэр тухайгаа ярих дуртай. "Би хэзээ ч миссийн титэм хүртэнэ гэж бодож байгаагүй” гэж. Үнэхээр л зочин маань шинэ жилийн хамгийн сайхан бөгөөд олон дуутай яалт ч үгүй "Хатан хаан” юм. 


Энэ ток шоугаа сүүлд "Сайн уу? Сайнаа” гэж нэрлэсэн. Захирал "Чи нэвтрүүлгийн хэд хэдэн нэр бодож олоод бичээд ир” гэсэн. Миний жагсаалтыг хараад "Энэ чинь л байхгүй юу” гээд сонгож байсан юм. Тухайн үед бүхэл бүтэн телевизийн контент яагаад ганцхан хүний нэрээр явна гэж хэмээн эсэргүүцэх ч хүн байсан. Магадгүй телевизийн түүхэнд нэвтрүүлгээ өөрийн нэрээр нэрлэж, хүлээн зөвшөөрөх цаг үе биш байсан биз ээ. 

-Би их азтай хүн- 

-"Сайн уу? Сайнаа” ток шоу танай телевизийн 25 жилийн ойгоор хэдэн зочинтой болчихов?

 

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд би 180 орчим зочинтой ярилцжээ. Тэр дундаа цаг үеийн шаардлага, нийгмийн хүлээлт зэргээс шалтгаалан 5 удаа манай нэвтрүүлэгт орсон хүн ч бий. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гуай гурвантаа нэвтрүүлгийн маань хоймрыг чимсэн. Олны хайр хүндлэлийг хүлээсэн, бахдам сайхан амжилт гаргасан эрхмүүд нэвтрүүлэгт маань хэд хэдэн удаа зочилсон ч үзэгчид маань уйдаагүй. Тэд ч улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж ярих, бахдах зүйл ихтэй ирдэг. Нэвтрүүлгийнхээ дундуур сюрприз барьж, зочин урьдаг хэсэг бий. Дуучин, уран бүтээлчид ирж дуу хуураа өргөх зэргээр нэг дугаарт 2-3 зочин урилгаар оролцдог гэхээр нэвтрүүлгийн маань цар хүрээг өргөн болгодог. Би бол "Сайн уу? Сайнаа” нэвтрүүлгийн ердөө нэг л хэсэг нь. Бид том багаар ажилладаг. Нэвтрүүлэг маань Г.Удвал гэж эмэгтэй найруулагчтай учраас донж, хэв маяг сайтай, торгон мэдрэмж өгдөг юм болов уу. Дугаар бүрт 5-6 зураглаач ажиллана. Гэрэлтүүлэгч, инженер, техникийн алба ажиллана. Арын дэлгэцийн өнгө төрхийг тааруулна. Нүүр будагч, тайз засагч, зочин угтах, студийн цэвэр цэмцгэр байдлыг хангах гэх мэтээр 13-15 хүнтэй хамтран "Сайн уу? Сайнаа” нэвтрүүлэг бүтдэг. Манайхан нэг хүн шиг нэгдэн ажиллаж чаддаг, миний ард ийм хүчирхэг баг байдаг болохоор би их азтай хүн. 

-Хүүхдийнхээ багшид загнуулах үе ч гардаг-

-Таныг гадуур явахад хүмүүс сэтгүүлч "Сайн уу? Сайнаа” байна гэж харьцах үе таарч байв уу. Та гэрийн сайн эзэгтэй, гэргий, ээжийн үүргээ амжуулдаг уу. Ажил, амьдралын байр суурь алдагдаж, зөрчигддөг үү?

 

-Хүн амьдралдаа олон дүрийг бүтээдэг байх аа. Би UBS телевизийн хувьд нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч. Гэртээ сайн хань. Хүүхдүүддээ хайртай ээж нь. Эцэг, эхдээ охин, эгч, ах нартаа дүү, хамт олондоо удирдлага, заримдаа найз нөхөр нь болдог. Тэр дүр болгон харилцан хамаарал, уялдаатай байж гэмээ нь өнөөдрийн таны өмнө сууж байгаа Сайнааг авчирсан юм болов уу. Тайзан дээр, дэлгэцээр гарч байхдаа би үзэгчдээ хүндэтгэх ёстой, тэднийгээ чадлынхаа хэрээр соён гэгээрүүлэх үүрэгтэй. Үзэгчдээ баясгах, гэгээрүүлэх, цэнэглэх, урамшуулах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх тал дээр түлхүү ажилладаг тул би баяртайгаар телевиздээ олон жил ажиллаж байна даа. Намайг хүмүүс нэг их таньдаггүй гэж боддог байлаа. Жишээ нь, нөхөртэйгөө хэдэн жилийн өмнө байраа засахаар болоод 100 айл орсон. Авсан материалууд овор ихтэй болохоор нь портер авахаар асуутал "UBS-рүү бол 15 мянгаар явна” гэдэг байгаа. Би тэр үед ичих ч шиг, нөгөө талаар сайхан санагдсан. Манай нөхөр "Миний ханийг хүмүүс андахаа байжээ” гэж хошигнож байлаа.

 

Би гэртээ мэдээж сайн хань байхыг хичээдэг. Гэрийнхээ хаалгаар ороод хүүхдүүдийнхээ хичээл хийлгэх, хувцас хунарыг нь цэвэрлэх, хоол ундаа бэлтгэх, хөргөгчин дэх хүнсэндээ "санаа зовох" гээд бусад эзэгтэй нарын адил л амьдарч байна. Хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд очоод л бусдын адил "жижгэрч” сууна шүү дээ. 

 

-Ажил нь амжилттай яваа таны ард сайн түшиг тулгуур байх шиг байна. Таныг сэтгэл амар ажлаа хийхэд гэр бүлийнхэн тань нэлээн дэмждэг шиг санагдлаа?

-Миний ханийг И.Өлзий гэдэг. Нэг салбарт ажилладаг болохоор бид биенээ дэндүү сайн ойлгодог. Гэлээ гээд шөнө үүрээр 4-5 цаг хүртэл нэвтрүүлгийн монтаж хийгээд суухаар ар гэр хэцүүднэ. Нөхөр хааяа дуугаа хураана. Миний нэвтрүүлгийн хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч маань манай нөхөр. Бусад хүмүүс миний нэвтрүүлгийг үзээд магтан сайшаадаг бол нөхөртэйгөө цуг нэвтрүүлгээ үзэхдээ дотроо айдаг. Гэхдээ шүүмжлэл нь дандаа зөв байдаг. Дараагийн зочин нь хэн бэ, түүнээс ийм асуулт асуугаарай гэнэ. Заримдаа зочныг маань ч шүүмжлэх үе бий.

  Нөхөр хүүхдүүдийн хамт

Би томилолтоор хөдөө, гадаа их явна. Хоёр жилийн өмнө "Улс төрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн төсөл эхэлсэн. Өнөөдөр Хөвсгөлд Сүхбаатар онгоцон дээр хөтлөлтөө хийлээ гэхэд хоёр хоногийн дараа Өмнөговь аймгийн Номгон суманд тэмээн дээрээс нэвтүүлгээ хөтлөх жишээтэй. Гэрээ мартсан Гэсэр шиг явах үед миний хань арын албыг сайн даадаг.

 

-Энэ олон ажлыг чанартай бэлтгэж брэнд болгох, олон давхар ажлын ард яаж гарч байна вэ?

-Ажлаа маш сайн төлөвлөж хийх хэрэгтэй. Тэгвэл ямар ч ажил хурдан урагшилдгийг мэдэрч явна. Хэлсэн амандаа багтах ёстой. Зорьсондоо хүрэх зэрэг нь хувь хүний хүмүүжил, зохион байгуулалттай салшгүй холбоотой. Энэ 7 хоногийн Даваа гарагт би маш их ажилтай, миний хань ар гэртээ анхаараарай гэх ч юм уу. Хэцүү ч гэсэн ажлынхаа төлөвлөгөөг мөрдөөд сурчих хэрэгтэй.

 

-Ингэхэд Сайнаа яаж яваад сэтгүүлч болов. Өнөө цагт бид хүүхдээ тэр мэргэжил зүгээр, цалин өндөр, ажлын байр элбэг, нэр хүндтэй гэх мэтээр мөрөөдлийг нь үл тоон өмнөөс нь шийддэг. Таны хувьд энэ мэргэжлийг сонгосон сонин түүх байгаа байх?

-Би ерөнхийдөө хувь тавиланд итгэдэг. Хүн бурхны зурсан зургаар л явдаг болов уу. Биднийг дунд сургууль төгсөх үед эцэг, эхчүүд төдийлөн хүүхэддээ анхаараад "Чи ийм мэргэжил сонго, тэгж амьдар” гэж шахаад, тулж ажилладаггүй байсан юм шигээ. 1996 онд дунд сургуулиа төгсөхөд багш нар маань ч гэсэн "Сайнбаяраа ийм мэргэжлийг сонговол яаж байна” гэж нэг удаа ч асууж байсангүй. Тухайн үед орчуулагч мэргэжил сайхан санагдлаа. Хэл, устай эмэгтэй хүн маш цэмцгэр, ганган шаавай санагдаад орчуулагчийн ангид элслээ. Гэтэл орой нь том ах элсэлтийн талаар асуулаа. Тэр үед ах Б.Баатартулга маань Хонгор сумын дунд сургуульд багшилж байгаад хойшоо урагшаа наймаанд явж эхэлсэн үе л дээ. Тэгэхээр бас юмны нарийн ширийнийг нэлээд ойлгосон үе нь байх. "Юуны чинь орчуулагч вэ нөхөөр. Өнөөдөр машин барих, хэл сурах хоёр хүний хэрэглээ болсон цаг. Өөр мэргэжил сонго” гэв ээ. Тухайн үед УБИС-ийн ганц багш бэлтгэдэгггүй анги "Утга зохиолын ажилтан, сэтгүүлч”-ийн ангид орохоор Деканд нь үнэн учраа өчлөө. Элсэлт дууссан ч гэсэн тэр үед ямар ч сайн хүнтэй таарсан юм бэ дээ. Тэр дор нь намайг шалгаж "Зам” сэдвээр өгүүлэл бичүүллээ. Замаа нэг хүний амьдралын зам болгон төсөөлөн бичтэл овоо тоосон шүү. Ингэж л сэтгүүлч болохоор оюутны ширээнд суусан түүхтэй. Тэр үед нэгдүгээр курсээс эхлээд л Баасан гариг бүр сонинд дадлага хийдэг байлаа. Жижигхэн мэдээ сонинд гаргачихаад их баярлана. Одоо би ярилцаж байгаа хүмүүсээсээ "Таны бага насанд өнөөдрийн энэ амжилт, ажил мэргэжлийн чиг баримжааг өгч байсан ямар нэг дохио байна уу” гэж асуух дуртай.

 

-Таны хувьд сэтгүүлч болох ямархуу өгөгдөл, дохио ирсэн бэ?

-Намайг багад сонин дээр телевизийн хөтөлбөр гардаг байсан. Оройн мэдээ эхлэнгүүт ажилтай юм шиг суугаад уралдан 18.00 цагаас мэдээ, 18.05 минутаас хүүхэлдэйн кино гэж уншдаг. Алдахаараа бухимддаг. Мэдээ их үзнэ. "Цагийн хүрд”-ийг байнга үздэг хүүхэд байлаа. Энэ бол миний мэргэжлийн өгөгдөл юм болов уу.

 

Их сургуулиа төгсөөд би Япон ресторанд ажилд орлоо. Бусдын адил сургалтын төлбөрөө олох гэж зундаа Япон хоолны газар зөөгч, угаагч, ахлах тогооч, менежер хүртэл хийж явлаа. Хоолны газрын захирал маань " Сургуулиа төгсөөд ирвэл чамайг зохион байгуулагч болгоё” гэсэн. Хонхны баяраа хийгээд гэртээ 2 хоног амраад зоогийн газар луугаа очлоо. Гэтэл ээж араас давхиад ороод ирлээ. "Чамайг би хоолны газарт ажиллуулах гэж сэхээтэн болгоогүй. Дагаад яв” гэсэн. Ээж 2000 оны намар намайг дагуулан UBS-ийн хаалгаар орж Уран бүтээл эрхэлсэн захирал Ж.Баяртай /СГЗ найруулагч/ уулзсан. Тухайн үед уран сайхны удирдагч байсан Ж.Баяр дарга "Манайх дадлага хийлгэдэггүй. Идэвхтэн редактор гэж л бий. Чи хийж чадах бол өөрийгөө харуул” гэсэн. Ингээд би гурван жил идэвхтэн редактор хийж дараа нь мэдээний албанд сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Хүн өмнөө "Би хийх ёстой” гэж зориод бодсон ажлаа сэтгэлээсээ чинээнд нь тултал хийх юм бол амжилт аандаа ирдэг. Одоо манай гэрээр дүүрэн телевизийнхэн байна.

 

 

"Сайн уу? Сайнаа"-гийн ард UBS телевизийн хүчирхэг баг байдаг

Би эцэг, эхээс зургуулаа. Аав маань төмөр замд олон жил галт тэрэгний машинистаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ц.Батсүх гэж хүн бий. Ээж маань бүжигчин учраас эрт тэтгэвэрт суусан. Гэсэн ч дараа нь Төмөр замын Депод краны машинистаар ажиллах болсон. Аавын жолооддог илчит тэргийг засдаг хүн нь манай ээж байлаа. Тиймээс би ээж, ааваараа их бахархдаг. Найман хүүхэд төрүүлээд зургаа нь эцэг, эхээ баясгаад явж байна. Би айлын бага охин. Ээж, аав маань "Зургаан хүүхдийн хамгийн баг нь 40 нас шүргэх гэж явна. Хүн зөв явбал эцэг, эх нь баярлаж, ачийг нь хариуллаа гэсэн үг. Амьдрал сайхан байна шүү хүүхдүүдээ” гэж хэлэхэд нь сэтгэл амраад л явчихсан.


"Байна уу ээжээ”-г сонсоод асгартал уйллаа. Тэрнээс хойш "ээж” гэсэн дуудлага ирэнгүүт утсаа гялс авахыг хичээдэг

 

-Олон ажлын заваар ээждээ очиж үнсүүлдэг үү. Та ээждээ сайн охин нь байж чадаж байна уу?

-Олон ах, эгчтэй хүн дэглүүлнэ ч, зовооно ч. Би бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Цэнгээнт бүжгийн хамтлагт явахаар үдэш бэлтгэлээ хийж оройтно. Гэхдээ манай аав, ээж хоёр сэтгэл зовоочлоо гэж ярьдаггүй шдээ. Би эцэг, эхдээ энэрэлтэй охин хэдий ч эгчийнхээ дайнд хүрэх болоогүй. Миний эгч ижийн энэтэй эгч гэдэг шиг сайхан хүн бий. Манай гэрийн ерөнхий зохион байгуулагч. Миний эгч Б.Сарангэрэл Боловсрол телевизд менежерээр ажилладаг. Биднийг хүмүүс их адилхан гэдэг.

 

Өнгөрсөн зун манайхан гэр бүлээрээ хөдөө амарч яваад машиндаа "Guys666” хамтлагийн дуучин Мийгаагийн "Байна уу? Ээжээ”-г сонсоод би асгартал уйллаа. Тэрнээс хойш "ээж” гэсэн дуудлага ирэнгүүт утсаа гялс авна. Аав, ээжээ асрамжлан, халамжлахыг хичээж яваа ч өнгөрсөн бүхнээ бодож би өөрийгөө чамладаг. Гэхдээ 40 нас руу дөхөж байгаа хэрнээ би эцэг, эхтэйгээ энх тунх хамт амьдарч байгаадаа бурханд талархаад баршгүй. /Сайнаа хэсэг чимээгүй болоод нүд дүүрэн цийлэлзэх нулимсаа аньсагтаа шингээхийг хичээн байвч цалгин гарав/ Манай телевизд над шиг хэдэн уяхан нөхөд бий. Манайхан биднийг "Утсан хөгжмийн ангийнхан” гэж нэрлэдэг юм.

 

 Бид эцэг, эхээс зургуулаа

 

Ээж, аав маань хүүхдүүдээрээ, охиноороо бахархаад ярьж байхыг нь сонсоод дотроо их баярладаг. Миний дөрвөн ах, нэг эгч маань бүгд л өв тэгш сайхан амьдарч байгаа нь аав, ээжийн маань л буян юм. Одоо бид 1-2-ын зэрэг хүүхэд төрүүлж өсгөх гэж яаж байгаа билээ. Зургаан хүүхдээр хүн хийнэ гэдэг бас том ухаан, их хөдөлмөр юм даа. Ээж маань 70 гарсан ч Ахмадын чуулгад одоо ч гэсэн бүжиглэж, гадаадад явж тоглолт хийж байна. Би настай хүн гэж гэртээ суусангүй. Урлагаар, бүжгээр дамжуулан монголоо сурталчилан, хүмүүст сэтгэлийн цэнгэл өгч байна. Би ч гэсэн ээжийн охин, тэднийхээ үргэлжлэл нь учраас бас амьдралд хүн талархаж, бахархаж, сэтгэлийн таашаал авч, дэрвэж, дэвэрч, хөглөгдөж яваасай гэж хүсдэг. Тэр сэтгэлийн утас маань магадгүй үзэгчдэд "Сайн уу? Сайнаа” болж хүрдэг болов уу. Өнөөгийн нийгэмд хангалттай бараан зүйл байна. Тиймээс үзэгчдээ жаахан ч гэсэн гэгээрүүлж, үндэстнээрээ бахархаж, аливааг сайхнаар нь мэдрэг гэж би "Сайн уу? Сайнаа” нэвтрүүлгээ бүтээдэг.

 

Нэг өдөр нөхөр маань "Миний хань ганган даашинз өмсөөд лаг тайзан дээр сүрхий алдартантай сууж ярилцаад л. Үнэхээр гоё л доо. Гэхдээ цаана чинь хэцүү амьдрал их байна” гээд авсан дүрсээ үзүүлж ихэд эмзэглэж билээ. Сэтгүүл зүй бол олон үүрэгтэй. Цагтаа би ч гэсэн тэр бараан сэдвийг хөндөж, хүнд хэцүү газраар явж мэдээ, сурвалжлага бэлтгэж л байсан. Одоо би хөтлөгчийнхөө зэрэгцээ "TV ZONE MEDIA” компаний Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Миний ажлыг зарим хүн "Сайн уу? Сайнаа”-гаар л хардаг ч би сэтгүүлээрээ дамжуулан нийгмийг гэгээрүүлэх, мэдээлэх, эрэн сурвалжлах үүргээ биелүүлдэг. Манай сэтгүүл гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан болохоор хийх зүйл их байдаг.

 

- Ухаангүй ноёнд ургашгүй албат гэдэг шиг зарим байгууллагыг харж байхад хямрал нэрээр олон хүнийг ажилгүй болгож, хэдэн дарга нар нь ахиухан мөнгө авах гэж эрмэлзэх юм. Зах зээлийн хямралын нөлөө танайд тусав уу?

-"TV ZONE” сэтгүүл маань 2008 оны 3 сарын 1-нд анхны дугаараа гаргаж 7 хоног тутмын сэтгүүлийн анхдагч байсан бол одоо салбартаа манайх л ажиллаж байна. Манай сэтгүүл нийгмийн шалгарал, сорилтыг давж, тэсч үлдсэн нь UBS телевизийн удирдлагууд, хүчирхэг баг, мундаг хамт олны маань зүтгэл юм. Тиймээс манай сэтгүүл аж ахуйн тооцоотой болж өнгөрсөн долдугаар сарын 1-нээс телевизээсээ өрх тусгаарлан охин компани хэлбэрт шилжлээ гэдэг маань ажлын байраа хадгаллаа гэсэн үг. Миний ажлын нэг хэсэг энэ юм. 10 гаруй хүнийг ажлын байртай болгож, 6000 орчим захиалагчтай сэтгүүлийг бид зах зээл хэцүү байна, хямрал гэж ярьж хаах эрх байхгүй. Нэг булангаа өөрчлөн эсвэл алгасахад уншигчид утасдаж шаардлага тавьдаг болохоор манай сэтгүүлийнхэн ажиллаад байхаас өөр аргагүй. UBS хэмээх дэргэдээ Сургалтын төвтэй, FM радиотой, салбарласан "Өлзий”, "Форчун Глобал” гэсэн телевизтэй өнөр өтгөн "айл”-ын хамгийн отгон нь манай редакци. Бид тэдэн шигээ л гялалзах ёстой. Ингээд цогцоор нь харахаар 25 жилийн ойтойгоо золгож байгаа UBS телевиз маань ямар том айл, мундаг хамт олны нэгдэл болоо вэ гэж бодогддог юм. 

TV ZONE-ийнхон

 

Ямар ч хүн манай гал тогоонд орж ирсэн өөрийн байгууллагын соёлыг сургаж, өөрийн болгож хүмүүжүүлдэг. Энэ л манай хамт олны үнэ цэнэ. Дээр нь мэргэжилдээ гаргууд байх. Монгол үндэстнийхээ өв соёлыг дээдлэх, уламжлалаа сэргээх, нэг үндэстэн гэсэн эв нэгдлийг хадгалахад манай телевиз багагүй үүрэг гүйцэтгэж байгаа гэж би хувьдаа бодож, ажлаараа, хамт олноороо бахархдаг юм. Танай цахим хуудас ч гэсэн "Үндэстэн” гэсэн нэртэй, монгол орны өнцөг булан бүрт хүрч үндэснийхээ хэмжээнд хэрэгцээт мэдээллийг түгээн өөрийн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

 

Бид нэг салбарын хамт олон. Энэ утгаараа монгол үндэстнээ соён гэгээрүүлж, монгол соёл, өв уламжлалаа дээдлэхийг өнөөгийн залууст таниулж, хэрэгтэй мэдээллээр цаг тухай бүрт уншигчдыг хангаж манлайлж яваарай. Ирэх жил сэтгүүлийн маань 10 жилийн ой тохионо. Бид өнөө, маргаашийн бэрхшээлийг харж хямрал ярьж ажилчдаа цомхон болгож, ажлаа багасгахаас илүүтэй нэг ч гэсэн хүнийг ажилтай, нэг ч гэсэн өрхийг орлоготой сэтгэл тэнүүн байлгах тэр замыг зассаар байх болно. Цэнхэр гаригийн улс, үндэстэн бүр аз жаргалтай амьдрах гэж мэрийдэг, яавал иргэд нь сэтгэл тэнүүн, өөдрөг, аз жаргалтай амьдрах вэ хэмээн тэмүүлдэг, магадгүй заримынх нь хувьд энэ нь мөрөөдөл байж болох юм. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр аз жаргалын индексээр уралдаж байгаагаас үүнийг харж болно. Монголчууд, Монгол үндэстнүүд эвтэй байхдаа хүчтэй, сайхан нэвтрүүлэг үзээд сэтгэл амарч, "Сайн уу” гэж бие биентэйгээ мэндэлж байгаасай. www.undesten.mn гэсэн цахим хуудсаар зочлон миний ярилцлагыг уншсан бүх хүмүүст эрүүл энх, сайн сайхныг хүсье. 

Ярилцсан Д.МЯГМАР



 

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • mkkkiqw
  • 2017/09/22 15:47
Добрый день!
Помощь в оформлении физическим лицам и сотрудникам фирм карт клиента metro в сеть гипермаркетов Metro CASH and CARRY.
http://metro-ccc.ru
Законно по договору сделаем на физических лиц и сотрудников организаций карты клиента метро в сеть торговых центров МЕТРО КЕШ ЭНД КЭРРИ:карточка метро обязательно с вашей фотографией(делается в самом магазине в вашем присутствии),с личным номером,штрих - кодом,магнитной полосой, названием фирмы, от которой вы будете нами зарегистрированы. Вы можете проводить с собой 2-х человек. Карточки metro оформляются: на граждан РФ и иностранцев.Оформление производится без предварительной оплаты, то есть вначале мы оформляем вас,вы получаете карточки metro, потом оплачиваете. Оплата производится в течение одного рабочего дня после оформления через Сбербанк России ,торговые центры МЕТРО Кэш энд Керри работают круглосуточно.Срок действия карты клиента metro три года, по истечении этого срока договор перезаключается по взаимному согласию сторон.Для оказания этой услуги мы находим юридические лица, у которых есть свободные места в этих немецких тц,и заключаем с ними соответствующие юридические договора, по которым учреждения обязуются предоставить вам право пользоваться их местами в этих немецких супермаркетах сроком на три года. Оформление производятся в разных супермаркетах МETRO CASH AND CARRY, по выбору юридических лиц в соответствии с их территориальным месторасположением. Получив карты клиента metro в одном из торговых центров Metro cash&Carry вы можете ей пользоваться в любых других магазинах этой сети супермаркетов METRO C&C в России и за границей.
P.S.
ПОЖАЛУЙСТА, НЕ ОТВЕЧАЙТЕ НА ЭТО ПИСЬМО, ДЛЯ ЗАКАЗА КАРТ-КЛИЕНТА ИСПОЛЬЗУЙТЕ контакт-форму с сайта.
ВАШ ЗАКАЗ БУДЕТ ПРИНЯТ И ОБРАБОТАН В ТЕЧЕНИЕ РАБОЧЕГО ДНЯ.
ИСПОЛНЕНИЕ ЗАКАЗА 5-7 РАБОЧИХ ДНЕЙ.
ПОЛУЧЕНИЕ В ГОРОДАХ:Adygea,Arkhangelsk,Астрахань,Barnayl,Брянск,Белгород,Vladimir,Volgograd
,Voljskii,Vologda,Voronezh,Воронежская область,Ekaterinburg,Иваново,Ижевск,Иркутск,Казань,Kaliningrad,Калуга,Кемерово,
Киров,Kopeisk,Krasnodar,Krasnojarsk,Kursk,Lipeck,Магнитогорск,Moskva,Moskovskaj
a oblast,Набережные Челны,Nijnii Novgorod,Nizhny Tagil,Novokuznetsk,Novorossiysk,Новосибирск,Омск,Orenburg,Orel,Penza,Perm,Pjati
gorsk,Ростов-на-Дону,Rjazan,Samara,Sankt-Peterbyrg,Саратов,Серпухов,Смоленск,Ст
аврополь,Sterlitamak,Syrgyt,Tver,Togliatti,Tomsk,Тула,Tyumen,Yljanovsk,Уфа,Чебо
ксары,Chelyabinsk,Ярославль,Севастополь,Simferopol.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?