Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилд

 

 

НЭГЭН ТӨЛГӨӨС ҮҮДСЭН ЦАГААН ХЭРЭМ

            МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрэн нь МЭ-ий 92 онд өмнөд, умард Хүннү болж задрах хүртлээ Төв Азийн газар нутгийг 300 гаруй жил ноёрхсон байна. Энэ хугацаанд тэдний эрхшээлд зүүн зүг буюу Шар мөрнөөс баруун тийш Ил тарвагатай хүрч, хойноос урагш Байгаль нуураас Цагаан хэрэм хүрсэн өргөн уудам газар нутаг орж байжээ. Ийм өргөн уудам нутагт Хүннүчүүд тал нутгийн соёлыг үүсгэн бий болгосноор барахгүй хөрш зэргэлдээ орнуудтай эдийн болон оюуны соёлыг өргөнөөр солилцож байв. Ялангуяа Тан улсын үед Хүннү, Хятадын одон орон зурхайн мэдлэг ухааны ололтууд харилцан бие биедээ эрчимтэй нөлөөлж байсан үе юм. Үүний нэг тод жишээ бол одон орон зурхайн ухааны гол үндэс суурь болсон арга билиг, таван махбодын сургаал юм.       

            Монголын одон зурхай судлалын ухааны үүсэл хөгжилт нь аль эрт үед холбогдох нь ойлгомжтой боловч түүх сударт тэмдэглэж үлдсэн нь Хүннүгийн үетэй холбоотой аж. Сурвалж бичигт Хүннү нарын тухай бичихдээ тэд сар тэргэллэх үеэр аян замдаа гараад сар таллах үеэр гэртээ буцаж ирдэг байсан нь эртний уламжлалтай байжээ. “Одон гараг сарны байдлыг харж байж аливаа үйлдлээ эхэлдэг болохыг Хан улсын сударч түшмэл “Хүннү нар дайн байлдаан хийхдээ хэзээд сарны тэргэлийг хүлээнэ” гэж бичсэн байна. Үүнээс үзэхэд Хүннүчүүдийн “Сарны тэргэл”-ийг үзэж дайтах байлдах болон баяр цэнгэлийн өдрөө сонгодог байсан нь Чингис хааны үед “Улаан тэргэл” өдрийг сонгож дайнд мордон, нүүж сууж байсан заншилын уг сурвалж болох юм. Хүннүчүүд одот тэнгэрийг шинжиж байлдах эсэхээ тогтоосны дараа дайн байлдаанд орохоос өмнө тэнгэр одыг тахин сүсэглэж“ байлдахдаа Ху Жин одыг тахидаг байжээ. Энэ тухай “Түүх тэмдэглэл-Тэнгэрийн ноёны бичиг”-т “Тэнгэрийн хоёр од гиртиг, ровагини хооронд улсын гол хил тэнгэрийн оёдол байна. Тэнгэрийн оёдолын өмнө Хува Ши Жин улс, тэнгэрийн оёдолын хойно харь Ди Жин улс” гэснээс үзвэл гиртиг од бол Хүннүгийн од, ровагини од бол Хан улсын од болохыг өгүүлжээ.

            Хүннүчүүдийн байлдахдаа тахидаг “Ху Жин од” бол Хүннүгийн од гэсэн үг буюу “Гиртиг од” болохыг одон орон судлалын бүтээлд дурдсан нь бий. Түүх сурвалжид Хүннүгийн дайсан Хан улс ч Хүннүгийн гиртиг одыг ажиглан шинжиж, Хүннүгийн талаар мэргэ төлгө тавьж зурхайлдаг байв. Хамгийн сонирхолтой нь Хүннү улсыг төлөөлсөн хэмээн үздэг Хүннүчүдийн шүтдэг Гиртиг долоон одыг багцалан зурсан зураг Өвөрмонголын Монь уулны хадны сүг зурагт дүрслэгдсэн байгаа юм. Энэхүү гиртиг од нь шар замын дагуух 28 одны доторх өрнө зүгийн “цагаан барсын орд”-д багтдаг тул Хүннү нар тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөний мөн чанарыг танин мэдэж байсны зэрэгцээ одон орон судлалын гол ухагдахуун болох 28 одон орны тухай шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байсныг илтгэнэ. Хориннайман одон орны тухай ойлголт нь Хятадын түүхэнд Байлдаант улсын үе хэмээн тэмдэглэсэн МЭӨ 476-209 онуудад дэлхийг бөмбөрцөг биет гэж сэтгэх болсон цагаас одон орон судлалд орж ирсэн байна.    

            Доктор Б.Ринчен “Хүннү улсын үед аян дайнд мордохдоо заавал сарын эхний дэлгэрч байгаа цагт тохиолдуулан 15-ны өдөр морддог байжээ гэж хоёр мянга гаруй жилийн өмнө байсан Хятад сударч Сыма Цзяны “Ши Жи” гэх түүхийн тэмдэглэлд буйг” иш татсан бол Доктор С.Дулам “Монгол домог зүйн дүр” номынхоо 87-р талд “Хүннү нар сар тэргэллэх үеэр аян замдаа гараад сар таллах үеэр гэртээ ирдэг гэснээс үзэхэд энэ нь эртний уламжлалтай бололтой. Ийнхүү сарыг эрхэмлэх үзэл сарны тухай домог зүй нь мөн чанартаа сарны зурхай билгийн үүсэлтэй хамаатай” гэсэн болохоор Хүннү гүрний үед сарны тооллыг хэрэглэж байснаар барахгүй энэхүү сарны тоололдоо 12 амьтны нэрийг авч хэрэглэсэн байна.

            Түүхч эрдэмтэн доктор Г.Сүхбаатар “Монголын эртний өвөг” зохиолдоо: “Хүннү нар амьтны мөчлөгийн 12 жилийн он тоолол хэрэглэж байсан гэх үндэс байна” гээд мөн Сяньби нар энэ талаар зохих хэмжээний мэдлэгтэй байсныг дурдсан төдийгүй олон эрдэмтэн мэргэд 12 жил амьтны мөчлөг тооллын үүслийг Хүннүтэй холбон үздэг нь бас ч түүхэн үнэнтэй болно.

            Арванхоёр жилийн тооллыг тусгайлан судалсан эрдэмтэн И.В.Захарова, В.А.Будерг нар “Түрэг Монголчуудын дунд цаг тооллын эргэлтэд амьтныг хэрэглэж байсан тухай” судалгааны өгүүлэлдээ: “Арванхоёр жил амьтны үе бол балар эртний хүй нэгдлийн байгуулалтын харьцаа үүсч байсан аймаг ястны дунд болон Төв Азийн нутаг дэвсгэрт ХТӨ болон ХТ-ын эхний зууны үед үүсчээ” гэснийг Хятад судлаач Францын эрдэмтэн Э.Шванн Хятадын түүхэн сурвалжийг ашиглан 1905 онд хэвлүүлсэн “Түрэгүүдийн 12 амьтнаар цаг тооллын эргэлтийг тоолж байсан нь” гэх өгүүлэлдээ Хүннүчүүд нь 12 жилийн амьтны үе тооллыг үүсгэсэн гэдэг таамаглалыг бүрэн дэмжсэн юм. Энэхүү таамаглалыг Хятадын эрдэмтэд зөвшөөрсөн төдийгүй Хятадын түүхч Чжао И (1727-1844 он) аванхоёр жилийн тооллыг Хан үндэстэн Баруун Хан улсын үед (ХТӨ 206-ХТ 25 он) Хүннү аймгаас авсан гэж давхар батлав. Хүннүгийн хаан “Шаньюй өглөө ордноосоо гарч ургах наранд, орой саранд мөргөн могой нохой өдөр эрхэмлэдэг” байсан тухай доктор Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” зохиолдоо бичсэн бол “Хан улсын бичиг Хүннүгийн шашдир”-т: “Шаньюй өглөө эрт хүрээнээс гарч мандах нарыг тахиж, шөнө болбоос сарыг тахина. Тэдний суудал нь ахмад нь зүүн талд умарш хандан сууж, нар мандах зүгийг эрхэмлэнэ... Хэрэг учирт ямагт сарыг дагаж, сар дүгрэг болвол идэр чийрэг нь байлдаанд орж, сар хэлтгий болвол цэрэг ухарна” гэж тэмдэглэсэн зэргээс үзвэл тэд сарны хөдөлгөөн болон цаг хугацааны мөчлөг дахь жил, сар, өдөр гэсэн үечлэлийг 12 амьтнаар илэрхийлэхдээ сайн муу өдрийг сонгож тодорхой хэдэн өдрийг эрхэмлэдэг байсан тухай түүхэнд олонтоо тэмдэглэн үлдээжээ.

            Өвөрмонголын эрдэмтэн Тогтохын 1993 онд хэвлүүлсэн “Эсгий туургатны түүх”-нд “Хойд Хан улсын бичиг өмнөд Хүннүгийн шашдир”-аас эш татсаныг үзвэл “Хүннүгийн заншил нь жил бүр гурван удаагийн луугийн тахилга хийнэ. Ямагт цагаан сар, таван сар, есөн сарын шар өдрийг сонгон тэнгэр сахиулсныг тахидаг” гэж тэмдэглэсэн байна. “Луу тахина” гэгч луу од тахихыг хэлж байна. Хориннайман одны доторх “Хөх луугийн одны орд”-ыг зааж байна. “Билгийн улирлаар тооцвол тэр жилийн эхэн сарын үдшээр луу од мандана. Зуны туйлын урьд хойно тохиолдох таван сард луу од яг огторгуйн дагини дотор, есөн сар болоход мөн газарт шингэнэ. Энэ гурван цагт тэнгэр тахих нь яг зүйд нийцнэ” гэснээс үзвэл Хүннүчүүдийн луугийн тахилга од эрхэсийн орчил хөдөлгөөнтэй холбоотой байгаль цаг уурын хувиралтанд зохицуулсан одон орон судлалд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй тахилгууд ажээ. Тухайлбал: жилийн эхний сард луу од мандахад түмэн бодис амилан сэргэж юм бүхэн эхлэх энэ үед Хүннүчүүдийн жилийн эхний бага хуралдай “Шаньюй ордонд” болж шинэ жилийн баяр хийдэг нь сүүлийн үеийн Монголчуудын “Хувь сар буюу цагаан сар” юм.            “Хүннү нарын цагаан сар, тав, есөн сарын гурван тахилга бөөгийн шашны зан үйлээр гүйцэтгэдэг байсан нь тодорхой. Хүннүчүүд 5-р сард цугларан тэнгэр тахидаг байжээ. Эдгээр тахилга нь Монголчуудынхтай шууд залгамж холбоотой гэж хэлэхээр байна” гэж доктор Г.Сүхбаатар бичсэн байна. Эрдэмтэн Х.Сэрройс эдгээр сар өдрийг “Зулга тахилга” гэдэг болохыг олж тогтоосон бол “Хан улсын шашдир”-т Хүннү нар “Жилийн цагаан сард олон ноёд Шаньюйн ордонд бага хурал болж тахил үйлдэнэ. Тавдугаар сард Луугийн хотод их хурал болж дээдэс тэнгэр газар, чөтгөр сахиулснаа тахина. Намар агт таргалсан хойно Дайминд их хурим хийж хүн малын дансыг тооцно” гэж Ван Хү-ний хэлснийг товч тодорхой тэмдэглэсэн байна. Цааш нь уг шашдирт “Энд он сар өдөр шар (шороо махбодтой буюу шар, шарагчин) байна” гэж тэмдэглэсэн бол бас өөр нэгэн тэмдэглэлд “Хүннүчүүд шар, шарагчин өдрийг эрхэмлэнэ... тэнгэр тахихдаа шар, шарагчин өдрийг сонгож” тэнгэр сахиулсан тахидаг өдөр нь шар өнгөтэй буюу шороо махбодтой байхыг ихэд чухалдаг байснаас үзэхэд Хүннүгийн үед таван махбодын онолын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байсны шинж юм. Эдгээрээс үзэхэд Хан улсын цагаан сар нь бар сар болох бөгөөд Хүннүгийн цагаан сар ч мөн адил бар сар болох ажээ. Тиймээс Хан улс болон Хүннүгийн он тоолол нь адил байсан байна.

            Одон орны судлал нь нэгэн зүйлийн мэдлэгийн хувьд Хүннүчүүд хүндэтгэлтэй ханддаг байсан ч түүхэн бичгээс үзэхэд Хүннүчүүд эхний үедээ “Хан улсын цагаан сарын шинийн нэгнийг хэрэглэхгүй” гэдэг нь хэдийгээр улс төрийн шалтгаантай боловч түүнийг улам дэлгэрүүлжээ. Өөрөөр хэлбэл Хүннүчүүд өөрийн цаг улирлын тооны бичигтэй болж чадсантай холбоотой юм. Хүннүчүүд чухам ямар зурхай хэрэглэж байсан тухай тодорхой тэмдэглэл үгүй боловч түүхэн баримтаас үзэхэд “байгалийг ажиглан цаг улирал тогтоох” билгийн улирлын зурхайн ёсыг ашиглан хэрэглэж байсан гэж үзэлтэй. Ямар зурхайг хэрэглэсэн ч тэр Хүннүчүүд цаг улирлаан тогтоох одон орны цаг тоолол лав байжээ. Энэ тухай “Эсгий туургатны түүх” номонд “Тэд нарын нэгэн жил хавар, зун, намар, өвөл буй. Нэг жил нь мөн л арванхоёр сартай. Эдгээрээс үзвэл Хүннүгийн цаг улирал нь Хуашияантай ялгаагүй” гэсэн байна.

             “Эсгий туургатны түүх”-нд Хан улсын үеийн судраас эш татсанаас үзвэл Хүннүгийн хаадын зохион байгуулсан засаг төрийн байгууламж нь “Дөрвөн тулгуур”, “12 их захиргаа” гэж хуваахаас гадна “24 бага захиргаа” болгон хэсэглэн хуваасан байна. Эдгээрийн үндэслэл нь одон зурхайн ухаан болно. Одон зурхайн ухаанаар шинжвэл “Дөрвөн тулгуур” гэдэг нь жилийн дөрвөн улирал, “Арванхоёр их захиргаа” гэдэг нь хулгана, үхэр, бар, туулай, луу... гахай зэрэг 12 эш эрхтэн болон 12 сарын тоог илэрхийлж байгаа бол “Хорин дөрвөн бага захиргаа” нь жилийн 24 улирлын тоо болох юм. Үүгээр үзвэл Хүннүгийн хаад ноёд нь нэгэн жилд тохиох дөрвөн улирал, 12 сар, 24 улирлын хэмнэлд тулгуурлан засаг захиргааны нэгж болон цэрэг армиа зохион байгуулж байв.

            Хүннүчүүд тэнгэр эрхэсийн зүй тогтол болон Шар замын дагуух 28 оддын ордын мэдлэг өндөр байсан болоод цэрэг армиа хүртэл тэнгэрийн таалалд нийцүүлэн зохион байгуулж ялалт олсон тухай баримт түүхэнд олон тэмдэглэн үлджээ. “Түүх тэмдэглэл-Хүннүгийн намтар”-т “Модун шаньюй дөчин түмэн морьт цэргээр Хан улсын хаан Лю Банг бүслэхэд баруун талаас цагаан морьт цэрэг арван түм, зүүн талаас нь борь морьт цэрэг арван түм, хойд талаас нь хар морьт цэрэг арван түм, өмнөд талаас нь зээрд морьт цэрэг арван түмээр даран орсон” тэмдэглэл буй. Цааш нь уг намтарт “Хүннүчүүд Хан улсын Лю Бантай байлдахдаа 28 одон ордоор цэргийн жагсаал бүрэлдүүлж дорно “Хөх луугийн орд” хэмээн бор морьт цэрэг арван түм, “улаан боширгийн орд” тул зээрд морьт цэрэг арван түм, өрнө зүг “цагаан барсын орд” хэмээн цагаан морьт цэрэг арван түм, умар зүг “яст мэлхийн орд” тул хар морьт цэрэг арван түмээр хотыг нь бүслэсэн байна. Тийнхүү одот тэнгэрийг судалж, шар замын дагуу байрласан 28 одны ордыг дайнд ашиглаж дайны нэгэн хэрэглүүр болгож байсан нь үнэхээр гайхалтай.

            “Нийтийн он тооллоос өмнөх 201 онд Хүннүгийн морьт цэрэг Лю Бан-ыг Бай Дуанд бүслэн байлдахдаа түүний баруун этгээд нь цөм цагаан, зүүн этгээд нь цөм хөх, умард этгээд нь цөм хар, өмнөд этгээд нь цөм улаан морьтой байжээ” гэсэн тэмдэглэлээс дүгнэхэд Зурхайн ухаанаар өмнө зүг нь улаан, хойд зүг нь хар, зүүн зүг нь хөх, баруун зүг нь цагааныг илтгэдэг бол энэхүү Хан улсын хаан Лю Баны дөрвөн талаас нь бүслэсэн байрлалт дөрвөн өнгийн морьт цэрэг болон засаг захиргааны нэгж, цэрэг армиа зохион байгуулж байснаас харахад Хүннүгийн үед зурхайн ухаантан цэргийн эрдэмтэн нар байсныг бүрнээ илтгэж байна. Хүннүчүүд дайснаа найман хүлэл, таван махбод, 28 одны ордын зөв зүй зохистой зурхайн аргачлалын жагсаалаар бүслэн авч ялалт байгуулсан байна. Хүннүчүүд цэрэг армиа өнгөний бэлэгдэл ёсоор жагсаан байрлуулж хар зурхайн таван махбодын онол арга зүйг цэрэг дайны үйл ажиллагаанд амжилттай хэрэглэж байсны баттай гэрч юм. Хүннүчүүдийн одон орон зурхайн ухаан дахь хар зурхайн таван махбодын онол арга зүй, таван өнгөний сургаал тэдний гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл санааных нь гол цөм болж байв. Хүннүгийн үеэс нааш монголчууд цагаан өнгийг бэлэгдэх болж хаад ноёд баяр ёслолд цагаан дээл өмсөж, цагаан морь унах болжээ. 

            Түүний зэрэгцээ Хүннүчүүд байгаль цаг уурын байдлыг урьдчилан тооцон үзэж ган зуд зэрэг байгалын хүнд хэцүү цаг хугацааг байлдааны нэг хэрэгсэл болгож байсныг одон орон зурхайн ном болон түүхэн сурвалжид “Хүннүчүүд морины жолоог өмнөш залсан үеийг шинжвэл ямагт одон орны шинж тэмдэгтэй аж. Хан улсын төрийн таван махбодын ухаантан (зурхайч) нар үүнийг төлгө үздэг байсны гэрч гэдэг. Хүннүчүүд ийм үзэл онолыг хэрэглэдэг байсан бол тэд нарын цэрэг давших нь зарим нэг одон орны ухааны үзэлтэй байсан бөгөөд наад зах нь тэдгээр ган гамшиг нь тэд нарын цэрэг дайчлан байлдаан хийх шалтгааны нэг болгон” ашиглаж байсныг бичжээ. Хүннүгийн одон зурхайчид од гарагсын хөдөлгөөн хэмнэлээр хоёр, гурван жилийн цаг уурын байдлыг тооцон гаргаж чаддаг байжээ. Эндээс дүгнэн үзэхэд Хүннүгийн одон зурхайчид байгаль цаг уурын төлөв байдлыг урьдчилан мэдэхэд гол тулгуур болдог таван гараг хийгээд 28 од төдийгүй 24 улирлын талаар өргөн мэдлэгтэй байсныг харуулах юм. Хүннүчүүд нь нарны хэмнүүр ашиглан сүүдрээр цаг мөчийг тогтоож байсны зэрэгцээ гоожуур цагийг ашиглаж байсны баримт болох олдворыг 1977 онд Хүннүгийг уугуул нутаг болох Өвөрмонголын Их зуу аймгаас илрүүлжээ. Энэ гоожуур цагийг МЭӨ-х 27 онд баруун Хан улсын үед үйлдсэн болохыг археологчид тогтоосон байна. “Нарны хэмнүүр ба гоожуур цаг нь тэр үеийн одон орон судлалын чухал багаж бөгөөд цаг хугацааг хэмжих гол хэрэгсэл болж байсан юм.

            Хүннүгийн эрдэмтэн мэргэд ч өөрсдөө одон орон зурхай судлалын багаж төхөөрөмжийг санаачлан хийж одон орон судлалдаа ашигласнаар ирсний зэрэгцээ “Лю Жуу сууринд суусны дараа “Үүрд баясгалант ордны зүүнд ноёдын хүүхдийн сургууль байгуулж төв ордны баруунд бага сургууль байгуулж” зуун овогт залуучуудаас охийг шилэн мэргэн 500-н сурагчийг суралцуулсан бөгөөд нэрт эрдэмтэн сургагч багш залан эрхэлсэн” энэ үед одон орон зурхай судлалын эрдэмтэн мэргэд олноор төрөн гарч одон орон зурхай судлалч өндөр түвшинд хүрснийг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдсэн байна.

            Хүннүчүүд 12 жил амьтны тооллын суурийг тавьж зурхайн хувьд өндөр мэдлэгтэй байсан нь тэр үеийн “Торгоны зам”-ын зэрэгцээ тухайн үед өөрсөдтэй нь эн зэрэгцэн гарч ирсэн Энэтхэг, Хятадын Хан улстай өргөн харилцаатай байж харилцан бие биеэсээ суралцан хөгжүүлж байсантай холбоотой. Мөн өнөөдөр өрнө дахинд өндөр хөгжилтийг олоод байгаа ордны зурхай буюу манайхны ЕвроВын зурлага хэмээн ойлгодог 12 ордны зурхайн тухай ойлголт нь аль эрт Монгол нутагт оршин тогтнож байсан Хүннүгийн үед хэрэглэгдэж байсан ажээ. Тэр үед өнөөгийн “бумба, загас, матар...” гэхчилэн адилхан нэрлэж байсан бол харин эртний ном зохиолоос үзэж байхад тухайн үед “12 орд” гэдэггүй харин “12 гэр” хэмээн нэрлэдэг байжээ. Сүүлийн үеийн орчуулагчид Орос хэлэн дэх утгаар нь “Орд” хэмээн орчуулснаас хойш 12 орд хэмээн нэрлэж хэвшсэн байна. Энэхүү орд буюу гэрийн зурхайн зурлагыг Хүннүгийн үеэс эхлэн XVII зууны үе хүртэл Монголчууд хэрэглэж байгаад Монголд шарын шашин нэвтрэн орж Төвдийн зурхай дэлгэрэх болсон үеэс мартагдаж эхэлсэн бололтой.   

            Цинь Улсын хаан Цинь Шихуан “Улсаа мөнхжүүлэхийг мөрөөдөж түүндээ дайсагнах аливаа аюулыг урьдчилан харах оролдлого хийхдээ мэдээж төлгөч зурхайч нарт найддаг асанж. Нэгэн удаа зурхайч их хаандаа: “Цинь улсыг Ху мөхөөнө” гэсэн төлгө буулаа хэмээн айлтгажээ” Ингээд Цинь улс Хүннү улсыг дайлаар мордоход нь “Энэ дайныг эхлүүлэхгүй гэж Цинь Шихуаны зарим түшмэд оролдож байжээ. Тухайлбал чинсан Ли Сэ “Битгий Дундад улсыг бүрэлгэж, Хүннүг баясгаач” хэмээн эзэн хаанаа ятгасан боловч “Цинь улсын төрийг мөхөөх нь Ху мөн гэсэн нэгэн бэлэгдэл үгээс өдөгдөн Хүннү улсыг хойд хязгаарт хөөж урт цагаан хэрэм цогцлогдон” бүтжээ. Ийнхүү “Цин-ийг мөхөөгч нь Ху болой” гэсэн төлгийн дөрвөн үсгээр халхавч болгон дайтсан Цинь Шихуан хаан ХТӨ 210 онд нас барахдаа “Урт цагаан хэрэм”-ийг бариулсан тул Цинь улсыг Ху лав мөхөөхгүй боллоо” гэв. Гэвч төлгийн нарийн учрыг төлөгч өөрөө мэдээгүйн адил хаан бүр ч хол эндүүрчээ. Хамаг учир түүнийг нас барсны дараа эхэллээ. Цинь Шихуан хаан ширээгээ ууган хүүдээ гэрээслэсэн. Гэтэл хатан нь өөрийн хайртай дунд хүүдээ хааны тамгыг өгөхийн тулд гэрээсийг засав. Дунд хүү нь Цинь Эрши хэмээгдэн хаан ширээнд суув. Түүний нэрийг Ху Хай Цинь гэдэг ажээ. Ху Хайгийн засаглал нь догшин ширүүн дэндүү увайгүй байсан тул дөнгөж гурван жил тэсээд Лю Баньд төрөө алдав. Ийнхүү Цинь төр Шихуаны ойлгож байснаас тэс өөрөөр мөхөж Хятадын Ханлигуудын дотор хамгийн богино настай нь боллоо. Хятадын их түүхч Сы Мацянь энэ төлгийг гайхан бишрэхийн зэрэгцээ “Цинь Шихуан гадны Хуг сэрдээд өвөр дэх Хугаа эс анзаарав.” гэж харуусан тэмдэглэжээ.

 

 
Зочин
2012 оны 02 сарын 01
ertnii mongolchuud zurxain uxaanaar iim undur medlegtei bhad unuugiin lam nar ichmeer yumaa tsagaan saraa xurtel zoruuleed
Зочин
2012 оны 02 сарын 01
Ertnii mongolchuud iim mundag medlegtei bhad 21-r zuunii lam nar mun ix tenegtex yumdaa
Мөнхжаргал
2012 оны 01 сарын 19
Тулгар төрийн ойд зориулан, эрхэм Д. Мөнх - Очир Монгол одон зурхайн талаар түүхэн бодит үндэслэлтэй нийтлэл бичсэн нь миний нүдийг нээж, үндэстнээрээ бахархах омогшлийг улам бадрааж өглөө.
Bayasaa
2012 оны 01 сарын 05
Xoox gaixaltai iim mundag merge tolgo bh ni ee
Танилцуулга
- Шарнууд овогт Дондогжалын Мөнх-Очир
- 1962 онд Өвөрхангай аймгийн, Хархорин суманд төрсөн.
- 1980 онд Хархорин сумын 10 жил, 1984 онд УБДС-ийн Монгол хэлний ангийг төгссөн.
- 1984-1989 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд багш, 1989-1990 онд УБ хотын 1-р 10 жилд багш, 1990-1993 онд ЭМЯ-ны “Хэвлэлийн Нэгдсэн редакци”-д утга зохиолын ажилтан, 1993-2002 онд “ММ агентлаг”-т сэтгүүлч, “ТВ мэдээ” сонины Эрхлэгч, 2004-2006 онд УМХГ-т байцаагч, 2007 оноос БНСУ дахь УНДЕГ-ын төлөөлөгч зэрэг ажил эрхэлсэн.
- 2005 онд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 2004 онд “Боловсролын Тэргүүний Ажилтан” шагнал
- Өдгөө “Монголын Угсаа Гарвал Судлал Төв”-ийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
Шинэ нийтлэлүүд
Хүүхэн болохын хүслэн болсон охидын нүцгэн зураг “Facebook”-ээр аялана
Нийтлэгч - ГЭРЭЛТУЯА
Гурван давхар өршөөлийн ноцтой заалтууд
Нийтлэгч - Улсболд
Эх орондоо ирсэн Н.Энхбаярыг цагаатгах уу
Нийтлэгч - Улсболд
Хурандаа Ч.Болдбаатарт хотын цагдааг удирдах чадвар бий
Нийтлэгч - Улсболд
Манай улсын хамгийн үнэтэй буюу хүний амьтай дүйхүүц бүтээн байгуулалтууд
Нийтлэгч - АЛТАНЗУЛ