А.Шинэсар: Циркийн урлагаар явахаар шийдчихсэн

2641 2018/02/13 0

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хими, биологи, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай VI сургуулийн сурагч А.Шинэсартай ярилцлаа. Тэрээр тус сургуулийн 12в ангид суралцдаг. Саяхан Италийн Ром хотноо болсон олон улсын циркийн тэмцээнд тэргүүн байр эзэлж цом хүртжээ. Тэрээр тэнцвэрт уран нугаралтаар хичээллэдэг юм байна.

-Саяхан Италийн Ром хотод болсон олон улсын циркийн тэмцээнд тэргүүн байр эзэлж Golden-Silver цом хүртжээ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Италийн Ром хотод болсон олон улсын циркийн тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ тэмцээнд багаараа оролцоод мөнгөн цом авсан. Ер нь бид олон улсын тэмцээнд багаараа явдаг.

-Циркийн үзүүлбэрээр хир удаан хичээллэж байна вэ?

-Би долоон настай байхдаа циркийн урлагаар хичээллэсэн. Одоо хичээллээд арван жил болж байна.

-Олон улсын тэмцээн уралдаанд хэр их оролцож байна вэ?

-Миний хамгийн анхны тэмцээн бол Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын циркийн тэмцээн. Энд багаараа оролцож, тэргүүн байр эзэлж алтан цом авч байсан. Мөн өнгөрсөн 2016 онд Москва хотод болсон олон улсын тэмцээнд багаараа оролцож хүрэл цом авч байсан.

 

Би онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй байсан

 

-Олон улсын тэмцээнд багаар оролцож цом, медаль авч байсан гэж байна. Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Та нарыг хэн дасгалжуулан бэлтгэдэг вэ?

-Бид "Xroses contortion centre" студид бэлтгэлээ хийдэг. Миний багшийг МУСТА уран нугараач Төмөрбаатарын Буд гэдэг. Манай дугуйланд маш олон хүүхэд явдаг. Бид өөрсдөө бэлтгэсэн номероороо баг болж, тэмцээн уралдаанд оролцдог. Багийн хүний тоо хязгааргүй. Италийн Ром хотноо болсон тэмцээнд багш болон дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн.

-Энэ жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг төгсөнө. Мэргэжлээ сонгосон уу. Эсвэл энэ циркийн урлагаар явах гэж байна уу?

-Би онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй байсан. Харин одоо бол циркийн урлагаар явахаар шийдчихсэн. Мөн циркийн найруулагч мэргэжлээр суралцах сонирхолтой байгаа. Гэхдээ онгоцны үйлчлэгч болж мөрөөдлөө биелүүлнэ. /Инээв/

-Циркийн найруулагч мэргэжлээр Монголдоо сурах боломжтой юу?

-Боломжтой. "Хөгжим бүжгийн академи" гэж байгуулагдсан байгаа. Түүнд 2,5 жилээр циркийн найруулагч мэргэжлээр суралцах боломжтой.

 

Энэ урлагт хөл тавихад ээж маань нэлээд их хувь нэмэр болсон


 

 

-Тэмцээн уралдаанд явахаар хичээлээсээ нэлээд хоцрох асуудал гардаг байх. Энэ асуудлаа яаж шийдвэрлэж байна. Багш нар дэмжиж тусалдаг уу?

-Манай сургуулиас маш сайн дэмждэг. Багш нар маань хичээл хоцорчихлоо гэхэд нөхөж авахад хүртэл тусалдаг. Шалгалтандаа унаж муу гарахгүйн тулд хичээж байна.

-Танай гэр бүлд циркийн урлагаар хичээллэдэг хүн байгаа юу. Эсвэл чи өөрийнхөө сонирхлоор циркээр хичээллэсэн үү?

-Манай гэр бүлд циркийн урлагаар хичээллэдэг хүн байхгүй. Би анх нуруугаа тэгшлэх гэж балетын дугуйланд явж байгаад үеэл ахыг дагаад циркийн урлагаар хичээллэсэн. Мөн энэ урлагт хөл тавихад ээж маань нэлээд их хувь нэмэр болсон. Одоо ч гэсэн тэмцээн уралдаанд оролцох болгонд миний ард ээж минь гүйж байдаг.

-Өдөрт циркийн бэлтгэлээ хэр удаан хийдэг вэ. Ачаалал ихтэй юу?

-Хичээлээ тараад хоёр цагаас орой зургаан цаг хүртэл бэлтгэл хийдэг. Нэг их ачаалалтай зүйл байхгүй. Өөрийн хүсэл мөрөөдөл, дур сонирхлоор хийж байгаа болохоор ядарч байгаагаа мэдрэхгүй хийнэ шүү дээ. Манай дугуйлангийн эгч нар их мундаг хүмүүс байдаг. Ихэнх нь Нарны циркэд очиж ажиллаад ирсэн хүмүүс байдаг болохоор тэд нараас их юм сурдаг.

Уран нугаралтын хувьд манай улс хамгийн мундаг нь. Харин бүх циркээр Хятад, Солонгос хоёр хамгийн мундаг байдаг юм. Бид ч гэсэн хичээгээд мундгуудтай өрсөлддөг. Хичээвэл бид ч гэсэн мундаг болох боломжтой. Иймээс сайн хөдөлмөрлөх хэрэгтэй.

 

Цаг зав гарвал бэлтгэлээ хийдэг

 

 

-Цирк нь дотроо олон төрөл байдаг. Чи аль төрлөөр хичээллэдэг вэ?

-Акробат, гимнастик, жонглёр, тэнцвэрт буюу эквилибр, чанга утаст буюу тэнцвэрийн төрлүүд байдаг. Би тэнцвэрт уран нугаралтаар хичээллэдэг.

-Хичээлдээ хэр сайн сурагч вэ?

-Гайгүй шүү /Инээв/. Англи хэл, нийгмийн ухааны хичээлдээ хамгийн их сонирхолтой.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Цаг зав гарвал бэлтгэлээ хийдэг. Миний дүү уран сайхны гимнастикаар хичээллэдэг. Дүү бэлтгэлийг очиж харна. Дүүтэй хамтдаа нэг нэгэндээ урам өгөөд явдаг болохоор бэлтгэл хийхэд их урамтай байдаг юм.

-Ирээдүйн зорилго?

-Бэлтгэлээ сайн хийж байгаад Герман болон Австрали улс уруу явах хүсэлтэй байгаа.

-Авьяаслаг охиндоо цаашдын зорьсон бүхэн нь бүтэж, хүссэн бүхэндээ хүрэхийг ерөөе. Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Н.Алтанцэцэг


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?