Зам тээврийн салбарыг эзэгнэх сүүлчийн найдвар нь Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар байсанд Х.Баттулгад эмгэнэл илэрхийлье

97925 2015/08/17 0

      Яагаад ч юм бэ, урьд хожид тэгтлээ сүртэй тэмдэглэж байгаагүй Прокурорын байгууллагын ойн баярт Төрийн тэргүүн оролцож үг хэллээ. Түүний тойруулж голдуу хэлсэн үгийн гол "бай”-г Н.Энхбаяр гэж олон нийт ойлгосон бололтой. Гэвч Засгийн газрын "нөхөөсний” зургаан сайдын суудлын төлөө ямар гээчийн бохир үйл явц өрнөж байгааг тэрбээр хатуухан хэлээд авсан. Ялангуяа Ерөнхий сайд руу мессеж бичин дарамталдаг, хэнд аль салбарыг өгөхийг заадаг, тулган шаарддаг зүй бус үйлдлүүд хийгээд өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүн бүр ээлжлэн дараагийн Засгийн газраас сайдын суудал авдаг, нэхдэг жишиг тогтох гээд байгаа гашуун үнэнийг ч илчиллээ. 

 

Жишээ нь, МоАХ фракц л гэхэд Зам тээврийн яамыг өмчилсөн мэт заавал дэмжигчдээ зүтгүүлж байгааг бид харж байна. МоАХ-ны "босс” Х.Баттулга гишүүн өмнө нь хэн ч үл таних хуульч, өмгөөлөгч А.Гансүхийг дэд сайдаар урьж авчраад "алдаагаа хянуулдаг” байв. Дараа нь өөрөө огцрохдоо "дан дээлтэй” гэх тодотголоор чимээд түүнийг орондоо томилуулчихаад ард нь командалж байсан. Тэр үед бие хамгаалагч нь байсан Б.Батзаяа гэдэг залууг хүртэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар суулгаад төрийн өмчит томоохон компаниудын ТУЗ-ийн гишүүнээр  давхар томилж байсан. Төмөр өргөж байсан тэр залуу төмөр замыг ойлгох гэж их хичээсэн нь дурсамж болон үлдсэн бизээ. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч тус салбарыг МАН-д өгснөөр "тормоз” гишгээд байсан нь одоо сэдэрч "фракцийнхаа яамыг” авахаар улайрч эхлэв.

 

"МоАХ”-ын босс Х.Баттулга  "Зам тээврийн яам” гэдэг компани байгуулсан бол өөр хэрэг. Түүний илгээсэн кандидат нь энэ удаад хувилбартай. Л.Эрдэнэчимэг ба Б.Наранхүү. Яаж ч бодсон энэ салбарыг тэргүүлэх "шилдэг” сонголт биш байгаа биздээ. Гэвч Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг дарамтлуулж байж сайд болоод тээврийн салбарыг удирдаж чадах уу. 

 

Гэхдээ Х.Баттулгын хувьд өөрийнх нь үгэнд орох, энэ салбарыг бага мэдэх тусмаа сайн гэсэн хоёрхон шалгуурыг тавьжээ. Тавантолгойн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд "Тавантолгойг гацаасандаа баяртай байна” гээд ярилцлага өгчихсөн байна билээ. Хөгжлийнхөө нэг сувгийг арчаагүй ашиг хонжооны улмаас гацаачихаад ингэж ярьж суудаг төрийн түшээ байдаг ч юм уу, гайхаж хоцорлоо. Гэтэл ийнхүү гацаасныхаа төлөө Зам тээврийн сайдын суудлаар шагнуулахаар "босс”-оо илгээчихээд ажлаа тайлагнасан нь энэ бололтой. Фракцийн дарга нар яг компанийн захирал шиг авирлаад байгаа болохоор өөрөөр юу гэж тайлбарлах билээ.

 

Дараагийн кандидат болох Б.Наранхүүгийн хувьд уяач гэдгээс өөрөөр мэдэх юм үнэндээ бага. "Женко” Х.Баттулга  Б.Наранхүүг "өөрийн болгосон” шалтгаан бас сонин. Учир нь баячууд баячуудаа худалдан авах процесс нь хурдан морины наймаанаас өөр ажээ. Тэрээр "Би чамайг АТГ-т шалгуулж хэрэг чинь илэрч ачигдах гээд гавлуулах гээд сууж байхад тэднээс мулталж АН-ын ҮЗХ-ны гишүүн болгож өгсөн” гэж байгаад үгэндээ оруулж авчээ. Одоо Л.Эрдэнэчимэгийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийг богтолж Зам тээврийн сайд болгох гэж байгаа нь энэ. Магадгүй Тавантолгойн ажлын хэсгийг ахлуулахдаа л "Бурмаагаас юугаараа дутахав, ичилгүй зүтгэ” гээд дал мөрийг нь илсэн бололтой. Түүнээс биш "Бенц”-тэй бүхэн зам тээврийн салбарыг удирддаг бол өөр сонголт байсан л баймаар. Х.Баттулга ийм муу хөзөртэй байсан бол яах гэж тоглосон юм бэ дээ. "Ар нь түүз” байх гэж бодтол арай ч дээ.

 

Уг нь сайд болох гээгүй ч бусдын, ялангуяа салбарынхны захиалгаар "Сайд болох” даалгавар хүлээгээд наймаалцах ч үгүй, цухуйлгах ч үгүй урдах ажлаа хийгээд явж байгаа хүн цөөнгүй. Тэдний нэг нь Г.Батхүү. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ёстой л салбар бүрийн сайдыг хийчихэж чадахаар туршлага цуглуулсан энэ улстөрч "архи зардаг” гэдэг айхавтар шантаажтай. Төлсөн татвараас нь ичдэггүй төр нь түүнийг даанч тоодоггүй. Өөрөө ч бизнес хийдэг байсан нь гэм буруу мэт намын дүрэмдээ дөрлүүлчихээд намбайж яваагаа болоо гэж боддог бололтой. Дээр нь "МоАХ-ынх биш” учраас Зам тээврийн сайд хийж "болохгүй”. Инээдтэй, эмгэнэлтэй энэ шалтгааныг нь улстөрчдөөс бусад нь ойлгохгүй, "Чи дуугүй байх эрхгүй. Харж байгаад энэ салбарыг сүйтгүүлж байхаар зүтгээд үздэггүй хувиа хичээсэн амьтан” гэхчлэн хатуу, зөөлөн үгсээр булах болжээ.

 

МоАХ-ынх биш байсан бол энэ салбарын сайдыг хийчих санаатай явдаг дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар. Замын компанитай болохоор ашиг сонирхлын зөрчил гээд бөөн юм болох нь мэдээж, хэрэв МоАХ фракцийнх байсан болнасаараа зам тавилаа, харин ч сайн мэднэ гэсэн пиархийгээд л сайд болчих байсан биз. М.Зоригт гишүүний нэр мөн л дуулдаж байсан ч "зөрүүд, үгэнд орохгүй, тэсрэлттэй” гэж тодорхойлоод шууд хассан аж. 

 

За яахав, бичигдээгүй бохир зарчмаа бариад, фракцийн эрх ашгаа улсын эрх ашгаас өндөрт тавьж МоАХ фракц Зам тээврийн яамыг авлаа гэж бодъё. Даанч дээ, яаж сонголт хийхээрээ "Монос” эмийн сангийн сүлжээний эзэн АСЕАМ айсуй энэ чухал цаг үед автозам, төмөр зам, агаарын зам, усан замыг бушуухан мэддэг болчихоод салбарыг удирдана гэж бодож чадав аа. Түүнд ядаж Р.Амаржаргал, С.Одонтуяа, Ц.Баярсайхан нарын адил "өгч буй салбарынх нь хүндрэлийг мэдрээд, чадах эсэхээ гадарлаад "Үгүй” гээд хэлчих тэнхээ өгөлгүй худалдаад авчихсан хэрэг үү. 

 

Мэдрэмжтэй зарим фракц өгсөн сайдын суудлаас зугтаж байгаа сурагтай. "Хэр хүнд ачаа ирэх вэ, одоогийн нөхцөл байдал нь ямар байна, би дээрдүүлж чадах уу”. Улсаа хөгжүүлэхэд нэмэр болохсон гэсэн сэтгэл өвөрлөсөн  улстөрч ингэж бодож чаддаг аж. Мундагтаа биш, зөв бодолтой, үүргээ ухамсарлан яах гэж ирснээ мартаагүй нь ингэж боддог юм. Сангийн сайд болох гэж уралддаг байсан үе өнгөрч манай урдаа барьдаг эдийн засагчдын баг гэж гайхуулдаг МҮДН фракцийнхан хүртэл жийрхэн зугтацгааж байна. Н.Батбаяр гишүүн л "үгүй” гэхгүй байгаа боловч догшин, агсам зан нь жийрхэхэд хүргэж түүнд Сангийн сайд болох санал тавиагүй байгаа гэлцэнэ. Тэгсээр Я.Санжмятав гишүүн дээр санал тунаж байтал "Шударга ёс” эвслийнхэн бас санаархаад байгаа сурагтай. 

 

Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр Зам тээврийн салбарт Х.Баттулгыг сайд байх үеэс гаралтай "но” байна. Бүр дэндүү том "но” байна. Үгэнд нь орохгүй хүнийг тэнд томилчихвол магадгүй Н.Энхбаярын дараагийн "оймс гозолзуулах” хүн нь Х.Баттулга ба түүний найзууд ч байж мэдэх юм. Ийм учраас булхайгаа нуун далдлах, хоёр хөршийн холбоотнууддаа амласнаа биелүүлэх, чадахгүй бол эвтэйхэн тайлбарлахын тулд заавал энэ салбарыг "атгаж” байх хэрэгтэй болсон байна. 

 

Тэр УИХ-ын даргатай тохиролцож чадсан байна. Ерөнхий сайдыг сүрдүүлж, дарамталж байна. Хүнд байдалд орсон Ерөнхий сайд хянах чадвараа алдвал яг Н.Батбаяр гишүүн шиг "Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулагчид миний удирдаж буй танхимд орсон. Үлдсэн нь багтахгүй намайг дарамтлаад байна. Ажлаа өгье” гээд гараад явчих зоригтой ч ихэд тэвчиж байгаа харагдана. Ингээд Ерөнхийлөгч л одоохондоо ил дарамтгүй байгаа учраас тойрууд замаар нэр дурьдалгүй хэлчихлээ. Гэхдээ одоохондоо!

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?