С.Чулуун: Одоогийн хэмлэлдээн XV зууны Бага хаадын үеийнхтэй адил байна

3858 2018/02/01 0

 

Шинжлэх ухааны доктор, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуунтай хийсэн ярилцлагаас онцлох ишлэлийг хүргэж байна.

-ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн төрийн бодлого боловсруулахад шаардлагатай судалгаагаар хангаж ажиллаж чадаж байна уу?

-Бид Монголын түүхийн бүхий л үеийн тулгуур академик түвшний суурь судалгааг хийнэ. Монголын түүхийн ямар нэг асуудал гарахад тэр судалгааны үндсэн бааз суурь манайд байх ёстой. Монголын түүхийг судлах үндсэн мэдээллийн төв  байх ёстой гэж боддог. Жишээ нь, Хубилай хааны ойг тэмдэглэх боллоо гэхэд Хубилайн тухайн хамгийн гол мэдээлэл манайд байх ёстой. Судлаач нь бэлтгэгдсэн, сурвалжаа мэддэг байх ёстой. Судалгааны бүтээл хэвлүүлсэн байх ёстой. Тэр үүргээ Түүх, археологийн хүрээлэнгийнхэн маш сайн биелүүлж байгаа гэж үздэг. Төв болон дотоод Азийн улсууд дотор манай хүрээлэн шиг идэвхтэй ажилладаг, нээлттэй, өөрийн бодлого нь тодорхой хүрээлэнтэй улс байхгүй.

Үүнийг бардам хэлнэ. Манайд 16 улсын хамтын судалгааны 38 экспедиц ажиллаж байна. Тэр экспедицийнхэн тухайн улсынхаа судалгааны хамгийн том, гол байгууллагатай хамтарч ажилладаг. Жишээлбэл, БНСУ-ын Үндэсний музей улсдаа хамгийн том, нэр хүндтэй байгууллага. Германы археологийн хүрээлэн, Боннын Их сургууль, Оросын Эдийн соёлын хүрээлэн, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн гээд олныг дурдаж болно. Тийм түвшинд манай судлаачид ажиллаж байна. Эцсийн дүндээ түүхийн шинжлэх ухаан нийгмийг соён гэгээрүүлэх, хүмүүсийг эх түүх, соёл ухамсраар нь бахархуулах, зөв мэдээлэл өгөх, судалгааны зөв үндэслэлийг гаргах, олон улсын стандартад нийцсэн судалгаа явуулдаг байгууллага.
Амбиц нь шинжлэх ухааны түвшнээрээ бүс нутагтаа гол байгууллагын нэг нь байя. Азитайгаа ижил түвшинд, дараа нь Европ, Америкийн түвшинд ойрхон очъё гэж холыг харж тодорхой төлөвлөгөө, системтэйгээр ажиллаж байна. Боловсон хүчнээ бэлтгэх, ном материаллаг баазаар хангах, гадаадад нэр хүндээ дээшлүүлэх, тодорхой бодлоготой малтлага судалгааны үйл ажиллагаа явуулахын төлөө л ажиллаж байна. Манай хүрээлэнд нийт 40 гаруй археологич, 30 гаруй түүхч ажилладаг. Монгол шиг баялаг түүхтэй улсад судлаачдын тоо хангалттай биш л дээ.

-Та Манж Чин улсын үеийн түүхийг судалдаг. Монгол Манжид 200 жил дарлуулсан гэдэг нь түүхэн зүйн талаас хэр үндэслэлтэй вэ?

-Түүхч хүн түүхийг л бичнэ. Түүхийн судалгаа өнөө цагийнх биш учир байж болох хамгийн боломжтой хувилбарыг гаргаж тавина, бодитой гаргалгаа хийнэ. Гэхдээ миний хувьд Манжийг, Оросыг муулахгүй. Үнэндээ Манжийг үзэн ядах сэтгэлгээг социализмын үед бий болгосон. Манж Монголыг 200 жил удирдахад Улиастай, Ховд, Хүрээнд л хэдэн жанжны газрын манж хүмүүс байсан биз дээ. Хошуу ноёд нь бүгд монгол хүн байсан шүү дээ. Харин манжууд хятадуудыг нэвтрүүлэхгүй гэж хууль гаргаж, Оросуудыг оруулахгүй гэж Монголыг өөрийнх нь газар нутгаар хааж бидэнд бүрэн бүтэн үлдээсэн. Гэтэл яагаад Манжийг үзэн ядах ёстой вэ. Үүнийг яаж харах ёстой гэж Та бодож байна? Бид Манжид дарлуулсандаа хорсдог хэр нь 13 дугаар зуунд Их Монгол Улс бусад улс орныг дарлаж явснаараа бахархдаг. 

Тэр үеийн байлдан дагуулалд өртөж байсан улс орны иргэдийн нүдээр нэг харж үзэх хэрэгтэй. Тэнд ч жирийн иргэд, хүүхэд хөгшид байсныг мартаж болохгүй. Монголчууд түүхэндээ сайн, муу зүйл хийсэн л байх. Гэхдээ ийм үзэл сурталч юм уу, тодорхой хүний сэтгэлийн хөөрөлд автсан түүх бичлэг бий болсон учир гаднынхан монголчуудын бүтээлийг уншихгүй, итгэхгүй байх хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг баримталсан, үзэл сурталжсан, эсвэл хэт үндэсний түүх бичлэг буй болгоод байгаа юм. Орос болон Манж Чингийн Монголын талаарх бодлого, үйл ажиллагааг бодитойгоор харахгүй бол үнэн зүйл буй болохгүй. Түүхийн шүүлтүүр дээр хэн болж үлдэх нь одоо жаргалтай байгаагаас илүү зовлон. 

-Хүн бүхний шүүмжилдэг өнөөгийн ороо бусгаа үе хэзээ нэгэн цагт түүх болж бичигдэх үү. Энэ түүхийг хэн бичих бол?

-Бичигдэнэ шүү дээ, түүхчид л  бичнэ. Хамгийн том шүүлтүүр бол цаг хугацаа. Цаг хугацааны шүүлтүүр бол түүхийн шүүлтүүр. Түүхийн шүүлтүүр дээр хэн болж үлдэх нь одоо жаргалтай байгаагаас илүү зовлон. Одоо буруу замаар эрх мэдэл, мөнгө төгрөг олоод, боломжтой сайхан амьдарч байна гэж бодвол эндүүрэл. Таны 4-5 үе магадгүй 20 үе чинь түүхийн хар дансанд орно. Монголын түүхэнд нэг л өгүүлбэрээр тэмдэглэгдэн үлдэхэд дуусна. Тиймээс албан тушаалтнууд гарын үсэг зурсан албан бичгийнхээ үг үсгийг хүртэл түүхийн өмнө шүүлгэнэ гэж бодож харах ёстой. Бүх зүйл түүхийн шүүлтүүрээр ордог. Үүнийг бидний үеийнхэн биш юм гэхэд хэдэн үеийн дараах түүхчид бүгдийг шүүнэ.

-Тушаал шийдвэр гаргаж, гарын үсэг зурдаг хүн бүхэн мэдэж баймаар анхааруулга байна даа?

-Мөнхийн амьдрал хаана ч байхгүй. Бурхан байсан ч үхдэгийг бид мэднэ. Цаг хугацаа өнгөрөх тусам түүхийн шүүлтүүр улам идэвхтэй ажиллана. Тэрийг шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүмүүс бүгд мэдэж байх ёстой. 1915 оны Хиагтын гэрээнээс Сү Шү Жан орж ирсэн дөрвөн жилийн тэр үетэй өнөөгийн Монголын нийгэм төстэй байна шүү.  Тэр үед улс нэгэнт автономит болж Хятадын мэдэлд орсон үед Монгол ноёд "Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн аминч үзэл хэр хэмжээнээс хэтэрч, дур зоргоороо авирлах нь тэсэхүйяа бэрх болж байсан түүхтэй.  Тийм учраас л Ардын хувьсгалаар ард түмэн боссон шүү дээ. Ард түмэн нүдтэй, чихтэй. Хэзээ нэгэн цагт хамгийн мэргэн шүүгч гэдэг нь мэдэгдэнэ.

-Тэр үеийн Монголын нийгэм өнөөгийн Монголтой яг адилхан гэж үү?

-Өнөөдөр ямар байгааг хүн бүр л өөрийнхөөрөө дүгнэнэ. ХХ зууны эхэн үед Монголд ирсэн олон жуулчдын тэмдэглэлээс үзвэл хог дээр, хүүрийн газарт  амьдарч байгаа монголчуудтай бараг л таараагүй байдаг. Одоо Улаанбаатарт ирсэн хүн тийм хүмүүс үзье гэвэл хэдэн арваар нь харж болно. Хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм бүрэлдээд байна шүү дээ. Монголын 2000 жилийн түүхэнд ийм зүйл байгаагүй. Үнэндээ дэлхийг захирч явсан Чингис хааны удам өнөөдөр хог ухаж, хоног төөрүүлж байгаа нь гутамшиг биз дээ. Улс төрийн хүрээнд ч үргэлж хэмлэлдэж байна. Яг одоогийн хоорондоо хэмлэлдэж байгаа үе бол 15 дугаар зууны бага хаадын болон 18 дугаар зууны эхэн үеийн Ойрадын дотоод асуудалтай адилхан байна гэж хардаг. Тэр үед мөн ч олон Исмэл тайшууд төрж, Монголын төрийг мөхөлд хурдлуулсан.

-Түүхийн цаг хугацааны давтамж байдаг гэж Та хэлээд байна уу?

-Давтамжгүй үе гэж түүхэнд байхгүй. Хэлбэрийн хувьд өөр хэдий ч агуулгын хувьд бараг ижил байдаг. Жишээлбэл, өнөөдөр Оюутолгой, Таван толгойн гэрээ гээд хүн бүр ярьж байна. Тэгвэл 1912-1913 оны үед Монголын байгалийн баялгийг хэрхэн ашиглах, гаднынханд хэдэн хувь өгөх, ямар гэрээ байгуулах гээд мөн л томоохон маргаан өрнөсөн. Франц, Герман, Орос зэрэг томоохон орнуудын хувь нийлүүлсэн синдикатуудтай манай Засгийн газар их л тэмцсэн. Монголорын хувь зургаа байсныг 13 хувь болгохын төлөө тэмцсэн Да лам Цэрэнчимэд зэрэг эх орноо бодсон хүмүүс бараг бүгд учир битүүлгээр амиа алдсан шүү дээ.  Тиймээс улс төр, эдийн засгийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ түүхийн туршлагыг заавал анхаарах, түүхийн байдлыг судлуулах, түүхчдээс асууж анхаарч байх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгж чадвал ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана. Түүхчид түүхийн хувьд өнгөрсөн бүхий л үеийн алдаа, оноог харж байдгийн хувьд өнөөгийн байдал, ирээдүйнхээ төлөө хамгийн бодит дүгнэлт гаргалгааг хийж чаддаг.

-Ингэчихээсэй гэж боддог зүйлээ зохих хүмүүст нь хэлчихэж болно биз дээ?

-Бид судалгаагаа тодорхой түвшинд хийж л байна. Мэдээж өөрсдийн санал дүгнэлтээ дээш мэдүүлэх явдал байна. Гэхдээ ойлгох, эсэх нь эргэлзээтэй. Түүхийн сурвалжид самуун цаг үе, нэгэнт самуурсан цаг үе гэж нэр томъёо байна.

-Тэгвэл бид ямар төрийн дор амьдраад байна вэ?

-Түүхийн сурвалжид "самуун цаг үе” гэж байдаг. Манжийн үед ч ийм нэр томьёо байсан. Оросууд 17 зууны эхэн үеэ "Смутные времена” гэж хэлдэг биз дээ. Монголын ч, Оросын ч энэ үе миний судалдаг үе. Баримт эх сурвалжуудыг үзсэн учир бага зэрэг гадарлана. Гуравхан сая хүнийг яагаад ийм ядуу, бусад улсын өмнө итгэл зүтгэлгүй болгоод хаячихсан юм бэ. Энэ чинь Бээжин, Москвагийн метрогоор өдөртөө зорчдог хүний л тоо шүү дээ. Гурван сая хүнийхээ 1.5 саяыг нь л тэжээдэг, хүүхэд, хөгшдөө аваад явчихна. Монгол Улс дэлхийн улсуудын дотроос хамгийн тэргүүлэх үүргийг хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн улсуудын нэг.

ХХ зууны хоёр  зууныг эзэмшиж, байгуулсан хаантайгаа мөхдөг эзэнт гүрнүүдээс илүү угсаа залгамжлан захирч байсан эзэнт гүрэн. Хүн төрөлхтөнд энх амгаланг тогтоож, хамгийн том газар нутгийг эрхшээн захирч байсан түүхтэй. ХХ зууны дэлхийн хамгийн том хоёр улсын дундаас төр улсаа сэргээн байгуулж чадсан гайхамшиг зөвхөн бидний түүхэнд л бий. Тийм нөхцөл байдал, боломжгүй зүйл, хүнд харилцаанаас улсаа босгож чадсан бид ийм цаг үед улсаа хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдруулах боломж бол энгийн зүйл мэт санагдана. Гагцхүү монголчуудын эв нэгдэл, ард түмний оюун санааны нэгэн ижилсэл, төрийн ёс, гэрийн ёс, эрийн ёсыг эрхэмлэн улс гэрээ өөд татах л үлдээд байгаа. Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай "Монголын төрөөс идэж байгаа хүмүүс цадсан үед л Монгол хөгжинө” гэж хэлсэн байна лээ.

"ЦАДАХ БОЛОВ УУ?  Та юу гэж бодож байна” гэж асуухад тэр хариулсангүй.

 

Эх сурвалж: Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?