Технологи, инновацийг дэмжих төвүүдийн сүлжээний тухай гэрээнд гарын үсэг зурлаа

100960 2015/07/22 0

Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 22-23-нд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Ерөнхий захирал Фрэнсис Гарри манай улсад айлчилж байна.

Тэрээр өнөөдөр Шадар сайдтай уулзсан юм. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх "Засгийн газар оюуны өмчид онцгой анхаарал хандуулдаг, энэ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг гээд оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаа танилцуулав. Манай улс "Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээнд нэгдсэнийг дуулгалаа. Маркешийн гэрээнд дэлхийн 20 орон нэгдэн орсны нэг нь Монгол Улс. Энэ хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх юм.

Мөн ДОӨБ-ын дэмжлэгтэйгээр "Монгол Улсын оюуны өмчийн үндэсний стратеги”-г Засгийн газраас саяхан баталсан гэв. 

Оюуны бүтээлүүдийг гарсан хойно нь бүртгээд баталгаажуулдаг байсан бол одоо оюуны бүтээл бүр үйлдвэрлэлд нэвтэрч, эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэх боллоо.

Үүний сацуу ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн талаарх цөөн цагийн хичээл оруулах болсныг танилцууллаа. Ингэснээр хүүхдүүд багаасаа зохион бүтээх, шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй болно гэж үзжээ. Цаашид оюуны өмч хамгааллыг олон улсын хөгжлийн шаардлага, жишигт хүргэхээр Патентийн тухай болон Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна.    

Өнгөрсөн хугацаанд манай улс ДОӨБ-тай хамтран оюуны өмчийн мэргэжилтнүүдээ сургалтад хамруулсаар ирсэн. Цаашид ч энэ чиглэлээр хамтан ажиллах хүсэлтээ манай талаас тавилаа.    

Уулзалтын үеэр Шадар сайд Франсис Гаррид Монгол Улс дахь оюуны өмчийн бүхий л мэдээллийг агуулсан санг ДОӨБ дахь сантай нэгтгэх хүсэлтээ илэрхийлсан юм. Харин доктор Франсис Гарри оюуны өмчийг сахин хамгаалах нь аль ч улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдгийг онцлов.

Шадар сайд Уламжлалт мэдлэг, ардын урлагийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа гээд энэ төслийг илүү  сайжруулахад хамтран ажиллахыг хүссэн юм. Сүүлийн жилүүдэд хөгжингүй улс орнууд өөр өөрсдийн уламжлалт мэдлэг, ардын урлагаа ч улсынхаа нэр дээр албан ёсоор бүртгүүлэн, бидний оюуны өмч мөн гэж зарлан тунхаглах болжээ. Энэ ажил их төвөгтэй, удаан үргэлжилдэг ч Монгол Улс хойш суух ёсгүйг ДОӨБ-ын захирал анхааруулж байв.

Оюуны өмчийг зөвхөн төрийн байгууллагууд хамгаалаад зогсохгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд ч хамгаална. Тодруулбал бүхэл нийгмээрээ оюуны өмчийн асуудлаар үүрэг хүлээж сурах юм.

Уулзалтын дараа талууд "Монгол Улсад технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээний тухай гэрээ”-нд гарын  үсэг зурлаа. Технологийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техникийн мэдээлэл олж авах, түүнийг ашиглах чадавхийг дээшлүүлэх зорилгоор энэ гэрээг байгууллаа. Эхний ээлжинд их дээд сургуулиуд энэ сүлжээг үүсгэх бөгөөд Оюуны өмчийн газар тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан ажиллах үүрэгтэй.       

Өнөөдөр Төрийн ордонд болсон дээрх уулзалтад оролцсон Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбаттай ярилцсан юм.  

-"Монгол Улсад технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээний тухай гэрээ”-г байгуулснаар ямар үр дүнд хүрэх вэ?
-Бид өмнө нь оюуны бүтээлүүдийг гарсан хойно нь бүртгээд баталгаажуулдаг байсан бол одоо оюуны бүтээл бүр үйлдвэрлэлд нэвтэрч, эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэх боллоо. Энэ бол дэлхий нийтэд нэвтэрч буй шинэ хандлага. Дэлхийн оюуны өмчийн байгууллага ч энэ чиглэлд  түлхүү анхаарах боллоо. Бид энэ зорилтыг бодит ажил хэрэг болгох гэрээнд гарын үсэг зурж байна. Гэрээ байгуулснаар гарах хамгийн гол үр дүн бол бид инновацийн дэлхий нийтийн туршлагаас суралцана. Хоёрдугаарт их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтээлийг соёлын үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

-Гэрээний хэрэгжилтийг танай байгууллага ханган ажиллах уу?
-Өнгөрсөн даваа гарагт бид оюуны өмчийн үндэсний стратегиэ баталсан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлын нэг нь энэ гэрээ. Цаашид оюуны өмчийг зөвхөн төрийн байгууллагууд хамгаалаад зогсохгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд ч хамгаалах үүрэг хүлээлээ. Тодруулбал бид бүхэл нийгмээрээ оюуны өмчийн асуудлаар үүрэг хүлээж сурах юм. Тэгж байж л энэ улс хөгжинө.   

-Уламжлалт мэдлэг, ардын урлагаа ч оюуны бүтээл мөн гэж үзэн, эрхийг нь хамгаалах талаар та бүхэн хөндөн ярилцлаа.
-Дэлхий дахинд оюуны хоёр төрлийн өмч байдаг. Зохиогч нь тодорхой болон зохиогч нь тодорхойгүй өмч юм. Жишээ нь монгол гэр, ардын дууны, илүү нугаламтай хонины зохиогч хэн бэ гэхээр бид мэдэхгүй. Энэ мэтээр олон зуун жилийн турш бидний  өдөр тутмын ахуй амьдралд нэвтэрчихсэн атлаа зохиогч нь тодорхойгүй олон зүйл бий.

Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам шинэчлэгдэн, маш их туршлага хуримтлуулсан тэдгээр мэдлэгт тулгуурлан шинэ бүтээл туурвиж байна. Тэрхүү шинэ бүтээлийг хэрхэн бүртгэж, хамгаалах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал боллоо. Нүүдлийн соёл иргэншилтэй, олон зуун жилийн их соёлтой манай улсад уламжлалт мэдлэг, ардын урлагийнхаа оюуны өмчийг хамгаалах нь маш чухал.  Иймд хуулийн төслийг боловсруулж эхэлсэн. Монгол Улсын генетикийн нөөцийн  тухай хуулийн төслийг ч Засгийн газрын түвшинд боловсруулж байна.

Би нэг жишээ хэлье. Австраличууд өөрсдийн уламжлалт мэдлэгтэй холбоотой бүх мэдээллийг нэгтгэсэн сан үүсгэжээ. Бидний сайн мэдэх "Матар хочит Данди” УСК-д гардаг бүх зүйлсийг Австраличуудын уугул иргэдийн мэдлэг, мэдээлэл мөн гэж бүртгэсэн байх жишээтэй. Ийм мэдлэг Монголоор дүүрэн тул энэ бүхнийг зах зээлийн эргэлтэд оруулахын тулд заавал бүртгэх шаардлагатай.

-Энэ эрхээ баталгаажуулаагүйгээс хохирч байгаа тохиолдол бий юу?
-Дэлхий дахин хохирч байна. Цаашид монгол ардын дууг бизнесийн үйл хэрэгт ашиглавал үр шимийг нь бид бүгд ямар нэг хэлбэрээр эдлэх ёстой. 

-Уулзалтын үеэр танилцуулсан Марракешийн гэрээний талаар танилцуулахгүй юу?
-Хараагүй болон харааны бэрхшээлтэйн улмаас бичмэл бүтээлтэй харилцах боломжгүй хүмүүст шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлтэй танилцах боломж олгох юм. Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орныхоо хувьд харааны бэрхшээлтэй иргэддээ соён гэгээрэх боломжийг олгох үүрэгтэй. Иймд зохиогчийн тусгай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр эрх авах харилцааг Марракешийн гэрээгээр зохицуулна.

Дэлхийн нийт хүн амын 20 хувь харааны бэрхшээлтэй иргэд байгаа бол манай улсын нийт хүн амын 7 хувь нь ийм бэрхшээлтэй. Тэдгээр хүмүүс бидэнтэй яг ижил боломж эдлэх ёстой.

-Шадар сайд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчтэй холбоотой агуулга багтсаныг онцоллоо. Хэддүгээр ангийн хүүхдүүдэд энэ хичээлийг заах вэ?
-Тусгайлсан хичээлийн хөтөлбөр боловсруулан хүүхдүүдийг ачааллаар дарахгүй. Дөрөвдүгээр сарын 26-нд бид Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан нийслэлийн 97 дугаар сургуулийн есдүгээр ангийнханд туршилтын буюу нийслэлийн багш нар үзүүлэх хичээл заасан юм. Хүүхдүүд их сайн хүлээж авсан. 

Ахлах ангийнханд оюуны бүтээлийг дээдлэх, үнэлж сурах, бусдын оюуны бүтээлийг зохих журмын дагуу ашиглаж сургах нь бидний зорилго. Нийгмийн мэдлэгийн үндэс, Зураг хөдөлмөр, дуу хөгжим зэрэг хичээлийн хөтөлбөрт агуулгаа багтаана.               

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?