Аяга будааны төлбөр

5612 2017/11/24 3

 

    "Монголд амьдрал хүнд байна” гэдэг шалтгаанаар залуус гадны орныг зорьсоор л байна. Энэ дүрвэлт хэзээ ч дуусахгүй мэт ... Гэвч залуусын "үлгэрийн төсөөлөл” бодит байдал дээр шал өөр гэдгийг очсон хойноо л ухаардаг биз. Нэгэнтээ зориод очсон болохоор хүнд хүчир байсан ч шүд зуухаас аргагүй. Тэгээд л Монголд голоод хийдэггүй байсан хар, бор бүхий л ажлыг хийж, зүтгэх нь бий. Шалтгаан мэдээж амьдралаа дээшлүүлэх. Ядаж ганц машин, орон сууцны мөнгө хийгээд буцахыг л хүснэ. Энэ зовлонг Монгол хүн бүр мэддэг болжээ. 

  Арай боломжтой нь Америк, Австралийг зорьж, боломж тааруу нь хүнээс хүүтэй мөнгө зээлж БНСУ-ыг зорьж байна. Хүүтэй мөнгө зээлчихсэн учраас хил давахаасаа өмнө бөөн дарамтанд орчихсон байдаг. Хэрвээ очсон газар нь ажил олдохгүй бол олдсон ч цалин нь анх төсөөлж байснаас бага байвал яах вэ... гээд цуцах, шантрах шалтгаан их л дээ. Эрчүүдийн хувьд хийх ажил нь хүнд ч гэсэн цалин ахиу болохоор зориод очсон хойно даваад л гардаг жамтай. Харин бүсгүйчүүдэд зовлон их бий. Цалин хангамж муу, ажил бага гээд олон шалтгаануудаас гадна элдэв дарамтан дунд амьдардаг. Үүний нэг нь бэлгийн дарамт. Аль ч улсад очсон ялгаагүй. Эр хүйстэн байгаа л учраас өдөж, хоргоох явдал байсаар л байдаг.

  Тэр тусмаа БНСУ-д байгаа охид, бүсгүйчүүд энэ төрлийн дарамтанд маш ихээр өртөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Эхнэр хүүхдээсээ хол, олон жил болсон, хайр халамжаар дутсан Монгол залуусаас гадна, Солонгос өвгөчүүд өдөж, хоргоох нь их байдаг байна. Энэ өдөлтөд монгол бүсгүйчүүдийн ихэнх нь бүдэрчихээд байгаа нь харамсалтай.

Урхи

  Хүний газар сайхан хандаж байгаа нэгэнд хажиглаад, уурлаад байх хэцүү. Хоол авч өгвөл иднэ. Зурвас илгээвэл хариу бичнэ. Гэвч энэ бүгд төлбөртэй. Хэзээ нэг өдөр төлбөрөө нэхэх үед л бүсгүйчүүд яах учраа олохгүй, тэнгэр хол газар хатуу гэгч болдог байх.

Уг нь амьдрал ахуйгаа сайжруулах ганц л зорилгоор үр хүүхэд, гэр бүлээ орхин байж хүний нутагт ирсэн. Гэвч "сайн хүн юм даа” гэж бодож явсан нэгэн нь өөрийг нь ашиглах зорилго өвөртөлж байсныг мэдэх үед л "яах гэж энд ирэв дээ” гэж боддог байж магадгүй юм. Хэцүү л дээ. Гэхдээ Монгол бүсгүйчүүд хүний урхинд тийм ч амар орчихгүй. Гэвч урхидах аргаа аль хэдий нь олчихгүй яах вэ дээ, тэр "сайн хүмүүс”.

 

 

  Сошиал хөгжсөн энэ цаг үед ноцтой хоёр, гуравхан зурвас бичээд үүгээрээ дамжуулан яаж дарамтлахаа тэнд амьдарч байгаа монгол залуус байтугай солонгос өвгөчүүд сайн мэдэж байгаа. "Ганцаардаж байна уу”, "Гэр бүлээ санаж байгаа биз дээ...”, "Хүү/охин нь ярьж байна уу” гэсэн зурвасаас бүх зүйл эхэлж. "Дотно харилцааг хүсч байна уу” гэх зурвас хүртэл бүгдийг нь хадгалж аваад гэр бүл, нөхөр рүү чинь явуулна гэж дарамталсаар урхиндаа оруулна. 

Баян хүн

  Ямар ч Монгол бүсгүй зүгээр нэг солонгос өвгөнтэй харилцаа тогтоохгүй л дээ. Муугаар бодоход өөрийн гэсэн үйлдвэртэй, биднийхээр бол баян нэгэнтэй харилцаа үүсгэж магадгүй. Харин яаж вэ гэдгийг дор дурдана. Мөнгөтэй, чадалтай хүн гэдэг биднийхээр өөрийн гэсэн үйлдвэртэй, олон хүн удирддаг, том жийп унадаг байх ёстой аж. Гэвч Солонгост энэ асуудал шал өөр. Хааш хаашаа таван метр газартай, түүн дээрээ гоймон чанаж зардаг жижигхэн гуанзтай байхад л тэр хүн баянд тооцогдоно. Үнэндээ Солонгосын газрын үнэлгээ өндөр юм л даа. Тэгээд иймхэн газар эзэмшдэг байхад харийн нутагт царайчилж яваа хүмүүс саятан, тэрбумтан мэт л харагдана биз дээ. Гэхдээ баян харагдах бас учир бий. 

Монгол Монголоо худалдаж байна

  Тэднийг баян, мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн болгож харагдуулахад Монголчууд маш их үүрэг гүйцэтгэнэ. Өмнө нь солонгост оччихсон, аль эсвэл солонгос хүнтэй гэр бүл болчихсон хүүхнүүд гуанзны өвгөнд зуучлагч хийнэ. Тун амархан. "Найз нь ажил олж өгье”, "Сайхан ааштай, баян өвгөн бий”, "Миний найз ажилтай болчихвол амар шүү дээ” гэх мэтээр л яриа анх эхэлнэ биз дээ. Гэвч цаана нь аль эрт "энэ бүсгүйтэй танилцуулаад өгөөч” гэсэн хорон яриа өрнөчихсөн байдгийг хэн нь ч анзаараагүй. Ингээд л Монгол Монголоо худалдах үйл ажиллагаанд оролцож байна. Нэгэнтээ танилцаад авчихсан хойно дараагийн үйл ажиллагааг өвгөн өөрөө гарган зохион байгуулж, хавх, урхи тавьж эхэлдэг. Ийм л хөгийн амьдрал Солонгост өрнөж байгаа тухай олон бүсгүй бичиж, сэтгэлээ уудлаж байна. Тэдний хэн нь ч үүнийг хүсээгүй. Цалин өндөр улсад гүрийж байгаад 10 жил ажиллачихвал бусдын адил орон сууцанд хөл жийж, элэг бүтэн амьдрах юм даа гэж л хүч ирсэн. Гэвч бодит байдал эсрэгээр эргэхийг тэд яаж мэдэх билээ. 

Одоо яах вэ?

 

  Хуулийн байгууллагад хандаж, энэ зүй бус явдлын талаар мэдээлэл өгөх ямар ч боломжгүй. Энэ тохиолдолд өөрийгөө л хорлоно гэсэн үг. Тиймээс дуугүй өнгөрүүлэх, эсвэл зугтаж, өөр газар руу нүүх. Хэрвээ хэл мэдэхгүй, газар мэдэхгүй бол ганцхан байгаа танилтайгаа ойлголцохоос л аргагүй хүрдэг байх. Энэ үед л аяга будаагаар дайлсан харь хүн зорьсондоо хүрч чадсандаа бахдалтай нь аргагүй инээж суух болов уу.

 

 Монголд амьдрал хэцүү байгаа. Гэвч тэнд амьдрал бүр ч хэцүү байна. Бүх эмэгтэйчүүдэд ийм зовлон тохиолдохгүй байх л даа. Сайн хамаатан, сайн найз нөхөд нь ажиллаж амьдраад, тэдэндээ туслаад явж байгаа нь бий. Гэвч бор зүрхээрээ "үлгэрийн төсөөлөл”-дөө хэт автан очсон цөөнгүй эмэгтэй энэ зовлонг биеэрээ мэдэрч, аргаа барахдаа бидэнд хандсан нь энэ биз. Одоо яах ёстой вэ. Хэдийг хүртэл Чингисийн гэх овогтой охид минь аяга будааны төлбөрт унаж, доромжлуулж явах ёстой юм бэ. 

Амар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
  • алимаа
  • 2017/11/24 12:16
тэгээд монголд хүн шиг амьдарч болохоор цалин өгөөдхөөч
  • irgen
  • 2017/11/26 18:44
Alimaa tegeed ene zavaan amdralaaraa yavaach dee, teneg l bish bol hench eh orondoo saihan amdrah bolomjtoi, oorsdoo l hicheehgui arhi uudag, nair naadam l hiij suudag bizdee, Hynii nutagt hiisen mongo ch ugui ezest ni ovchinii yyr bolson hymyys ih baidag um baina lee shdee solongost
  • zochin
  • 2017/12/03 12:16
mgld baga ch gsn sanaa amar amidrach bga ene amidraliig golood bvl ter gadad ruugaa ybh hergtei shuu dee kkk
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?