Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
ЦАГ ТООЛЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

ОН ЦАГ ТООЛЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

            Хүн төрөлхтөн эртнээс нааш байгаль дэлхийн элдэв үзэгдэл болон нар, сар, од, гараг дэлхийн хөдөлгөөнийг ашиглан цаг хугацааг тооцон хэмжисээр ирсэн байна. Эртний Ромчууд хавирган сар гарч эхлэхэд шинэ сар эхэлж байна гэж нийтэд зарлах гэсэн агуулгын доор сар бүрийн эхний тоог “КАЛЕНД” гэдэг байв. Тиймээс Календ гэж зарлах гэсэн утгатай Латин үгнээс “Календарь” буюу “Цаг тоолол” гэдэг үг үүссэн байна.

            Эртний Егепит, Мисир, Вавилон улсын одон орончид жил, сар, улирал тогтмол давтагдах зүй тогтолыг мэддэг байснаар барахгүй 3000 жилийн тэртээ хүмүүс оддын дундаас Буд, Ангараг, Сугар, Бархасвадь, Санчир гарагийг хараад зүг чиг, цаг хугацааг баримжаалдаг байжээ. Чухам тэр үеэс эхлэн цаг хугацааг нар, сарны хөдөлгөөнтэй уялдуулан тоолох болов. Нанхиадын эрдэмтэн мэргэд 2500 жилийн өмнө цаг тооллын бичгийг анх зохион хэрэглэж байсан гэж үздэг. Дорно дахины улс түмэн цаг хугацааг жаран жилээр багцаалан тоолдог бөгөөд уг тооллын эх нь МЭӨ 2937 он гэж үздэг. Энэ тухай Хятадын эртний домогт Төвдийн хааны эхнэр Хятадын гүнж уг тооллыг анх нээж хэрэглэсэн хэмээн өгүүлжээ.

 

 

 

            Зурхай болон цаг тооны бичгийг зохиох гол үндэслэл нь өдөр, сар, жилийн үргэлжлэх уртын хэмжээг тогтоох явдал юм. Цаг тооны бичгийг зохиохын тулд нар, сарыг оролцуулан долоон гараг болон 28 одны ордны байршил тэдгээрийн хөдөлгөөнийг тооцон бодож хийдэг. Тодорхой цаг мөчид дахин давтагдах өдөр, сар, жил гэсэн цаг хугацааны хэмжигдэхүүн нь гараг ертөнцийн аль нэг эрхэсийн хөдөлгөөнтэй шууд холбоотой болохыг мэджээ. Тухайлбал: Манай дэлхий өөрийн тэнхлэгээ бүтэн нэг эргэж өдөр шөнө солигдох хугацааг хоног гэх ба сар дэлхийг бүхэл нэг тойролт хийх хугацааг сар гэдэг. Сарны арвитал хомсдолын үргэлжлэх хугацаа нь нийгмийн харилцаа хөгжихийн дагуу үйл явдлын эрэмбэ дарааг тогтооход ямар нэг байдлаар багадах болов. Үүнийг өөрчлөхийн тулд янз бүрийн арга хэлбэр хэмжигдэхүүн гарч ирсэн байна. Түүний нэг нь манай дэлхий нарыг тойрон эргэх хугацаа юм. Нарыг манай дэлхий тойрон эргэх хугацаа нь түрүүчийн хоёроосоо хэдэн хувь илүү урт хугацаатай байсан тул олон улс орны цаг тооллын гол үндэслэл болж байв.

            Түүхийн урт хугацааны явцад сар жилийн эхлэх дуусах хэмжээг янз бүрээр авч байснаас дэлхийн түүхэнд олон зүйлийн адил бус зурхайн аргачлал, цаг тоолол гарч байсан төдийгүй олон удаа зурхайгаа шинэчилж байсан нь ч үүнтэй холбоотой юм. Гэхдээ үүгээр дамжин зурхайн судлал улам хөгжиж жил сарын үргэлжлэх хугацааг тооцон гаргасан хэмжигдэхүүн нь бодит байдалд улам ойртон зурхайн магадлал таамаглал ч дээшилсээр ирсэн байна. Ерөнхийдөө “Европ ёсны цаг улирлын тоо болвоос нарны явдлыг дагаж тогтоосон. Үүнийг аргын улирал гэнэ. Нэгэн жил нь 365 хоногтой. Христосын мэндэлсэн жилээс үүсгэн тоолсон. Шар зурхай ба Төвд зурхайн ёс гэвэл сарны явдлыг дагаж тогтоосон. Үүнийг билгийн улирал” гэсэн цаг тооллын хоёр гол тоолол байдгийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны эрдэмтдийн нэг О.Жамьян гуай маш товч болоод тодорхой дүгнэн бичжээ. 

            Өнөөдөр дэлхий дээр нарны хөдөлгөөнд тулгуурласан “Аргын тоолол”, сарны хөдөлгөөнд дулдуйдсан “Билгийн тоолол”, мөн арга билиг хосолсон “Шар зурхайн тоолол” хэмээх гурван тоооллын системийг даган мөрдөж байна. Дээрх гурван их тооллын зэрэгцээ уг тооллуудад тулгуурлан тооцдог “Хижрийн ёс”, “Төгс буянт зурхайн ёс” зэрэг тооллын аргыг зарим улс түмэн хэрэглэдэг. Энэхүү хоёр ёс нь арга билгийн тоололд тулгуурлан тооцдог тул арга билгийн үргэлжлэх хугацаатай тохирдог боловч жилийн эхлэлээ өөр өдрөөр авдаг болохоор тоолол хэмээн нэрлэдэггүй харин “цаг зурхайн ёс” хэмээн нэрлэдэг байна. Аргын тооллын жилийн үргэлжлэх хугацаатай нэг хоногоор ч зөрдөггүй боловч жилийн эхлэлээ өдөр шөнийн тэнцэл буюу 3-р сарын 22-ны өдрөөр авдаг “Хижрийн ёс”-ны тооллыг Лалын шашинт улсуудад даган мөрддөг байна. Харин хэзээ ч зогсдоггүй нэгэн жигд хөдөлгөөн хурдтай сарны хөдөлгөөнд тулгуурладаг боловч зарим өдөр нь давхарч эсвэл тасарч тооцогддог “Төгс буянтын зурхай ёс”-ыг өнөөдөр зөвхөн Төвд, Монгол хоёр улсад л даган мөрдөж байна.

            Арга болон Хижрийн ёс нь нарыг дэлхий ертөнцийн төв болгон тооцдог бол Шар зурхайн тоолол нь эх дэлхийгээ гараг ертөнцийн төв болгон тооцсоноороо зарчмын ялгаатай боловч энэхүү гурван тооллын арга нь эх дэлхийгээ бөөрөнхий болоод тэнхлэгээ тойрон эргэдэг хэмээн үздэгээрээ нийтлэг юм. Гэтэл сарны хөдөлгөөнд тулгуурласан “Төгс буянтын зурхайн ёс” нь эх дэлхийгээ хөдөлгөөнгүй хавтгай мэт үзсэнээрээ дээрх гурваасаа эрс ялгаатай юм. Тиймээс “Төгс буянтын зурхай ёс”-нд зарим өдөр нь тасарч зарим өдөр нь давхцан таардаг учиртай юм.

 

 

 

            Лал, Христос, Буддын шашны зурхайчид нар, сар, од, гарагийн хөдөлгөөнийг өөр өөрсдийн ойлголт арга барилаар цаг хугацааг хэмжиж хоорондоо зөрөөтэй боловч тухайн үедээ ихээхэн дэвшилттэй таамаглал, цаг тоолол гаргаж байсан жишээ баримт түүхийн хуудаснаа олон байна. Эртний уламжлалт он тооллын түүхэнд он удаан жил хэрэглэгдсээр ирсэн Буддын тоолол нь одоогоос 2671 жилийн, Христосын тоолол нь 2011 жилийн өмнө, Лалын Хижр тооллын ёс нь Христийн тооллын 622 онд үүссэн байна. Эдгээрээс үзэхэд энэхүү тооллууд нь тэнгэр дэлхий гараг эрхэсийн хөдөлгөөнийг бус харин Буддын шашныг үндэслэсэн Бурхан багшийн төрсөн Христосын тооллын өмнөх 660 оныг, Лалын шашныг үндэслэсэн Мухаммедын төрсөн Христийн тооллын 622 оныг эх болгон авсан байна. Харин өнөөдөр дэлхий нийтээрээ даган мөрдөж байгаа аргын тооллын үндсийг ХТӨ 46 онд тавьсан боловч Христосын мэндэлсэн жилээр он тооллынхоо эхийг авсан тул өнөөдөр Христийн тооллын 2011 он болно. Дээрх лугаа нэгэн адил зарим улс гүрэн гараг эрхэсийн хөдөлгөөнд тулгуурласан цаг тооллын зэрэгцээ шинэ эзэн хаан сууринд суусан оныг тухайн хааныхаа нэрээр нэрлэн тоолж түүхэн хэрэг явдлыг бүртгэж байсан уламжлал Дорно дахины улс түмэнд өргөн дэлгэр байжээ.

 

АРГА БА БИЛГИЙН ТООЛОЛ

            1.АРГЫН ТООЛОЛ: шинжлэх ухааны үндэслэл тооцоотой “Юлийн тоолол” гарахаас өмнө буюу ХТӨ-х III зуунд Грекийн гүн ухаантан Аристарх, Саоский нар дэлхий нарыг тойрон эргэдэг болохыг дэвшүүлж байсан тул аргын тооллын тухай ойлголт энэ үеэс тавигджээ. “Самосын Аристарх нь Христоын эринээс бүр өмнө 270 жилийн өмнө дэлхий нар хоёрын тухай Коперникийн онолыг дэвшүүлсэн юм” гэж Ф.Энгельс тэмдэглэжээ. ХТӨ-х III зуунд дэлхий нарыг тойрон эргэдэг таамаглал үүссэнээс хойш дэлхий нарыг тойрон эргэх хугацааг янз бүрээр авч үзэж байсан тул олон тооны цаг тооллын арга гарахад хүргэсэн бололтой. Эдгээрийн дотроос ХТӨ-х 46 онд Ромын цэргийн жанжин Юлий Цезарийн хүсэлтээр Егепитийн одон орон судлаач Созигены зохиосон тоолол нь дэлхий нарыг тойрох бодит хугацаатай нилээд ойртсон тоолол болж чадсанаараа ихээхэн амжилтыг олов. Энэ тооллоор манай дэлхий нарыг 365 хоног 5 цаг 48 минут 46 секунтэд бүтэн нэг удаа тойрдог хэмээн үзжээ. Тооллын энэ хугацаа нь гурван жил дараалан 365 хоногтой энгийн жил дөрөв дэх жилийг нь 366 хоногтой өндөр жилээр тооцож байв. Одон оронч Созигены зохиосон цаг тооллын аргачлалыг Ромын хаан Юлий Цезарь зарлиг буулган баталгаажуулсан тул энэхүү тооллыг “Юлийн тоолол” гэж нэрлэдэг. “Юлийн тоолол”-ыг Европын ихэнх улс түмэн 1500 жил хэрэглэжээ.

            1500-аад оны дунд үед Польшийн алдарт одон оронч Н.Коперник буд, ангараг, дэлхий, сугар, бархасвадь, санчир зэрэг гараг эрхэс нарыг тойрон эргэдэг болохыг баталсан “Тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөний тухай” бүтээл туурвисан юм. Коперникийн гаргасан онолоос хойш “Юлийн тоолол”-ийн алдаа нь мэдэгдэх болсон бололтой. Тиймээс 1515 онд “Юлийн цаг тоолол-”ыг шинэтгэх ажилд оролцох урилгыг Коперник Ром хотоос хүлээн авав. Католик шашныхан энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч Европын нэр хүндтэй эрдэмтдийг татан оролцуулжээ. Өдөр шөнийн тэнцэл болон сарны аривдах хомсдох мөчлөг жилийн үргэлжлэх хугацаа зэрэг одон орны бусад зарим үзэгдлүүдийг нарийн тодорхойлохоос бүрэн дүүрэн хамаарах байсанд хэргийн учир оршино. Юлийн цаг тооллын бичгээр бол жил нь жинхэнэ хэмжээнээсээ урт байжээ” Тиймээс Юлийн тоололд тулгуурлан түүнийг улам боловсронгуй болгож сайжруулсан цаг тооллыг Италийн тоо, од зүйн эрдэмтэн Лилиё Луйджи боловсруулжээ. Уг цаг тооллыг Ромын хамба лам XIII Григорий баталгаажуулж 1582 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэглэсэн байна. Тиймээс энэ тооллыг “Шинэ тоолол буюу Григорийн тоолол” гэж үздэг бөгөөд одоо дэлхийн бүх улс оронд даган мөрдөж байна. Энэхүү шинэ тоолол буюу Григорийн тооллыг Монголчуудаас хамгийн анх Европ соёлын хүрээлэл дунд байсан баруун Монголчууд буюу Халимагууд авч хэрэглэсэн байна.

 

 

 

            2.БИЛГИЙН ТООЛОЛ Эртний хүмүүс ялангуяа Дорно дахины болон Монголчуудын танин мэдэж хөгжүүлсээр ирсэн билгийн тооллын үндсэн тулгуур нь сарны хөдөлгөөн юм. Хүний нүдэнд хамгийн ил тод харагддаг сар нь тодорхой хугацаанд хэлбэр дүрсээ өөрчлөн хувиргаж байхыг ажиглаж мэдсэн мэдлэг нь цаг хугацааг хэмжих гол хэрэглүүр болгожээ. Энэхүү өөрчлөгдөн хувирч байгаа хэлбэр дүрс нь тодорхой хугацааны дараа дахин давтагдаж байгаа байдал нь цаг тооллын үндэс болов.

            Эрт цагт сар бол хүмүүсийн анхаарлыг ихэд татсаар ирсэн бөгөөд өдрөөс урт хэмжилтийн нэгж хэрэгтэй болсон нь сарыг ажиглах явцад түүний дүрс нь маш нарийн жам хуультайгаар хувирах удаа бүрийн аривдах хомсдох хоорондох хугацаа нь тогтмол байсан нь сарны хэмжилтийг бий болгов. Иймээс сарны дүгрэглэх хавираглах хоорондох хугацааг өдрөөс урт хэмжилтийн нэгж болгон авсан нь билгийн тооллын суурь болов. Өөрөөр хэлбэл бидний одоо хэрэглэж буй билгийн тоолол юм. Өдөр сарын энэ цаг хугацааг эртний мэргэд энгийн ухаарлаараа “Өвчингүй ардын 360 амьсгалыг нэгэн мөч, тэр жарыг нэгэн хоног, тэр гучийг нэгэн сар” болгон бичсэнийг одоогийн нарийн хэмжилтээр гарсан сарын гуч хоног буюу 29.5306 дундаж наран өдрөөс хэдхэн минутын зөрөөтэй байгаа нь үнэхээр гайхалтай. Энэхүү сараа 12 үргэлжлүүлж жил болгосон нь билгийн тооллын нэгэн жил юм.

            Монголын түүхээс үзвэл од эрхэсийн хөдөлгөөнийг танин мэдэх болсон нь гучаад мянганы тэртээ болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Нар, сарны хөдөлгөөн он цагийн тооллыг мод, яс, чулуун дээр зурж тэмдэглэж байсан нь гучаад мянган жилийн түүхтэй бол зурхай болон цаг тоолол, цаглаварын ухаан ч мөн тийм настай байж таараа. “Хүн сарны зурхайг чулуун зэвсгийн үед зохиосон гэж үздэг” бол энэ цаг үетэй холбоотой зурхай цаг тоололд хамааралтай эд өлгийн зүйл Монгол нутгаас олдосноор барахгүй арслан зааны соёонд сийлж урласан од эрхэсийн дүрстэй үнэт олдвор нь агуйд амьдрагчдын үетэй холбоотой билээ.

 

 

 

            Сарны буюу билгийн тооллын уг үндэс болсон сар манай дэлхийг тойрон эргэдэг хэмээх “Дэлхий төвтэй сургаал”-ыг анхлан дэвшүлж байсан хэмээн үздэг ХТӨ-х VI зуунд амьдарч байсан Грекийн философич Пифагорын “Дэлхий бөөрөнхий” гэх үзэл, ХТӨ-х IV зууны үеийн Грекийн гүн ухаантан Аристотелийн “Манай дэлхий ертөнцийн төв бөгөөд тэнгэрийн эрхэс дэлхийг тойрон эргэдэг” гэх онол болон ХТӨ-х II зуунд амьдарч байсан Миссирийн тоочин Птолемейн “Одот ертөнц дэлхий төвтэй” гэх гүн ухааны үзэл онол таамаглал гарахаас аль эрт өмнө Монголчуудын дээд өвөг “Дэлхий төвтэй” үзэл онолын үндэс болсон сар манай дэлхийг тойрон эргэх зүй тогтол сарны хөдөлгөөнд тулгуурласан билгийн тооллыг хэрэглэсээр олон зуун жил болсон байна. Нүүдэлчид сар манай дэлхийг тойрон эргэдэг гэх “Дэлхийн төвтэй сургаал” гаргаснаа мэдээгүй ч манай дэлхий гараг эрхэс ертөнцийн төв буюу “Дэлхий төвтэй онол”-д үндэслэсэн цаг тооллыг үүдэн бүтээжээ. Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн танин мэдэж Монголчуудын хөгжүүлэн хэрэглэсээр ирсэн сарны буюу билгийн тоолол нь сар манай дэлхийг тойрон эргэдэг хэмээх “Дэлхий төвтэй ертөнцийн онол сургаал”-ыг өөртөө агуулсан том шинжлэх ухаан болно.

 

 
Зочин
2014 оны 09 сарын 30
сайн блаа
Зочин
2014 оны 09 сарын 02
маш их хэрэг боллоо баяарлалаа
Зочин
2012 оны 02 сарын 01
good
Зочин
2012 оны 01 сарын 25
like
Зочин
2012 оны 01 сарын 25
like
Зочин
2012 оны 01 сарын 18
hi
Танилцуулга
- Шарнууд овогт Дондогжалын Мөнх-Очир
- 1962 онд Өвөрхангай аймгийн, Хархорин суманд төрсөн.
- 1980 онд Хархорин сумын 10 жил, 1984 онд УБДС-ийн Монгол хэлний ангийг төгссөн.
- 1984-1989 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд багш, 1989-1990 онд УБ хотын 1-р 10 жилд багш, 1990-1993 онд ЭМЯ-ны “Хэвлэлийн Нэгдсэн редакци”-д утга зохиолын ажилтан, 1993-2002 онд “ММ агентлаг”-т сэтгүүлч, “ТВ мэдээ” сонины Эрхлэгч, 2004-2006 онд УМХГ-т байцаагч, 2007 оноос БНСУ дахь УНДЕГ-ын төлөөлөгч зэрэг ажил эрхэлсэн.
- 2005 онд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 2004 онд “Боловсролын Тэргүүний Ажилтан” шагнал
- Өдгөө “Монголын Угсаа Гарвал Судлал Төв”-ийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
Шинэ нийтлэлүүд
Шүүгчийн алх дуугарсны дараа
Нийтлэгч - Улсболд
Хүүхэн болохын хүслэн болсон охидын нүцгэн зураг “Facebook”-ээр аялана
Нийтлэгч - ГЭРЭЛТУЯА
Гурван давхар өршөөлийн ноцтой заалтууд
Нийтлэгч - Улсболд
Эх орондоо ирсэн Н.Энхбаярыг цагаатгах уу
Нийтлэгч - Улсболд
Хурандаа Ч.Болдбаатарт хотын цагдааг удирдах чадвар бий
Нийтлэгч - Улсболд