Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Монгол Улсын Ерөнхийлөгчид Японы Ерөнхий сайд бараалхав

       НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж буйд сэтгэл дүүрэн байна гээд үүнд эрхэмсэг ноён Ерөнхий сайд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

      Ерөнхийлөгч Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гурав дахь хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, Япон Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг уриад боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн,  чухал ач холбогдолтой нарийн мэргэжлээр суралцах оюутан залуусын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


     Япон Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японы Парламентад хэлсэн үг Монгол, Японы харилцаанд томоохон ахиц авчирсан чухал үг болсонд баяртай байдаг. Танай улс энэ жил парламентын сонгууль явуулж шинэ засаг төрөө эмхэлж байгаад баяр хүргэж өндөр амжилт хүсье. Мөн удахгүй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалыг бид бүрэн дүүрэн дэмжиж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үнэлж байгаа. Бид Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалтыг ихээхэн дэмжиж байгаа. Мөн саяхан болж өнгөрсөн сумо бөхийн барилдаанд Монголын тамирчид сайн барилдаж Монголын гурав дахь Ёкозуна төрсөнд баяр хүргэе. Шийдвэрлэх мөчид хоорондоо барилдсан их аварга Хакухо болон шинээр төрж буй Харумафүжи аваргуудын аль аль нь манай япончуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүд. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан танд болон танай ард түмэнд дахин баяр хүргэе” хэмээв. Мөн энэ үеэр талууд Зүүн Азийн бүс нутгийн байдлын талаар санал солилцсон бөгөөд НҮБ-ын түвшинд хамтран ажиллахаа ярилцлаа.

 

     Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч “Японы Цог жавхлант Эзэн хаанд мэнд хүргэхийг хүсье. Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ амжилттай эхэлсэнд баяртай байна. Ийнхүү хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд хөгжих болно гэдэгт итгэлтэй байна. Сумо бол хоёр орны ард түмнүүдийн эгэл жирийн иргэдийг улам бүр ойртуулсан, соёлын солилцоог эрчимжүүлсэн гүүр юм. Манай бөхчүүдийг дэмжиж монголын ард түмэнд элэгтэй байдаг Японы ард түмэнд талархал илэрхийлье” гэв.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Вацлав Клаустай уулзлаа.


    

 


   

     Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөжин хөгжиж буй Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаанд баяртай байдгаа илэрхийлээд Монгол Улс, Европын холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” тун удахгүй байгуулагдана гэж найдаж байгаа, дээрх хэлэлцээрт Чех Улс Монгол Улсыг дэмжиж гарын үсэг зурсанд талархаж байна гэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “БНЧУ-д Монголын 6000 орчим иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа нь Монгол Улсын хувьд Чех орон Европ дахь чухал түнш гэдгийг харуулж байна. Бид цаашид хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж Чех Улсад суралцах монгол оюутны тоог өсгөх нь чухал байна” хэмээн онцлон дурдлаа.  

 


     Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол, Чехийн харилцаа бол найрсаг уламжлалтай, нөхөрсөг дотно харилцаа юм. Бид Монгол Улсын ардчилал, хүний эрхийн салбарт гаргаж байгаа амжилтаар бахархаж байна. Мөн эдийн засгийн өсөлт нэг жилд 17 хувьд хүрнэ гэдэг бол Европын аль нэгэн улсын жишээн дээр 20 жилийн чармайлтын үр дүнд гардаг үзүүлэлт. Бид танай улсын эдийн засаг өсч байгаад баяр хүргэх ёстой. Ази бол тэр чигээрээ эдийн засаг хурдацтай өсч буй бүс нутаг, түүн дотор Монгол Улсын амжилт тод томруун байгаад баяртай байна” хэмээв.

 


     Ийнхүү хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалт найрсаг дотно байдалд боллоо.
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.