Цайны дээж өргөх ёсон ба цээр

2807 2018/02/13 0

Айл гэрийн эзэгтэй хүн өглөө бүр цайгаа дээжлэн өргөдөг Монгол ариун заншил бий. Хэдийгээр орчин цагт хүн бүр энэ заншлаа дагахаа больсон ч гэлээ сар шинийн 1-ний өглөө айл бүр цайны дээжээ өргөж, тэр жилийнхээ буян заяагаа алтан наран ижий, байгаль эх, бурхан тэнгэртээ даатган залбирдаг. Учир нь цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог байна. Тиймээс цайны дээжээ өргөх ёсон болон цээрийг Та бүхэнд чухалчлан хүргэе. 
Цайны дээж өргөхөөс өмнөх цээр: 
Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна. Цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно. Хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно. Цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг. Цайны идээг чимхэж хийвээс ядуурна. Харин бага багаар хийвээс харамч хахир болохын шинж хэмээнэ.
Цайны дээж өргөхдөө:  
Цайны дээжийг хангай дэлхийд өргөж, гэрийн эзэнд эхэлж өгөх учиртай бөгөөд зөрчвөөс гэрийн эзний хийморь сүлд доройтно хэмээн үздэг. Цайны аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл ял зэмд унана. Аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно. Амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг асгарна. Нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэхийн цондон. Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг.
Цайны дээж өргөхдөө хэлэх үгс ба цээр:
Цайны дээж өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь: өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна. Харин "Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна" хэмээн өргөдөг. Түүнчлэн "Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эзэд минь, ураг төрлийн онгод минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ .... жилтэй .... овогтой .... би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь "үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай. Үүнийг арай товч байдлаар хэлэх бол "Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна" гэж нэг өргөнө. Дараа нь "уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна" гээд нэг өргөнө. Мөн "үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай" гээд цайны дээжээ өргөнө. Эцэст нь "Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй" гэх мэтээр өргөнө.
Цайг зочинд барихдаа цээрлэх ёс: 
Эмтэрхий аяганд цай хийвэл зочноо илт доромжилсон болно.  Аягалсан цайг түрүүлж амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.  
Ийнхүү цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ ихэд учиртайн дээр мөн их хүчтэй засал болдог ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа гэсэн утга ажээ.
Я.Хулан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?