Я.Цэлмэн: Сонголтдоо эргэлзсэн ч төрөлх сургуульдаа ажиллахаар шийдсэн

902 2018/01/11 0

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхмийн ахлах багш, цагдаагийн ахмад Я.Цэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн 2017 оны "Тэргүүний багш”-аар шалгарчээ.

-Залуу эрдэмтэн, багш нарт үлгэр дуурайл болж, "Тэргүүний багш”-аар шалгарсан танд баяр хүргэе. Уг нэр хүндтэй шагналын эзнээр шалгарахад таны ажлын арга барил нөлөөлсөн биз ээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Энэхүү шагнал нь гэр бүл, сургууль, тэнхимийн хамт олон, багш, шавь нарын маань хамтын хөдөлмөрийн үр дүн гэж би боддог.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимээс сонсогчдод гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг түлхүү заадаг. Энэ хүрээнд сургалтыг практиктай уялдуулах чиглэлийн ажлуудыг зохион байгуулдаг юм. Тэнхим, хамт олноороо улсын мөрдөн байцаах алба болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа мөрдөх ажиллагааны чиглэлийн практик байгууллагуудтай хамтран ажилладаг.

Манайх цаг үргэлж төгсөгчдийнхөө практикт хэр үр бүтээлтэй ажиллаж байгаад дүгнэлт хийж, судалдаг. Цагдаагийн сургуулийн олон мянган төгсөгчид цагдаагийн газар, хэлтсүүдийн шилдэгээр шалгарч, ажил мэргэжлээрээ бусдыг манлайлж явааг нь харах багш бидэнд сайхан байдаг.

Улсын мөрдөн байцаах албанаас жил бүр зохион явуулдаг "Шилдэг мөрдөгч” тэмцээнийг Цагдаагийн сургууль хамтран зохион байгуулж ирсэн. Уг тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд манай тэнхимийн багш нар оролцон ажилладаг л даа. Тэмцээний явцад сургалтаа хэрхэн чанаржуулах, бидний сургалтын сул эсвэл давуу тал нь юу вэ гэдэгт дүгнэлт хийхийг эрмэлздэг.Цагдаагийн сургуульд элсэн суралцагчид цагдаагийн аль нэг төрөл мэргэжлийн алба хаагч болно гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Би ч гэсэн тэдгээр суралцагчдын нэг байсан. Тиймээс мөрдөгчийн чиглэлээр түлхүү мэргэших хүсэлтэй суралцагчдыг сонгон бэлтгэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрч клуб байгуулж байлаа.

Би мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Хууль сахиулахын их сургуульд 2012 онд багшаар томилогдсон. Тухайн үед харьяалагдах тэнхимдээ мөрдөн байцаагч болох сонирхолтой сонсогчдыг бэлтгэх зорилготойгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр "Хууль сахиулагч” нэртэй клуб байгуулсан. Анх 45 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус клуб жил бүр шинэ элсэгч сонгон шалгаруулж клубын гишүүнээр элсүүлэн суралцагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагаануудыг төлөвлөгөөний дагуу зохион явуулдаг."Хууль сахиулагч” клуб нь суралцагчдыг ирээдүйн хууль сахиулагч, мөрдөгчөөр мэргэшүүлэхэд илүүтэй анхаарч ажилладаг юм.Манай сургууль, тэнхимийн удирдлага, багш, алба хаагчид уг клубын үйл ажиллагааг ихээхэн дэмжиж тусалдагт баярлаж явдаг. 2016 онд тус клуб нь гавьяат хуульч, хүндэт чекист, ХСИС-ийн анхны хүндэт доктор, хошууч генерал Д.Сандаг-Очир гуайн нэрэмжит болсон нь тус клубын гишүүн болон бидэнд их урам зориг өгсөн шүү.

-Суралцагчдыг мөрдөгчдийн чиглэлээр мэргэшүүлэх, төгсөөд практикт хэр үр бүтээлтэй ажиллаж байгаад нь хяналт тавих гээд та үргэлж шавь нартайгаа холбоотой байдаг бололтой. Багш хүний хувьд юуг эрхэмлэдэг вэ?

-Хувь хүний төлөвшил, хүн чанар хамгаас чухал. Хичнээн сайхан хуульч, хууль сахиулагч байлаа ч харилцаа, зан чанар, төлөвшлийн хувьд бусдын итгэлийг алдах нь ийм мэргэжилтэй хүнд зохимжгүй. Бид сургалтын явцад хууль сахиулагчдын төлөвшилд ихээхэн анхаардаг. Үүний нэг нь Цагдаагийн сургуулийн хэмжээнд зохион явагддаг "Амьдрах сайхан” сэдэвт лекц юм. Түмэн олонд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн үйлсээрээ тэргүүлсэн эрхэмүүдийг урьж лекц, уулзалт зохион байгуулдаг.

Сургуулиа төгсөөд хүнтэй тулж ажиллах учраас төлөвшил чухал гэдгийг багш нар бидэнд үргэлж хэлж, сануулдаг байсан. Харин одоо би шавь нартаа энэ үгийг хэлдэг юм.Учир нь анх мөрдөн байцаагчаар ажиллаж буй алба хаагчдын ажлын амжилтад хүрнэ гэсэн хүсэл эрмэлзлэлд нь харьцааны алдаа төвөгтэй байдал үүсгэх тохиолдлууд бишгүй гардаг.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхож болох уу?

-Би багш хүн. Иймд үргэлж өөрийгөө хөгжүүлж, өөртөө шинэчлэл хийж байх ёстой гэж боддог. Миний хувьд ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн докторантурын сургалтын танхимын хичээлээ дүүргээд одоо хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд багшаараа удирдуулан судалгааны ажлаа хийж байна. Мөн Хууль сахиулахын удирдлагын академийн Захиргааны удирдлагын магистрын ангид суралцаж байгаа. Үүний хажуугаар өдрийн ажлаа төлөвлөж, тэр дагуу ажиллахыг хичээдэг.

Н.Алт


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?