Ирэх сард нүүрсний үнэ буурна гэв

499 2017/11/15 0

 

 Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг гэр хорооллын айл өрх эзэлдэг. Тэд өвөлжилтийн бэлтгэлээ аль хэдий нь хангачихсан болов уу. Ихэнх айл өрх өвөлдөө нүүрс түлдэг. Тэгвэл энэ хэрэгцээг Налайх, Багануураас хангаж байна.Өвлийн улирал ирж, жиндүүхэн байдаг энэ үед нүүрс түлээний үнэ нэмэгдэх нь бий. Тиймээс л хүйтрэхээс өмнө буюу намар цагт түшээ бэлтгэдэг. Гэвч бөөнд нь түлээ, нүүрсээ аваад байх боломжгүй айл өрхүүд ч гэр хороололд олон бий. Тиймээс өнөөдөр нүүрс, түлээ ямар үнэ ханштай байгааг тодруулахаар "Цайз” захыг зорилоо.

Захуудад худалдаалагдаж буй түлээ, нүүрсний үнэ ойролцоо байх ба хүргэлтээс шалтгаалж 5-10 мянган төгрөгөөр нэмэгдэж, хасагдаж байлаа. Мөн бөөн авсан тохиолдол "сайн ярина” гэв.

Цайз захад:

1. Портерын үндсэн тэвштэй нүүрс 200 мянган төгрөг

2. Портерын үндсэн тэвшээс их нүүрс 260-280 мянган төгрөг

3. Том шуудай нүүрс 3000 төгрөг

4. Жижиг шуудай нүүрс 1600 төгрөг

5. Том шуудай түлээ 3500 төгрөг

6. Жижиг шуудай түлээ 1500 төгрөгийн үнэтэй байна.

 

Нүүрс дотроо шаталт сайтай, асалт удаантай, тортогтой, тортоггүй гэх мэтээр олон янзаар ялгажээ.Гэхдээ дийлэнх нь Налайх болон Багануур нүүрс байв. Цайз захад Алагтолгой нүүрс хараахан ирээгүй байна. Багануурын нүүрс тортог ихтэйгээс гадна олборлолтын зардал Налайхын нүүрснэс хоёр дахин бага байдаг гэнэ. Арванхоёрдугаар сар гарахаар нүүрсний үнэ буурдаг гэдгийг ченжүүд хэлж байна. Харин цагаан сарын үеэр бага зэрэг нэмэгддэг юм байна.

Портертой нүүрс 10-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн

 Ингээд Цайз зах дээр нүүрс түлээ зардаг Г.Ганаатай ярилцлаа.

-Борлуулалт хэр байна вэ. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авалт бага байна гэж ярих юм?

-Иргэдийн худалдан авалт таруу байна шүү. Хүмүүс орой ажлаа тараад харих замдаа нэг, хоёр шуудай нүүрс, мод аваад явж байна.

-Шуудай нүүрс ямар үнэтэй зарагдаж байгаа вэ?

Шуудайтай нүүрсний үнэ нэмэгдээгүй. Өнгөрсөн жил 3000 төгрөгөөр зарагдаж байсан. Энэ жил гэсэн 3000 төгрөгөөр л зарагдаж байна. Жижиг шуудайтай нүүрс 1600 төгрөгөөр худалдаалж байна. Харин портертой нүүрсний үнэ бага зэрэг нэмэгдсэн. Шуудайгаар нүүрс зарж байгаа бидний хувьд нэг их нэмээд ашиг олоод байгаа зүйл байхгүй л байна.

-Портертой нүүрс яагаад нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн жил бодвол портертой нүүрсний үнэ харьцангуй өсч ирсэн. Яагаад гэхээр уурхайгаас үнэтэй гарч байгаа. Бид ашгаа бодож 5-10 мянган төгрөг л нэмж зардаг. Нэг ковш нүүрс 5-10 мянган төгрөг нэмэгдсэн. Тиймээс бид ашгаа нэмэхээс өөр аргагүй болсон. Налайхын уурхай хоршоогоор ажиллаж байгаа учраас 5-8 цаг оочирлож орж байна. Энэ жилээс налайхад хувь хүний уурхайг ажлуулахгүй байгаа. Одоо налайхын нүүрсийг портерын үндсэн тэвшээр 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин тэвшнээс их болоод ихээр 270-280 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

-Иргэд портер нүүрс авч байна уу. Эсвэл шуудайгаар зөөгөөд байна уу?

-Янз бүр л байна. Зарим нь шуудайгаар авч байхад зарим нь портероор авах нь бий. Одоо манай иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хүмүүс дайрахгүйн тул их, бага хэмжээгээр авч л байна. Ер нь бол шуудайгаар авснаас портероор авсан арай арвин л даа.

-Шаталт сайтай, асалт удаантай, тортог гардаг гээд л нүүрсийг янз бүрээр ангилж, үнэ ханш нь ч өөр байх юм. Иргэд ямар нүүрсийг ихээр авч байна вэ?

-Иргэдийн хувьд налайхын нүүрсийг арай илүү авдаг. Өдөрт нүүрс нэг их зарагдахгүй байгаа. Хүмүүс орой ажлаа тараад харих замдаа нүүрс модоо аваад явдаг. Одоогоор машинаар нь нүүрс авдаг хүн ховордоод байна. 

 

Б.Гансүх:Үнэтэй байна гээд яах вэ дээ хөлдөж үхэлтэй нь биш

 

 

Цайз зах дээр түлээ, нүүрс худалдаж буй ченжүүдээс гадна худалдан авагчид ч олон байлаа. Тэдний нэг Баянзүрх дүүргийн иргэн Б.Гансүхтэй ярилцлаа.

-Хүйтэн өвөл болох шинжтэй. Танайх хаанахын нүүрс авч түлдэг вэ. Энэ жил түлшний үнэ ханш хэр байна вэ?

-Нүүрсний үнэ нэмэгджээ. Налайхын портертой нүүрс 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил 160 мянган төгрөгийн үнэтэй байсан. Баганнуурын нүүрс арай хямд юм. Даанч Багануурын нүүрс авахаар тортог их, асалт муу байдаг юм. Налайхын нүүрс чанартай л даа. Үнийг нь судлаад явж байна. Үнэтэй байна гээд яах вэ дээ хөлдөж үхэлтэй нь биш.

-Нэг өвөл хэдэн машин нүүрс түлж байна вэ?

-Нэг портер нүүрсийг хоёр сар гаруйн хугацаанд түлнэ. Ерөнхий дөө дөрвөн сар хүртэл бараг гурван портер нүүрс түлчих байх. Мод үнэтэй шүү дээ. Модоо шуудайгаар аваад нүүрсээ машинаар авах санаатай явж байна. Одоо хүйтрэхээр улам нэмэгдэх байх. Нэмэгдэхээс өмнө нэг машин нүүрс авна даа.

-Та цайз захаас бусад захын үнийг судлаж үзсэн үү?

-Өчигдөр Дэнжийн мянга, 32 буудал зэрэг газруудаар нүүрсний үнэ сонирхсон үнэтэй байна лээ. Цайз захыг арай хямд байх болов уу гэж бодоод ирсэн. Тэгсэн үнийн хувьд ялгаагүй байна.

Н.Алтанцэцэг


 


 

 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?