М.Жаргалмаа: Бид Европын зах зээл дээр бараа бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой

1146 2017/12/07 0

 

 "Төмөр трейд” компанийн захирал, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн  үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаатай ярилцлаа.  

-Монголын хувцас үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал ямархуу түвшинд байгаа гэж та үзэж байна вэ? 

-Манай улсын хувьд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин өндөр хөгжилтэй орны хэмжээнд хүрээгүй ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ салбарт чамлахааргүй олон ажлууд хийгдсэн гэж үзэж байна. Дэлхийн ихэнхи улс орнуудад оёдлын болон хувцас үйлдвэрлэлийн салбар стратегийн ач холбогдолтой чухал салбар байдаг. Бид энэ талаар өнгөрсөн 26 жилийн ярьж, хэлж, тэмцэж ирлээ. Мэдээж дотоодын хувцас үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах ажил бага ч гэсэн хийгдэж байгаа. Төр засгаас хувийн хэвшлийнхнийгээ  сайн дэмжмээр байна. Тэгэхгүй бол бид өөрсдөө үйлдвэрлэгч биш үргэлж хэрэглэгч байсаар байх болно.      

-Манай үндэсний үйлдвэрлэгчид тодруулбал хувцас үйлдвэрлэгчид маань бүтээгдхүүнийхээ түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хувцас үйлдвэрлэнэ гэдэг өөрөө их нарийн төвөгтэй процесс байдаг. Жирийн нэг биеийн тамирын хувцас хийнэ гэхэд маш олон янзын түүхий эд материал ордог. Харамсалтай нь өнөөдөр манай улс   хувцас үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг 100 хувь гаднаас оруулж ирж байна. Гаднаас гэдэг нь БНХАУ-аас гэсэн үг. Өөрөөр хэлбэл ихэнх хувцас үйлдвэрлэгчид маань түүхий эдээ урд хөршөөс оруулж ирж тэднээс 100 хувь хараат байдалд байна.  

-Монголын зах зээл дээр Хятадад үйлдвэрлэсэн хувцас дийлэнх хэсгийг эзэлдэг юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

-Өнөөдөр Монголын хүн амын дийлэнх нь Хятадад үйлдвэрлэгдсэн  хувцас өмсөж байна. Ноос ноолуурын салбар ч мөн адил ийм байдалтай байгаа. Бас манай ноос ноолууран бүтээгдэхүүн болон бидний хийсэн хувцасийг хятадууд  дууриалгаж  хийгээд оруулж ирдэг. Үүн дээр хил гаалийн байгууллага сайн ажиллаж өгмөөр байна.  Миний л мэдэхийн ийм байдал 26 жилийн турш үргэлжилж байна. Бид аргаа бараад мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлж байсан. Тус албаныхан маань өнгөрсөн жил том арга хэмжээ авч, урд хөршөөс орж ирсэн сурагчийн дүрэмт хувцасыг газар дээр нь хураан авсан. Гэхдээ энэ нь түр зуурын арга хэмжээ болохоос   энэ асуудлыг  бүрэн дүүрэн шийдвэрлэсэн гэсэн үг биш. 

-Гадаад зах зээлийн хувьд ямархуу  боломж байна вэ?

-Оёдлын салбарынхний хувьд  Хятадад төчнөөн бараа бүтээгдэхүүн гаргасан гэсэн тоо баримт байхгүй. Бараг гаргадаг ч үгүй байх. Харин Европын зах зээл дээр бид бараа бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой. Гэхдээ өнөөдрийн хувьд оёдлын салбарынхнаас Европын орнуудтай гэрээ хийчихсэн, бараа бүтээгдэхүүн экспортлочихсон зүйл байхгүй байна. Цаашдаа энэ талаар бодлого барьж ажиллах ёстой.       

-Оёдлын салбарын боловсон хүчин сүүлийн жилүүдэд багасч байна гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Өнөөдөр манай оёдлын салбарынхний тэндер гэхэд 60 тэрбум төгрөгний тендер урд хөршөөс хийгдчихээд ороод ирдэг. Энэ талаар бид сая хэлэлцэж төр засагтаа дуу хоолойгоо хүргэлээ. Өмнө нь бол бид багш нартай адилхан гараад тэмцэхтэйгээ л байсан. Үүний үр дүнд тендерийг эх орондоо явуулах үүд хаалгийг нээчихээд байна. Урьд нь бол тендер ч байхгүй улсууд чинь юугаа хийх вэ?  Үнэхээр хүнд байсан. Саяхан л гэхэд  урд хөршид манай оёдолчид Монгол мөнгөөр 1 сая 500 мянган төгрөгний цалинтай ажиллахаар явлаа. Эрээн  Хөх-Хот, Өмнөд Солонгост  маш олон тооны Монгол охидууд оёдолчноор ажиллаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэд бид өөрсдийнхөө баялаг бүтээгчдийг гадагшаа алдаад эхэлчихлээ  гэсэн үг юм.     

-Өнөөдөр манай улс сурагчийн дүрэмт хувцсаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа юу?

-2013, 2014 онуудад манай улс сурагчийн дүрэмт хувцсаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн. Би өөрөө энэ төслийн төлөө маш их явсан. Тухайн үеийн Засгийн газар ч их дэмжсэн. Харамсалтай нь энэ бизнес өөрөө их эрсдэлтэй байдаг. Багш нар болон бусад бизнес эрхлэгчид энэ тал маш их эх оронч бус сэтгэлээр ханддаг гэж хэлж болно.  Тэд өөрсдөө Хятадаас чанар муутай сурагчийн дүрэмт хувцас оруулж ирдэг. Өнөөдөр буцаад бүх юм хуучин хэвэндээ орчихсон явж байна.  

-Танайх Пёнчаны өвлийн Олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын хувцасыг хийх гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярина уу? 

-Тийм. Манай компани  удахгүй болох Пёнчаны өвлийн Олимпод оролцох тамирчдын хувцасыг хийхээр болсон. Бид үүнд маш их баяртай байгаа. Үнэндээ тийм том арга хэмжээнд оролцох тамирчдын хувцасыг хийнэ гэдэг маш том үүрэг хариуцлага.  Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манай тамирчид анх удаа өвлийн Олимпод үндэснийхээ компаний хийсэн хувцасыг өмсөж оролцоно гэсэн үг юм. Энэ үүднээсээ бид үүнд маш их ач холбогдол өгч, бас баярлаж байгаа. 

-Цаашдаа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?                               

-Бид төр засгаас үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж өгөөч гэж л хүсэх байна. Манай холбооныхний хувьд гэвэл бидэнд хийе бүтээе гэсэн сэтгэл байна уу гэвэл байна. Харин үүнд төрийн дэмжлэг их чухал. Түүнээс биш бид хэчнээн хичээж чармайгаад төр засаг үндэсний үйлдвэрлэгчид болон дотоодын зах зээлээ хамгаалахгүй юм бол ямар ч ашиг гарахгүй. Тийм болохоор тэгж л хэлье дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Ж.Батдорж 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?