Г.Хажидмаа: Иргэдийн төлөөлөл эмэгтэй гишүүдийг он дамжин гуйсан

1051 2018/01/12 1

 

Бид нийслэлийн утааны тухай ярьж олон жилийг ардаа үдлээ. Төр засаг солигдоод ч төдийлөн өөрчлөлт гардаггүй энэ асуудалд төрийн болон төрийн бус олон байгууллага янз бүрийн санаачлагуудыг хэлэлцэж, хэрэгжүүлж байна. Тэдгээрээс өнөөдөр бид эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг ТББ-ын тэргүүн Г.Хажидмаатай уулзаж, иргэдийн төлөөллөөс санаачлан утааны эсрэг хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцсанаа хүргэе.

 

-Юун түрүүнд байгууллагынхаа талаар товч танилцуулаач. Ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага яагаад утааны асуудалд оролцох болов?

-Манай "Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ нь бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, тэр тусмаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн утааны асуудал жилээс жилд дамжин яригдаж, улсаас хэдэн тэрбумаар нь мөнгө үрж байгаа ч утаа нэмэгдсээр л байна. Тиймээс манай байгуллага Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй хамтарч утааны хэлэлцүүлэг хийх санал гаргаж хамтарч хийсэн.

-Яагаад зөвхөн эмэгтэй гишүүдэд хандсан юм бэ?

-Эмэгтэй гишүүд нийгмийн асуудал дээр илүү анхаарч ажиллах ёстой гэж үзсэн болохоор, тэд иргэдийн дуу хоолойг илүүтэй төрд хүргэх байх гэж бодсон учраас бид ингэж сонгосон юм. Харамсалтай нь эмэгтэй гишүүдийг он дамжин гуйсны эцэст Цогзолмаа гишүүн, З.Нарантуяа гишүүн бидэнтэй холбогдож хэлэлцүүлэгт ганцхан Ц.Цогзолмаа гишүүн л оролцсон.

-Бусад гишүүдтэй нь холбогдож чадсангүй юу, холбогдсон ч ямар нэгэн шалтаг хэлэх юм уу?

-Бид таван гишүүнээс хариу авсан. М.Оюунчимэг гишүүн бол "за” гэж хэлээд алга болсон. Харин Ц.Гарамжав гишүүнтэй уулзах цагаасаа хоцроод бид орж чадаагүй. Ерөнхийдөө Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, З.Нарантуяа нараас бусад нь биднийг хүн гэж тоогоогүй.

-Хэлэлцүүлэгт гишүүдээс өөр ямар хүмүүс оролцсон бэ? Хэр үр дүн өгнө гэж бодож байна?

-Хэлэлцүүлэгт Ц.Цогзолмаа гишүүний туслах нь нийслэлээс утааны асуудал хариуцсан хүмүүсийг оролцуулахаар холбогдох гэсэн ч хүмүүс нь утсаа авахгүй байна гэсэн. Мөн бусад эмэгтэй гишүүдэд хэлсэн боловч ирээгүй юм билээ. Тиймээс бид хотын даргын утсыг олоод захидал явуулсан. Тухайн үед ордонд засгийн газрын хуралдаантай байсан тул "Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газар”-ын дарга Ч.Батбилэг, "Агаарын бохирдлыг бууруулах газар”-ын дарга /үүрэг гүцэтгэгч / нарыг ирүүлсэн. Бид он дамжин гуйсны эцэст Ц.Цогзолмаа гишүүн ийнхүү бидэнтэй уулзаж, ордонд В заал гаргаж өгч хэлэлцүүлэг хийсэн юм. Холбогдох албаныхнаас бусад нь гэвэл бид "Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын хүмүүстэй холбогдож төлөөллөөс нь оролцуулсан. Мөн манай байгууллагаас гадна дүүрэг бүрээс иргэдийн төлөөл оролцсон байгаа.

-Ц.Цогзолмаа гишүүн бусад шиүүдийнхээ нүүрийг тахлаж дээ.

-Гэхдээ уулзсан болоо боллоо гэсэн шиг тарамдсан юм болсон. Ц.Цогзолмаа гишүүн орж ирээд шууд л ярьж байгаад, таван иргэний асуултад хариу өгөөд л гараад явсан. Ч.Батбилэг нь баахан гоё юм ярьж байгаад бас гарсан. Бид бол Засгийн газрын байгуулсан ажлын албанд орж хяналт тавих зорилготой, хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм.

-Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд яагаад утааны асуудалд оролцох болов? Эмэгтэйчүүдийнхээ бизнесийг дэмжих боломжтой, утааны эсрэг ямар нэгэн санаачлага байгаа юм болов уу?

-Жижиг, дунд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд нэг ёсондоо утаан дунд дуугүй сууж тэвчихээ больсон гэж ойлгож болно. Бид утааг эсэргүүцэж байна. Түүнээс биш эмэгтэйчүүдийн бизнес үүнтэй холбоогүй. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ажлыг орхигдуулалгүй хийнэ.

-Хэлэлцүүлгийн эцэст та бүхэн ямар шийдэл нь утаанаас ангижруулах боломжтой гэж үзсэн бэ?

-Нэн тэргүүний шийдэл бол зуух дахин тараах биш, цахилгаан халаагуур тарааж цахилгаанын үнийг тэгэлсэн цагийг уртасгах. Харин дараа нь хот тэлэх, хотоос том захуудыг гаргах, орон сууцжуулах гээд хийх сэтгэл нь байвал утаанаас маш хурдан ангижрах арга зам олон байна.

-Тэгвэл утаатай тэмцэхийн тулд цаашид ямар ажлууд хийх гэж байна вэ?

-Бид дахин Нийслэлийн тамгийн газартай хамтран иргэдийн төлөөллийг оролцуулан дахин хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна. Мөн цахилгаан халаагуур хийдэг компани болон иргэдээс саналыг нь авч байгаад цахилгаан халаагуурын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд айлуудаар орж танилцуулах ажил хийнэ. Шөнө хуримтлуулсан дулаанаа өдөр нь гаргадаг цахилгаан халаагуур гэсэн үг. Бидний зүгээс утааг багасгах биш утааг арилгах гэсэн уриа гаргаж, Засгийн газар утааг багасгах биш утааг арилгах гэдэг дээр анхаарч ажилла гэж хэлж өгсөн байгаа.

-Нийслэлийнхнээс өмнөх хэлэлцүүлэгт оролцсон гээд та бүхний саналыг хүлээж авах болов уу?

-Утаа бол нийслэлийн нэн тэргүүний тулгамдсан асуудал учраас бид Нийслэлийн захиргааны байгууллага дээр нь хэлэлцүүлгээ хийх гэж байгаа юм. УИХ гэлтгүй нийслэл өөрөө асуудлаа шийдэх хэмжээний том газар болохоор бид нийсэлд дахин хийхээр шийдсэн. Тэгээд ч ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт нийслэлээс оролцох ёстой хүмүүс дутуу байсан юм. Асуудал хариуцсан дарга нар нь утааны асуудлаар туршлага судлаад маш их гадаад явдаг юм билээ. Тэдэнтэй хэлэлцэх шаардлагатай байна. Холбогдох яамдын төлөөллийг ч оролцуулахаар төлөвлөж байна.

-Эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэж байна. Хэрэв энэ хууль нь батлагдчихвал дотоодын бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт болон үнэ имортынхоос давуу байж чадах болов уу?

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хатуу бодлого барьж, үндэсний үйлдвэр нь үнийн дүн дээрээ уян хатан байх хэрэгтэй л дээ. Гаднаас авчрах биш дотоод нөөц бололцоог хангаж дэмждэг төр монголд агаар ус мэт хэрэгтэй байна.

-Зуух үнэгүй тараана гэсэн учраас цахилгаан халаагуураа иргэдэд үнэгүй тараах ёстой байх?

-Зуухныхаа оронд цахилгаан халаагуур тараах нь хамгийн зөв шийдэл, ямар ч тэнэг хүнд ойлгомжтой. Яагаад заавал зуух тараах гээд байгаа нь тодорхой. Мөнгө л идэх гэж ийм олон жил утаатайгаа байж байна. Утааг арилгах боломж байсаар байхад албаар утаа гаргадаг зуух тарааж утаа үйлдвэрдэх гээд байгаа биз дээ. Нэгт, утаа их бол пийшин тараах бизнес бий болно. Хоёрт, эрүүл мэндийн салбарт бас том бизнес болж байгаа.

-Цахилгаан халаагуур гэхээр цахилгааны үнийн асуудал яригдах нь мэдээж. Хэдээс хэдэн цагийн хугацаанд үнэ тэглэвэл тохиромжтой вэ? Та бүхэн судалгаа хийж үзэв үү?

-Мэдээж хийсэн. Бид нийт 300 орчим айл өрхөөс асууж судалсан байгаа. Тэгэхээр цахилгааныг орой хүмүүс гэртээ хариад гал түлдэг тэр цаг буюу 17:00 цагаас хойш өглөө 09:00 цаг хүртэл үнээс чөлөөлөх нь тохиромжтой. Эсвэл 100 хувь тэглэсэн ч боломжгүй зүйл байхгүй. Мөн хэрэглээний хязгаарыг дахиад нэмж өгөхгүй бол иргэд илүү гарсан төлбөрийнхөө 50 хувийг төлөх боломжгүй болж, улмаар эргээд нүүрс, зуухаа сонгоход хүрч байна. Ер нь өглөө, оройдоо гал түлэхгүй байхад хотын утаа 50 хувь багасна. Тэгээд ойрын гурван жилийн зорилт тавиад хот тэлэх болон орон сууцжуулах гэх мэт олон ажил хийж болно. Бид одоо цахилгаан халаагуур дээр үү, гал түлдэг пийшин, зуух нь дээр үү гэсэн судалгаа хийж байгаа.

-Одоо хүмүүс утааг шүүмжилсээр сүүлдээ дасан зохицож эхэллээ. Энэ сэдвээр хэлж ярьж байгаа хүмүүсийг ч тоохоо байлаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоо, хүч, нөлөө дутаад байх шиг. Энэ талаар таны бодол?

-Иргэд хөдлөхгүй байгаа нь үнэн. Ээж, аавуудын төлөөлөл цуглаан хийдэг ч цахим орчинд шуугиад өнгөрөхөөс биш, тэр жагсаалд нь очоод зогсох хүн нь ховор.

-Ер нь хүмүүс утааг хэдэн төгрөг олох арга болсон. Утааны эсрэг дуугарах хүн бүрийг бизнес хийх нь гэж хардах аястай болж. Энэ талаар байр сууриа илэрхийлээч.

-Төрийн түшээд хийнэ гэсэн бол хийдэг байх ёстой. Гэвч тэдэнд ёс зүй гэж алга. Гишүүн болохын тулд бүх сайхан үгсээ бараад дараа нь амласанаа, хэлсэнээ, хийхээ мартдаг. Үеийн үед үргэлжилж байгаа энэ байдлыг болиулж, тэднийг өөрсдөөсөө ичдэг ёс зүйтэй болгох л хэрэгтэй байна. Төр төрөө хянах нь одоо өнгөрсөн асуудал. Тэгэхээр иргэд төрөө хянадаг болох хэрэгтэй. Энэ дагуу бид наанадаж сүүлийн жил утаанд хэдэн төгрөг зарцуулсан, юу юунд ашигласан гэдгийг иргэд мэдэх ёстой гэдэг үүднээс тэр мэдээллийг авах хүсэлт тавина.

Харин бидний тухайд гэвэл өөрсдийн хийж байгаа бүхнээ нээлттэй байлгаж, хийнэ гэснээ хийж харуулна. Бид иргэдийн итгэл үнэмшил дээр тоглолт хийх хүмүүс биш. Түүнчлэн эргээд УИХ-ын гишүүдэд шаардлага тавьж чаддаг болох байх. Бид бол хувь нийлүүлж өрх толгойлсон эмэгтэйчүүд хамтран бизнес эрхэлж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа энгийн иргэд. Тэндээсээ санхүүжилтээ гаргаж нийгмийн аль ч чиглэлд ажилладаг. Манай ТББ-аар дамжуулаад хэн ч биднийг яаж ажиллаж байгааг харж болно, нээлттэй. Учир нь бид хэний ч халаасны хүн биш.

-Тулгамдсан асуудлаар ярилцаж санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Утааг багасгах бус арилгах үйлсэд тань амжилт хүсье.

-Ард түмэн ч бас бидний зорисон ажлыг ойлгож, дэмжиж, хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

Я.Хулан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Нэргүй
  • 2018/01/14 13:02
энэ хэцүү хүн шүү. аль болох хол байгаарай
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?