Зөв Монгол хүн болох их мөрөөдөлтэй хүү

1709 2017/10/13 2

Сайхан амьдрах санааных: 

 Эгэл, боргил амьдралаас урган гарсан нэгэн мөчир өнөөдөр нахиалах гээд өндийж ядна. Эхийн хайрыг амсаж амжилгүй хөгжлийн бэрхшээлтэй аавтайгаа үлдсэн жаалыг хэтдээ сургуулийнхаа бахархалт хөвгүүн болно чинээ хэн мэдэх билээ.  Түүнийг Батбаатарын Буд хэмээнэ. "Гурван "буд” давхацсан өдөр учир жанцантай төрлөө” хэмээн түүний аавын ээж буюу эмээ Самдангийн Муж ихэд билэгшээн ийн нэрийдсэн гэдэг. Эмээ нь тэр цагт түүний чихэнд гурвантаа "Буд” хэмээн шивнэж ачийнхаа ирээдүйг ихэд сайхнаар төсөөлөн бодож баяссан биз ээ. Өнөөдөр Будын буурал эмээ тэнгэрийн орноос ач хүүгээ харан баярлан, бурхан тэнгэрт залбирч сууж мэдэх юм. Эр өсч, эсгий сунажээ. Ядарсан амьдралтай энэ хүү өнөөдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн нэрийг дүүрэг, нийслэл, Улсдаа мандуулж явна. Тэр 11 дүгээр ангийн сурагч болжээ. Төрөлхийн шазруун, хүнд бэрх амьдралыг туулж шөрмөслөг болсон хүү багаасаа л жудо бөхөөр хичээллэж багш, дасгалжуулагч нартаа овоо тоогдож яваа нь түүний их хичээл зүтгэл, аав, ах, дүү нарынх нь дэмжлэг байх аа. 

 

 

      Бага ангид байхад нь нэгэн багш  юм л бол түүнийг адлан "хэцүү хүүхэд” хэмээн цоллож сургуулиас нь гаргах гэж хөөцөлдсөн удаа бий. "Энэ сахилгагүй хүүхэд. Хүний хүүхэд алж ч мэдэх юм. Аав нь хэл амгүй хэцүү учраас хүүхэддээ анхаарах биш. Сургуулиас бушуухан гаргамаар байна” гэж эрүүдэж байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Буд хүү эхийн хайраар дутаагүй юм билээ. Аавынхаа дүү М.Дагий эгчийгээ "Ээж” хэмээн эрхлэн хормойдож, заримдаа туниж, элдэв зүйл нэхэж айлгана. "Буд тэглээ. Буд ингэлээ” гэх үгс өнөөх өөнтөгч багшаас ээж Дагийд байнга хаяглагдана. Тэр бүрт халамжит ээж нь "Багш хүн байж ядарсан хүүг маань ад үзээд яахнав дээ. Хэлгүй аавтайгаа өсч байгаа нэг ч гэсэн хүүхдийг сургуульд хамруулж бичиг, үсэгтэй зөв хүн болгоё гэж боддоггүй улс уу” хэмээн өмөөрнө. Хүйтэн байшинд даарах үе бий. Хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй олон шөнийг аавтайгаа өнгрүүлсэн энэ мэриймтгий хүү өнөөдөр чөлөөт бөхөөр хичээллэн, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаан 73 дугаар сургуулийн тэргүүний сурагчдын эгнээнд багтжээ.

Хүний хайр гэж ийм агуу юм байна. Эцэг, эх, найз нөхөд, анги хамт олон,  үе тэнгийн найзуудын инээмсэглэл, урмын үг, багахан дэмжлэгээр тэрхүү өнөөдөр ирээдүйд тэмүүлэх их хүсэл, зорилготой, зөв чиг хандлагатай болжээ.

          Хэр баргийн хүү 30 орчим км-ийн алсаас -40 хэмийн хүйтнийг сөрөн хичээлдээ явж, долоо хоногийн зургаан өдөр чөлөөт бөхийн дугуйландаа очиж "ноцолдоно”. Амьдралд торох болохгүй бүхнийг сөрөн өдий зэрэгт хүрэх мэдээж амаргүй байх шүү. Гэрийнхээ хажууд шахам сургуультай хүүхдүүд хичээл таслаад, хоцрох нь энүүхэнд. Харин Будад амьдралыг сөрөх их ухаан бий. Аавынхаа 250 мянган төгрөгийн группийн мөнгөөр тэд амьдралаа болгоод л явна.    

Анх бөхийн спортыг сонирхож хичээллэх болсон тухайгаа тэр, "Миний үеэл ах М.Цогбаяр бөхөөр хичээллэж байгаа. Ахынхаа бэлтгэлийн зааланд хүрээд ир гэсэн. Очлоо. Хөлс нь гарсан барилдаж, ноцолдсон ах нар байсан. Дараа нь Спортын төв ордонд болж байгаа тэмцээнийг нь үзээд агаа шигээ бөх болбол сайхан юм байна гэж бодсон. Тэр цагаас хойш 73 дугаар сургуулийнхаа бөхийн дугуйланд 3 дугаар ангиасаа явж, дасгалжуулагч багш Дандартаа овоо тоогдож байгаа /инээв/. Багшийнхаа "Харганат цамхаг” бөхийн дэвжээнд ах нар, найзуудтайгаа бэлтгэл хийхэд тун сайхан байдаг. Бөх гэж явсаар би нэг л өдөр юугаар ч солихгүй хамт олонтой болсон. Аавын дайтай хандах Дандар багш маань ямагт намайг дэмждэг. Манай багш, дасгалжуулагч, ангийн багш, сургуулийн захирал гээд бүгд л надад сайн ханддаг болсон маань миний хичээл зүтгэлийг үнэлж байгаа бас нэг шагнал гэж дотроо боддог юм.

 

 Тэмцээнд ороод медальтай ирэхэд "Манай Буд мундаг шүү. Баяр хүргэе, Чамаар бид бахархаж байна” гэхэд л би баярлана. Ээж маань "Миний хүү чинь мундаг шүү” гээд л цалингаа илүүчлээд л бэлтгэлийн хувцас хэрэглэл авч өгдөг юм. Олон хүний хайрыг хүртэхээр "Нарыг тэвэрсэн мэт сэтгэл таатай болдог”. ОХУ руу дөрвөн ч удаа тэмцээнд явж 3 медальтай ирсэн. 2017 онд болсон Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 58 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. Тэгээд л Баянгол дүүргийн Шилдэг тамирчин хүүхэд болсон байх. 2016 онд 8 тэмцээнд орж өөрийгөө шалгаж, улам сайжруулж амжилтаар хөлс хүчээ баталгаажуулж байгаа.  

 


 2018 онд болох Хүүхдийн олимпод оролцох чин хүсэл, санаатайгаар бэлтгэлээ хийж байна. Түүний наана нь Улсын аваргад ялаад Азийн аваргад явах мөрөөдөл бий. Хүн өмнөө том зорилготой байхаар ямар ч саад бэрхшээлийг давж, завгүй сайхан байдаг юм байна. Манай гэр хэдийгээр хотоос 30 км зайтай Баянзүрхийн товчооны цаана, Туул зөрлөгт байдаг ч гэсэн би хэзээ ч шантраагүй. Магадгүй бэлтгэл, сургуулилт их хийж, ах нараасаа сурсан олон зүйл миний амьдралд дэмжлэг болж байгаа байх. Хамгийн хэцүү үе гэвэл гадагшаа тэмцээнд явах болохоор зардлаа өөрсдөө гаргах нь. Аавын группын мөнгө хаана нь ч хүрэхгүй. Тиймээс миний хүсэл, мөрөөдлийг ойлгож намайг тэмцээн, уралдаанд ороход зардлыг маань даадаг ивээн тэтгэгчтэй болох юмсан гэж би мөрөөддөг. Тэгвэл би зөвхөн бэлтгэлээ хийгээд, өөр санаа зовох зүйлгүй сайхан болно” хэмээн хүү мөрөөдлөө бидэнд ярьсан юм.

 

  Б.Буд хүүгийн хүсэл, мөрөөдөл түүнийг зөв Монгол хүн болоход чиглэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй аавынхаа хамтаар амьдралын бүх л хүнд бэрхийг сөрөн өнөөдөр Б.Буд хүү Баянгол дүүргийнхээ бахархалт, шилдэг тамирчин хүү, эрүүл, зөв Монгол хүү болжээ.  Зөв, эрүүл монгол хүний төлөө, ялангуяа амьдралын нугачаанд бүдэрчихгүйг хичээн яваа энэ хүүг жаахан л дэмжээд өгчих юмсан. 

Д.Мягмар 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2017/10/13 15:19
bagsh nar aguu ulsuud baih estoi hyyhdiin toloo getel surguuligui bolgoh gej oroldoj baijee , yamar muuhai hymyys bagsh hiij bainaa,,,tor, niigmiin ajiltanguud gej manuuhainuud yuch hiihgui umaa, iim hymyysee l harj uzeh estoi bizdee. Mundag hyyhed baina. zov hyyhed bolloodoo ooriinhoo hycheer amjilt hysie
  • Monhtulga
  • 2017/10/14 09:20
Minii huu Budad huurai aaviih ni zugees 100000 togrog moroodliih ni amjiltand od bolooroi gej belegley Ta buhen tuslaarai

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?