Агаарын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

540 2018/01/11 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд өмнө нь бид зарим гишүүдийн хэлсэн үгийг түүвэрлэн хүргэсэн бол одоо хуралдааны ерөнхий мэдээллийг хүргэж байна.

Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д "төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасанд үндэслэн хэлэлцэж буй төсөл дэх хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох саналыг УИХ-ын гишүүд гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэх тухай төсөлд тусгах саналыг Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Мөн агаарын бохирдуулсын төлбөрөөс иргэнийг чөлөөлөх зохицуулалт тусгасан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон агаарын бохирдлын эсрэг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан юм.

Утааг бууруулах, арилгах чиглэлээр олон төрлийн ажил хийж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, үүний дээр агаарын бохирдлыг бууруулах, арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тусгай санг татан буулгаснаар энэ чиглэлийн ажлуудыг санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн. Иймд Агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тайлбарлав. Нийслэл болон суурин газруудад үүсээд буй агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд үүсгэж байгаа тул үүн дээр тодорхой шийдлийг ойрын хугацаанд хийхээс өөр гарцгүй байгааг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 98 дугаар тогтоолоор "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийг салбар, салбарын мэргэжилтнүүд боловсруулж батлуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Тэрээр "Утааг шийдэх олон гарц, технологийг судалж үзсэн. Харин хөрөнгө санхүү, бүтээн байгуулалт, хугацааны асуудал үүсч байгаа, үүний зэрэгцээ эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа" гэв. Түүнчлэн иргэд хууль журмыг мөрддөггүй, төр засгаас гаргасан бодлогын баримт бичгүүдийг хаа хаанаа хэрэгжүүлдэггүйгээс төвлөрөл, агаар, орчны бохирдол өнөөдрийн төвшинд хүрч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөх хэмжээнд асуудлууд үүссэн гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлсэн юм.

Ипотекийн зээл болон бага орлоготой иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах хөтөлбөрийн явц, байдлын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 250 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ч ердөө 13 хувь нь зээлийн шаардлага хангаж байгаа аж. Иймд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны м.кв-ын үнэ 2 сая орчим төгрөг байгаа бол иргэд м.кв нь 1.2 сая ба түүнээс бага өртөгтэй байгаа тохиолдолд худалдан авах боломжтой талаар судалгаа байгаа. Үүийн зэрэгцээ нийслэлийн 100 мянга гаруй өрх эзэмшил газартаа тохижилт хийгээд амьдрах сонирхолтой байгаа гэдэг судалгаа, мэдээллийг холбогдох газруудаас ирүүлсэн гэлээ. Иймд эдгээр иргэдийн сонирхол, зорилгыг ч гэсэн ипотекийн зээл олгохдоо анхаарах шаардлага үүсч байгаа гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн. Нийт ипотекийн зээлийн 18.1 хувийг орон нутагт олгосон бөгөөд 2019 онд Сангийн яам уг асуудлыг хариуцан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг тэрээр хэллээ. Улаанбаатар хотын төвлрөлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Баянхошуу”, "Сэлбэ” зэрэг 8 дэд төвийг 2015-2020 оны хооронд байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүд хэрэгжүүлж байгааг нийслэлийн удирдлагуудын зүгээс танилцуулав.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?