Зэсийн салбар дахь өрсөлдөөн ширүүсэх нь

98726 2015/07/22 0

Биднийг наадамлаж байх зуур Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ сүүлийн зургаан жилийн доод цэгтээ тулсан бөгөөд цаашдаа ч хямдрах төлөвтэйг шинжээчид анхааруулжээ.

Монголоос гадна Перу, Замби, Мексик зэрэг улс уг металлын олборлолтоо эрчимжүүлж байгаа нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийг ихэсгэх төлөвтэй. Нөгөө талд, зэсийн гол хэрэглэгч болох Хятадын өсөлт саарч байгаа учраас эрэлт сул байх зурхай бууж. Тиймээс ч Чилийн "Cochilco”-гоос эхлээд хөрөнгө оруулалтын томоохон банкууд зэсийн үнийн таамаглалаа ахин дахин доошлуулах болов.

"Bloomberg”-ийн санал асуулгын үр дүнд харуулснаар, энэ оны эцэс гэхэд тонн зэсийн үнэ 4,800 ам.доллар болтлоо шалдаа бууж мэдэх нь. Энэ таамаг биеллээ олбол экспортын нийт орлогынхоо 48 хувийг зэсийн баяжмалаас бүрдүүлж буй Монгол Улс тун хэцүү байдалд орох билээ. Тонн зэс 6,355 ам.доллар байна гэх өөдрөг тооцоо нуран унаж, төсвийн орлого ч ихээхэн дутах эрсдэл нүүрлэж байна.

"Оюутолгой” ба "Эрдэнэт” 

Энэ оны хоёрдугаар улиралд "Оюутолгой”-н баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 65 хувиар огцом өсөж, рекорд тогтоожээ. Эхний улиралд эндээс 131 мянган тонн баяжмал гаргасан бол хоёрдугаар улиралд 215.5 мянган тонныг үйлдвэрлэсэн тухай "Turquoise Hill Resources” үйл ажиллагааны тайландаа тусгасан байна. Хүдрийн чанар сайн байгаа тул үйлдвэрлэл энэ оны сүүлийн хагас жилд ч өндөр байх аж. Тэгвэл "Эрдэнэт” хүдэр боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлсэн билээ.

Олон жилийн турш манай зэсийн салбарын ганц дайчин байж ирсэн энэ үйлдвэр "Оюутолгой” хэмээх ханьтай болсноор дэлхийн зэсийн зах зээл дэх Монголын байр суурийг бататгаж буй. Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ийн статистикаас үзэхэд, 2012 онд манайх зэсийн олборлолтоор 19 дүгээр байрт жагсаж байсан бол 2013 онд гурван байр ахиж, 16 дугаарт орсон. Тэгвэл өнгөрсөн жилээс "Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тул энэ эрэмбэ улам дээшлэх нь ойлгомжтой. Ялангуяа зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын зах зээл дэх манай байр суурь тэлсээр байгаа юм. 

Зэсийн үнэ сүүлийн зургаан жилийн доод цэгтээ тулсан

Урд хөршид нийлүүлж буй зэсийн хүдэр ба баяжмалын хэмжээгээр Монгол Улс өнгөрсөн онд зургаадугаарт жагсаж байсан бол энэ оноос Чили, Перугийн дараа буюу гуравдугаарт бичигдэх болж. Манай ашигт малтмалын ганц хэрэглэгч тус улсын зэс хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үүний ачаар Хятадын цэвэр зэсийн импорт буурч байгаа ч зэсийн хүдэр ба баяжмалын импорт нь өсөж байгаа юм. Энэ нь зэсээ дотооддоо хайлуулдаггүй, зөвхөн баяжмал үйлдвэрлэдэг манай улсын хувьд одоохондоо сайн мэдээ.

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 664 мянган тонн зэсийн баяжмалаа 1.15 тэрбум ам.доллараар экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт болохыг Монголбанкнаас гаргадаг гадаад худалдааны тайланд тусгажээ. Товчхондоо, энэ онд 1.25 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэсэн зорилго биелэх нь гарцаагүй болж.

Гэвч бидний хувьд тоо биш, үнэ чухал. Учир нь, тонн зэсийн үнэ 6,354.7 ам.доллар байхаар төсөвт суулгасан. Гэтэл Лондоны металлын бирж дэх тонн зэсийг 5,500 ам.доллараас доош арилжаалж байгаа юм. Энэ нь Наадмын өмнөхөн 5,240 ам.доллар болж, сүүлийн зургаан жилийн доод цэгт тулсантай харьцуулахад сэргэсэн үзүүлэлт боловч санаа амрахад эрт байна. 

Хятадын эрэлт бүхнийг шийднэ

Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь үнэ ханшид сөргөөр нөлөөлж буй. Урд хөршийн зэсийн хэрэглээ өнгөрсөн жил 5.5 хувиар өссөн бол энэ онд дөрвөн хувьд хүрч чадах, эсэх нь ч эргэлзээтэй болжээ. Энэ үзүүлэлт жилээс жилд саарсаар, 2020 он гэхэд "0” болохыг "Bloomberg” агентлаг анхааруулсан байна (Графикаас харна уу). Гэтэл нийлүүлэлт эсрэгээрээ, өссөөр байх нь. Mining.com цахим хуудсанд "Зэсийн баяжмалын үер буухад бэлдээрэй” нэртэй нийтлэл ч гарчээ. 

Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилдээ зургаан хувиар өсөж, 2018 он гэхэд 27.4 сая тоннд хүрнэ гэсэн таамаглалыг ICSG гаргасан байна. Энэ хугацаанд зэсийн баяжмалын үйлдвэрлэл хамгийн ихээр буюу 4.8 сая тонноор өсөж, 21.7 сая тонн болох ажээ. Нэмэгдэх хүчин чадлын ихээхэн хэсэг буюу 26 хувийг Перу улс дангаараа бий болгох бөгөөд түүний араас Замби, Мексик, Монгол, Хятад, Ардчилсан Конго орохоор байгааг тус групп онцолсон байна. "Эдгээр зургаан улс хамтдаа нийт өсөлтийн 66 хувийг бүрдүүлнэ” хэмээн ICSG тооцоолжээ.

Оны эцэс гэхэд тонн зэсийн үнэ 13 хувиар унаж, 4,800 ам.доллар болно хэмээн муу ёрлосон

Перу улсын зэс, молибдений аварга уурхай болох Лас Бамбас өнөө маргаашгүй ашиглалтад орох гэж байна. Тэгвэл эдүгээ зэс олборлодоггүй Афганистан, Эквадор, Грек, Израил, Судан, Тайланд зэрэг улсад ч зэсийн төсөл эхлүүлэх төлөвлөгөө бий аж. Ингэснээр 2018 он гэхэд шинэ тоглогчид дэлхийн зэсийн үйлчдвэрлэлийн хүчин чадлыг жилийн 150 мянгаас нэг сая тонн хүртэл хэмжээгээр өсгөж мэдэхийг ICSG онцолжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд зэсийн зах зээлд хөл тавьсан орнууд 2003 онд жилийн ердөө дөрвөн мянган тоннын хүчин чадалтай байсан бол 2018 он гэхэд 550 мянган тонныг үйлдвэрлэх боломжтой болох гэнэ. Хятадын болон дэлхийн зэсийн эрэлт муу байхад нийлүүлэлт ийнхүү нэмэгдэх нь үнэ ханшид ямар муу нөлөө үзүүлэхийг төсөөлөөд үз дээ. 

Урд хөршийн металлын хэрэглээ огцом өсөхийн хэрээр Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ цойлж, 2011 онд түүхэн дээд түвшиндээ хүрч, тонн нь 10 мянган ам.доллараас давж байв. Тэгвэл тус улсын хэрэглээний өсөлт саарч, дэлхийн зах зээлд зэсийн илүүдэл бий болсноор үнэ 2011 оныхтой харьцуулахад бараг хоёр дахин уначихаад байна. Гэтэл зэсийн ханш ёроолдоо тулаагүй бөгөөд цаашдаа ч хямдарна хэмээн үзэх шинжээч олширсоор. 

Чилийн Засгийн газрын "Cochilco” энэ оны үнийн таамаглалаа дахин бууруулаад буй. Тус агентлаг тонн зэс 6,283 ам.доллар байна хэмээн тооцоолж байсныгаа 6,107 ам.доллар болгожээ. Энэ нь ч өндөр үзүүлэлт хэвээр үлдсэнийг зарим шинжээч шүүмжилж байгаа аж. "Macquarie” групп энэ онд зэсийн ханш 6,400-6,600 ам.долларын түвшинд хэлбэлзэнэ гэж үзэж байсныгаа 5,800-6,000 ам.доллар болгон бууруулсан. Тэгвэл "Goldman Sachs”-ын таамаглаж буйгаар, Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ ойрын нэг жилд 5,200 ам.доллар байх төлөвтэй. Харин "Bloomberg”-ийн санал асуулгад оролцсон шинжээчид зэсийн ханш оны эцэс гэхэд 13 хувиар унаж, тонн нь 4,800 ам.доллар болно хэмээн муу ёрлосон тухай дээр дурдсан. Аль ч таамаглалыг авч үзсэн манай төсөвт суулгасан тооноос хавьгүй доогуур байгаа нь санаа зовоох аж. 

 

График 1. Зэсийн үнэ (тонн/ам.доллар)
Эх сурвалж: Лондоны металлын бирж

 

График 2. Хятад ба дэлхийн зэсийн хэрэглээний өсөлт (хувиар)
Урд хөршийн зэсийн хэрэглээний өсөлт саарсаар, 2020 он гэхэд "O” болох төлөвтэй

Эх сурвалж: "Bloomberg”, "Morgan Stanley”

 

 

Өгүүллийг

Даваашаравын Мөнхчимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?