"Оргил" рашааны ундаргын бүсэд хууль зөрчиж буй асуудалд хэн, юу хэлэв

91596 2015/07/22 0

Чоно борооноор гэгчээр "шөнө”, "баяр”, "амралт” гэсэн иргэдийн сэрэмж алддаг энэ үеүдэд газар ухах, өөрсдөд ашигтай хуулиа батлах, хулгай хийх зэрэг хамаг муу бүхнийг амжуулдаг ёс тогтоод багагүй хугацааг өнгөрөөж байна.

Үүний нэг жишээ болсон үйл явдал 10 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 30-ны өдөр болсон. Долоо хоногийн ажлын өдөр дуусч амралтын өдрийг үргэлжлүүлэн Хүүхдийн баяр тохиосон нь хууль бус газрын төлөө үхэн хатан тэмцэгчдийн хувьд завшаан болж "Оргил” рашааны эрүүл ахуйн бүсийн 30 метрт сургууль барих нэрээр газар ухаж эхлэв.

Уг газар нь рашааны худгийн зүүн урд бөгөөд 3962 м.кв газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууц, сургалтын зориулалтаар "Билиг” ХХК-д олгожээ.

Тус газар олголт нь 2012 онд шинэчлэн баталсан Усны тухай хуульд рашааны эх ундаргаас 100 метрт эрүүл ахуйн бүс, тэндээс гадагш 200 метрт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд барилга байгууламж барихыг хориглосон заалтыг зөрчиж буй юм.

Эрүүл ахуйн 100 метрийн бүсэд барилга барих байтугай газар ухахыг хориглосон байдаг бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд рашааны чанарт өөрчлөлт орж улмаар ширгэх, сүйдэх аюулд өртөх аж.

Уг зурагт Оргил рашааны ундарга буюу худаг харагдаж байна. Үүнээс цаана 30 метрт "Билиг" ХХК-ны барилгын ажил явагдаж байгаа юм.

Энэхүү хууль бус ажил өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилсээр атал төрийн албан тушаалтан, харьяа байгууллагуудаас хэн нь ч арга хэмжээ авч үг дуугарахгүй байгаа нь сонин.

Л.БАЯНМОНГОЛ: ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ ГАЗАРТ ТУС КОМПАНИД ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ОЛГООД СУРГУУЛЬ БАРИУЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

Биднийг өнгөрөгч баасан гаригт "Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр очиход Билиг ХХК-ны газар ухах ажил үргэлжилж байсан бөгөөд барилгын цутгалт хийж эхэлсэн байлаа.

Сувиллын албан хаагч болон хэвтэн эмчлүүлэгчид энэхүү ажлыг эсэргүүцсэн ч нэмэр болоогүй байна.

Харин Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Туул голын сав газар, Төрийн өмчийн хороонд хууль бус газар ухах ажлыг зогсоох албан бичгийг өнгөрөгч долоо хоногт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй аж.

"Оргил” рашаан сувиллын Удирдлага, хүний нөөцийн албаны дарга Л.Баянмонгол манай агентлаг хандан өөрийн байр сууриа дараахь байдлаар илэрхийллээ.

Тэрбээр "Бид холбогдох газруудад арга хэмжээ авах талаар албан бичиг өгсөн. Ер нь өнөөдөр нийслэлд сургууль цэцэрлэг барих шаардлагатай байгаа нь үнэн.

Гэлээ гээд Усны тухай хуульд рашаан шууд авч хэрэглэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барихыг хориглосон байхад эмчилгээнд хэрэглэдэг рашааны ундаргын дэргэд газар олгоод, барилга барих зөвшөөрөл өгсөн тэр төр захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль зөрчиж гаргасан шийдвэрээс өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.

Нөгөө талаас нэг зүйлийг бүтээхдээ нөгөөг нь устган сүйтгэж байгаль орчинд хохирол учруулсан шийдвэр гаргаж болохгүй биз дээ.

"Оргил "бол нийслэл хотод байдаг цорын ганц рашааны орд. Энэхүү хүн ардын эрүүл мэндэд ач тусаа өгсөн байгаль эхийн баялгийг хайрлан хамгаалах үүргийг төр, ард иргэд хүлээх ёстой.

Одоо үүсэж буй энэ асуудал дээр гарц байгаа. Заавал рашааны ундаргын дэргэд бус хуулиар хориглоогүй газарт тус компанид зөвшөөрлийг нь олгоод сургуулийг нь бариулж болно шүү дээ.

Бидний хувьд холбогдох дээд шатны байгууллагуудын зүгээс эрх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, хууль тогтоомжид нийцсэн зөв дүгнэлт, шийдвэр гаргаж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Д.НЯМДАВАА: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ГАЗРААС БИДЭНД ДҮГНЭЛТ ГАРГАЖ ӨГСӨН ТОХИОЛДОЛД БИД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Үүсэж буй нөхцөлд байдалд хариулт авахаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай холбогдлоо.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Нямдаваа "Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас бидэнд тус газрын дүгнэлтийг гаргаад өгсөн тохиолдолд дахиад арга хэмжээ авна гэсэн үг. Тус газарт "Оргил” рашаан сувиллаас албан бичиг ирсэн гэж дуулдсан. Тэндээс хариу ирэхийг нь хүлээж байна даа”.

Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Дамбасүрэн "Оргил” рашаан сувиллаас бидэнд бичиг ирсэн байгаа. Газрын гэрчилгээ болон бусад бичиг баримттай нь танилцаж эхлээд байна. Хэрвээ үнэхээр хууль зөрчсөн байх юм бол хуулийн дагуу арга хэмжээ авна”.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм "Оргил рашааны онцгой хамгаалалтын 50 метр, эрүүл ахуйн 100 метрт рашааны ашиглах, рашааны үйлчилгээ авах зориулалтаас бусад барилга, байгууламж барихыг хориглодог. Тэгэхээр өнөөдөр үүсэж буй энэ нөхцөл байдалд яамны зүгээр эсрэг байр суурьтай байгаа. Бид тухайн компанид ус ашиглах болон бусад зөвшөөрлийг олгохгүй гэсэн үг. Хуулиараа Туул голын сав газрын захиргаа, аймаг нийслэлийн газрууд дүгнэлт гаргах ёстой” гэсэн юм.

Сурвалжлагын хүрээнд сэтгүүлзүйн тэнцвэртэй байдлыг эрхэмлэн уг асуудалд дэмжлэг үзүүлж, зөвшөөрөл олгосон байгууллагууд, рашааны ундаргын бүсэд барилга барихаар зэхэж буй "Билиг” ХХК-ийнхантай удаа дараалан холбогдож байр суурийг нь сонсох гэсэн боловч бүтэлгүйтсэн юм.

Харин сурвалжлагынхаа төгсгөлд "Оргил” рашааны асуудлаар тухайн байгууллага, компани "GoGo News” агентлагт хандан байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтойг энд дуулгая.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?