Э.Амарсанаа: Олон хүнийг ажлын байраар хангахын төлөө ажиллаж байна

3809 2018/01/12 0

  Сайхан амьдрах санааных: 

Сайн материалаар, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог энэ залууг Э.Амарсанаа гэдэг. Тэрээр Сүхбаатар дүүрэгт оршин суудаг. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх гээд хувиараа "Универсаль тавилга"-ын ХХК-нийг үүсгэнэ  байгуулаад ажиллаж байгаа энэ залуутай ярилцлаа.

-Хувиараа тавилга захиалгаар хийдэг гэж байна. Энэхүү ажлаа хэзээнээс хийж эхэлсэн талаар яриагаа эхэлье?

-Би анх 2005 оноос гал тогооны тавилга болон бусад төрлийн тавилга хийж эхэлсэн. Тавилгаа захиалгаар хийдэг байсан. Энэхүү захиалгын ажил бага багаар өсөн дэвжсээр "Универсаль тавилга"-ын үйлдвэр болж өргөжсөн юм.

-Жижиг цехээс том үйлдвэр болтлоо өргөжсөн байна шүү дээ. Одоогоор хэдэн хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна вэ?

Одоогоор долоон хүнийг ажлын байраар хангаж байна. Захиалгаар маш олон зүйлийг хийдэг. Айлын гэрийн тавилгаас гадна албан байгууллага, эмийн сан, банк, архивын сав, зочид буудлын ор, ширээ сандал гэх мэт зүйлүүдийг захиалгаар хийдэг. Жилээс жилд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ахиад олон хүнийг ажлын байраар хангахыг зорьж байна.

 Чанартай, баталгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас үйлчлүүлэгчид ам сайтай байдаг

 


-Иргэдээс захиалга хэр их ирж байна? Ачаалалтай үе их байдаг биз?

-Жилийн дөрвөн улирал болон 365 хоногт ерөнхийдөө захиалга адилхан байдаг. Бид ажлын зургаан өдөр ажиллаж нэг өдөр амардаг. Өөрсдийнхөө хүчин чадалд тааруулаад ажилладаг. Манайх олон жил үйл ажиллагаа явуулсан учраас харилцагч сайтай. Бид зах зээлийн үнээр чанартай, баталгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас үйлчлүүлэгчид ам сайтай байдаг.

-Одоо өдөр бүр юмны хэв загвар өөрчлөгдөж байна. Танай тавилгын загвар дизайнерыг хэн гаргадаг вэ. Тусгай загвар гаргадаг дизайнер байна уу, эсвэл та өөрөө гаргадаг уу?

-Манай компани хүний хүссэн зүйлийг захиалгаар хийж өгдөг. Бид нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Олон төрлийн тавилга үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө өдөр бүр захиалга, өнгө, нэр ,төрөл, загвар, хэмжээ өөр байдаг. Иймээс бид хүн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зарим захиалагч нар өөрсдөө зураг үзүүлж хийлгэдэг. Зарим нь та нар өөрсдөө загвар зургаа гаргаад хийгээд өг гэдэг. Тэгээд бид өөрсдөө загвар зургаа гаргаж хийж өгдөг. Ерөнхийдөө өөрөө загвараа гаргаад явчихдаг.

-Нэг айлын тавилгыг хэд хоногийн дотор хийж дуусгадаг вэ. Өөрсдөө загвар зургаа гаргадаг учраас хугацаа их ордог байх?

-Загвар зураг гаргахад ажиллагаа ихтэй. Эхлээд хар зургаа гаргаад тухайн захиалагчдаа үзүүлээд болж байна гэвэл зургийг баталгаажуулаад  үйлдвэрт оруулдаг. Том жижгээс хамаарч 3-5 хоногийн дотор захилга бэлэн болдог.

Би ажилчидаа халж солиод байхыг боддоггүй

 

-Танай ажилчид бүгд мэргэжлийн мужаан хүмүүс үү. Эсвэл та сургаж авч байна уу?

-Одоо мэргэшсэн ажилчин ховор шүү дээ. Ажиллаж байгаа хүндээ бүх зүйлээ эхнээс нь зааж сургаад ажиллуулж байна. Би ажилчидаа халж солиод байхыг боддоггүй. Бид ажлаа хамтарч хийгээд чанартай тавилга үйлдвэрлэж, иргэдийн сэтгэл санаанд нийцүүлсэн бүтээгдэхүүн хийхийг зорьдог. Манай ажилчид ч гэсэн ийм сэтгэл зүрх гаргаж ажилладаг. Иймээс бидэнд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гардаггүй.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн бэ?

-Автын инженер мэргэжлээр Техникийн их сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа замын цагдаа болно гэсэн мөрөөдөлтэй байсан.

-Автын инженер хүн яагаад тавилгын мужаан хийхээр болов?

-Миний аав модны үйлдвэрт олон жил мужаан хийсэн. Ерөнхийдөө аавынхаа мэргэжлийг өвлөж аваад ажиллаж байгаа гэж хэлж болно. Хүүхэд байхдаа аавдаа их тусалж ойр зуурын юм их хийдэг байсан. Мөн оюутан байхдаа хичээлийнхээ чөлөөт цагаар бас тавилга хийдэг байсан. Аав маань намайг оюутан байхад бурхан болсон. Харин би аавынхаа мэргэжлийг өвлөж аваад хоёргүй сэтгэлээрээ зүтгэж байна даа.

- Аав тань мужаан хүн байсан гэж байна. Аав, ээжээ танилцуулахгүй юу?

-Миний аавыг н.Энх-Очир гэдэг. Манай аав модны үйлдвэрт 30 гаруй жил ажилласан. Би айлын отгон хүүхэд. Гурван эгч, нэг ахтай. Манай ах, эгч нар өөрсдийнхөө тус тусынхаа ажлыг хийгээд явдаг. Харин би аавынхаа мужааны ажлыг үргэлжлүүлж, орчин үеийн загвар дизайнерт нийцүүлсэн тавилга хийхээр шийдээд тавилгын цех байгуулсан. Аав минь үйлдвэрт ажилладаг байхдаа ”Универсаль" Энхээ гэдэг хойчтой хүн байсан юм. Ингээд бурхан болсон аавынхаа хочоор "Универсаль тавилга” гэж үйлдвэрээ нэрлэсэн дээ. Ээжийг минь н.Алтанцэцэг гэдэг. Одоо надад тусалж, манай ажилчдын хоол ундыг хийж өгч, бидэнд их нэмэр тус болдог юм.

-Гэр бүлийн хүн ямар ажил хийдэг вэ. Үйлдвэрт хамт ажиллдаг уу. Эсвэл өөр ажил хийдэг үү ?

-Манайх ам бүл дөрөв. Эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний гэргийг н.Номин гэдэг. Хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ оёдлын цех ажиллуулж, захиалгаар хувцас дээл оёдог. Бид хоёр нэг нэгнийхээ ажилд оролцоод байдаггүй. Өөрсдийнхөө л ажлыг хийгээд явдаг. Манай эхнэр ажлынхаа хажуугаар хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгээс зөөгөөд, гэрийн ажлаа амжуулаад байдаг болохоор гэрийн ажилдаа санаа зовдоггүй. Үйлдвэрийн ажилдаа л анхаардаг.

Манай гэр бүлийн үйлдвэрлэгчид гэж болно

-Их мундаг бүтээлч гэр бүл юм байна. Танайх чинь гэр бүлээрээ үйлдвэрлэгчид юм байна шүү дээ?

-Тийм дээ. Манай гэр бүлийн үйлдвэрлэгчид гэж болно./Инээв/

-Олон жил үйлдвэрлэл эрхэлж байгаа юм чинь байнгын үйлчлүүлэгч ихтэй байгаа биз?

-Бид чанартай тавилга хийж өгдөг болохоор байнгын үйлчлүүлэгч ихтэй болсон. Нэг хүнд сайн тавилга хийж өгөхөд нөгөө хүн хамаатан садан, найз нөхөддөө хэлдэг. Тэр хүмүүс цаашаа "Универсаль тавилга"-ын үйлдвэр сайн хийдэг гээд хэлэх жишээтэй. Ингээд үйлчлүүлэгчид модны мөчир шиг салаалаад явдаг. Одоо ойролцоогоор тогтмол үйлчлүүлдэг 700-800 хүн байгаа. Бүгд ам сайтай байдаг.

-Хувиараа бизнес хийгээд явахаар мөнгө санхүүгийн асуудал дээр бэрхшээл гардаг л байх. Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаж байна уу?

-Байлгүй яахав дээ. Аливаа үйлдвэрийг бүтээн босгож, авч явна гэдэг бол амар ажил биш. Үйлдвэрийн зардал, ажилчдын цалин, тоног төхөөрөмж гэх мэт зардал гарах учраас гар дээр үлдэх мөнгө бага байдаг. Анх бол материал авах мөнгө хүрэхгүй хүнээс зээлдэг байлаа. Заримдаа ах, дүү нараас зээлдэг байсан. Тэр болгонд мөнгө зээлүүлэх хүн олдохгүй хүндрэлтэй. Манай үйлдвэр Чингэлтэй дүүрэгт хамаардаг. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс2013 онд зарласанжижиг дунд бизнес эрхлэгчид зориулсан төсөл хөтөлбөрт төсөл бичиж өгсөн. Тэр төсөл маань шалгарч, таван жилийн хугацаатай зээл авсан. Энэ зээл эхний нэг жилд эргэн төлөлт хийдэггүй. Хоёр дахь жилээс жилийн долоон хувийн хүүтэйгээр зээлээ төлөөд явдаг юм. Энэ зээл нэлээд их дэм болсон доо. Ер нь манай Чингэлтэй дүүрэг жижиг дунд бизнес эрхлэгчдээ их дэмждэг. Дүүргээс зохион байгуулж байгаа семинар, уулзалт, үзэсгэлэн худалдаанд байнга оролцоод явдаг. 2016 онд Чингэлтэй дүүргийн Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан.

Хөдөлмөрлөж чадвал эх орондоо сайхан амьдрах боломж зөндөө бий

 

-Үйлдвэрийн хамгийн гол хэрэгсэл бол тоног төхөөрөмж болон эд материал байдаг. Та эдгээр зүйлийг хаанаас худалдаж авч байна?

-Тавилгын тоног төхөөрөмж жилээс жилд өөрчлөгдөж байдаг. Жил бүр Бээжин, Гуанжу руу явж үзэсгэлэн үздэг. Тэр үзэсгэлэнгээс тоног төхөөрөмж болон ирэх жилийн загвар зэргийг судалдаг юм. Монголоо импортын тавилга гэхээс илүүтэй дотооддоо үйлдвэрлэсэн тавилгаар хангахыг зорьж ажилладаг.Манай иргэд ч дотоодын үйлдвэрээ дэмжээд явах хэрэгтэй.Монголд бүх зүйлийг хийх боломж нь хангалттай байна. Төр засгийг харахаас илүүтэй өөрсдөө сэтгээд хийвэл зах зээлд гаргах боломжтой бүтээгдэхүүн зөндөө байна шүү дээ. Манай залуучууд амар хялбар аргаар мөнгө олохыг бодож байна. Хөдөлмөрлөж чадвал эх орондоо сайхан амьдрах боломж зөндөө бий. Хүн байнга ажиллаж, хөдөлмөрлөж өсөн дэвжих хэрэгтэй. Мөн ажлыг голохгүй сайн хийх хэрэгтэй. Миний хувьд биеийн амрыг бодоод Америк, Солонгос руу явж болно. Гадаадад мужааны чиглэлээр ажиллавал Монголд олж байгаасаа их мөнгө олох боломжтой. Гэхдээ гадны оронд гэхээс илүүтэй эх орондоо нэг зүйлийг үйлдвэрлэж, эх орныхоо хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг бодож, хөдөлмөрлөж байна даа.

-Та тоног төхөөрөмжөө гаднаас авч байна уу. Манайд үйлдвэрийн тоног төхөөрөмж хийдэг газар гэж байна уу?

-Тавилгын үйлдвэрт янз бүрийн тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Тухайлбал, хөрөө, ирмэг наагч машин, чулуун тавцангийн машин гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай. Эдгээр тоног төхөөрөмжөө Бээжин Гуанжугийн үзэсгэлэн худалдаанаас авдаг. Ерөнхийдөө тоног төхөөрөмжөө байнга шинэчилж явахыг боддог.

-Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

-Үйлдвэрлэсэн оноос хамаараад янз бүр байдаг. Ерөнхийдөө хүмүүсийн унадаг машинтай адилхан. Нэг тоног төхөөрөмжийг таван жил хэрэглэдэг. Тэгээд шинэчлээд явна. Анх бол нэг хөрөө, гар багажтай эхэлж байсан. Харин одоо юм хөгжөөд өөр болсон. Одоо сайн чанарын 10 гаруй тоног төхөөрөмжтэй.

Одоо 100-200 гаруй метр квадарт газарт үйлдвэрлэлээ явуулж байна

 

-Үйлдвэрийн цех нэлээд том юм байна?

-Анх  нэг өрөө буюу 40 метр квадратдаа тавилгаа хийдэг байгаад  байшингаа томруулаад үйлдвэрийн цех болгосон байгаа. Одоо 100-200 гаруй метр квадарт газарт үйлдвэрлэлээ явуулж байна.

-Та тавилгын материалаа гадны орнуудаас судалдаг гэж байсан. Тавилга хийх түүхий эдээ импортоор авдаг уу?

-Ерөнхийдөө тавилгаа хавтангаар хийдэг. Хавтан бол импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн. Нэг үеэ бодвол түүхий эдийн чанар сайжирсан. Анх тавилга хийж байхад хавтан гэдэг зүйл байдаггүй байсан. Одоо хавтангууд орос, хятад, солонгос, герман гэх мэтээр орж ирж байна. Иймээс хүмүүсийн сонгосон сонголтод тааруулж хийдэг. Мөн сайн материалыг захиалагч нартаа санал болгодог. Бид өөрсдөдөө таалагдаж байгаа материалаар хийчихвэл нөгөө хүнд таалагдахгүй бол баларсан юм болно шүү дээ. /Инээв/

-Ажиллаж байсан хугацаанд шантарч байсан үе гарч байв уу?

-Хүйтэн нойтон ажиллаад явахад хүнд үеүүд байсан. Гэхдээ энэ бүхнийг тоохгүйгээр зорилгодоо хүрэхийн тулд ажиллаж байна. Үйлчилгээний газар болохоор сайн, муутай их таарна. Энэ бүхнээс сургамж аваад явдаг. Аливаа зүйлийг том, жижиг гэж голохгүйгээр сэтгэл гаргаж ажилладаг. Тавилга хийлгэсэн хүмүүс бидэнд урам өгч баярласан сэтгэлээ илэрхийлдэг. Бид тэр бүхнээс их урам аваад илүү их зүйл хийх эрч хүчийг авдаг.

-Олон жил тавилгын үйлдвэрийг ажиллуулж яваа хүний хувьд зорилго тэмүүлэл байгаа байх. Ирээдүйдээ ямар зорилго тавьж байна?

-Ер нь бол байнга мөрөөдөж, төсөөлж, судлаад явж байна. Тоног төхөөрөмжөө бүрэн автомат болгож, олон хүнийг ажлаар хангахыг бодож байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хичээж ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Алтанцэцэг

 


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?