Дарханыхан хордсоор байх уу?

1910 2017/12/05 0

Энэ сарын 1-ний өдрөөс Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн зарим ажилтан угаарын хийд хордсон шинж тэмдэгтэйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Харин хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо нэмэгджээ.

Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтэс, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцах үеэр мэдээлэл өгсөн юм. Тус үйлдвэрт Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.

Хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа. Харин 20 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа бол гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээлсэн.Урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй, химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирусийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгэж байна.

 

Утаагаар амьсгалсан ажилчид бие гэнэт муудав

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг "өндөр” эрсдэлийн зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхижлийн горимд шилжин ажиллаж байгаа аж. Мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг хордлогын голомтод ажилласан дүгнэлтээр урьд өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй химийн хүнд хэлбэрийн металлын хордлогын хам шинж хэмээн оношлоод буй. Энэхүү хавсарсан хүнд хэлбэрийн металлын хордлогын оношийг бүрэн баталгаажуулахаар улсын лабораторид шинжилж байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан ажилчид гэнэт их хэмжээний угаарын хий байж болзошгүй утаа гарч эхэлмэгц, цонх хаалгаа онгойлгож, утааг гадагшлуулжээ. Харин хийн утаагаар амьсгалсан ажилчид нэг өдрийн дараагаас гэнэт өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, амьсгал бачуурах зэрэг хордлогын шинж тэмдгүүд хүчтэй илэрснээр эмнэлэгт хандаж эхэлсэн аж.

 

С.Юндэн:Хүнд металлын хордлого учраас удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай

Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С.Юндэн газар дээр нь очиж ажилласан. Ажлын хэсгийн ахлагч түүнээс бид нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр "Дархан-Уул аймгийн цутгуурын цех, зуухны цех ган бүлгийн цех гэсэн газруудад 27-ноос 28-нд шилжих шөнө их хэмжээний утаа уур маягийн зүйл ихээр гарсан. Түүний улмаас тухайн үедээ хордлогын шинж тэмдэггүй байж байгаад 28-наас30-ны өдөр ээлжинд гарсан ажилчдаас хордлогын шинж тэмдэг илэрсэн. Тэдгээр ажилчид их хэмжээгээр халуурч, амьсгалын замын цочмог хэлбэрийн гуурсан хоолойн үрэвсэл, мөн тархины хаван, гэдэсний базлалт гүйлгэлт илэрсэн. Ийм хордлогын шинж тэмдэг бүх ажилчнаас илэрсэн. Үүний дагуу ЭМЯ-наас томилогдсон эмчилгээний ажлын хэсэг гарсан. Хордлого болон халдвар судлалын багаас бүрдсэн ажлын хэсэг очиж ажиллаад ирлээ. Бид тэнд очиж ажиллаад, химийн хордлого уу, эсвэл гэдэсний халдвар уу гэдгийг тогтоохын тулд бүх төрлийн шинжилгээ авсан. Хүнд металлын хордлого учраас удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай. Иймээс яг бүрэн эмчлэгдээд гарсан хүн байхгүй байна”гэв.

 Одоогоос хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд, мал амьтан мөнгөн усанд хордож байсан билээ. Харин одоо Төмөрлөгийн үйлдвэрийн иргэд Хүнд металлын хордлогод ороод байна. Энэ аймгийн иргэд хордсоор байх уу?

Н.Алтанцэцэг

                                                                                                                                               

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?