Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Х.Алтанцэцэг: Ургамлыг ургуулна гэж ярьдаг байсан бол одоо үйлдвэрлэнэ гэдэг болсон

   Доктор, профессор Хажид­сүрэнгийн Алтанцэцэг эдүгээ  ХААИС-ийн  Гадаад харилцаа,  хамтын ажиллагаа эрхэлсэн проректороор ажиллаж байна. Тэрбээр Польшийн Люблин хотын их сургуульд микробиологи, тэр дундаа аж үйлдвэрийн микробиологич  гэх нарийн мэргэжлийг эзэмшиж ферментийн бэлдмэл гарган авах чиглэлээр гүнзгийрүүлэн суралцжээ. Хүмүүс түүнийг “Мөөгний” гэсэн тодотголоор нь илүүтэй мэддэг. Учир нь тэрбээр хясаан мөөгийг тарималжуулах арга технологийг Монголд анх боловсруулж, ном гаргаж бас анхны жижиг үйлдвэрийг байгуулж байсан нэгэн.  Ажил хөдөлмөрийнхөө гарааг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эхэлж тэнд 20 шахам жил ажиллаж, докторын зэрэг хамгаалсан.

 


   Хожим нь Германд хэдэнтээ очиж ургамлын болон малын тэжээлийн биотехнологийн чиглэээр нарийн мэргэшсэн аж. Малын тэжээлд нэмэлт байдлаар ашиглах биологийн идэвхтэй бодисууд болох уураг, амин хүчил, витамин, ферментийн бэлдмэлүүдийг гаргаж авах чиглэлээр 30 гаруй жил судалгаа явуулж байна. Түүний докторын ажлын сэдэв нь целлюлазын чиглэлээр байсан. Хэрэв энэ судалгааны ажлыг практикт нэвтрүүлбэл малын тэжээлийн тухайд санаа зоволтгүй болох юм билээ. Х.Алтанцэцэг биотехнологийн хэд хэдэн салбар, бичил биетэн,  ургамал, мөөгний биотехнологийн чиглэлээр монгол хэл дээрх анхны сурах бичгүүдийг зохиосон. Тэрбээр Монгол Улсын зөвлөх биотехнологич юм. Түүнийг сониныхоо VIP буланд урьж ярилцлаа. Ингэхдээ эрдэмтэн хүнийх нь хувьд генийн өөрчлөлттэй хүнс, эмийн ургамлыг тарималжуулах боломж болон мөөгний талаархи хүмүүсийн сонирхдог зарим нэг асуултад хариулт авахыг хичээсэн юм.



ЧАВГАНЦЫН БОР АВДАРТ ХЭЛХЭЖ ХАТААСАН ЦАГААН МӨӨГ ЗААВАЛ БАЙДАГ



-Мөөгийг ургамал биш гэж ярилцахыг сонслоо. Тэгэхээр амьтан болж таарах гээд байна уу. Мэргэжлийн хүнтэй уулзсаных үүнийг эхэлж тодруулмаар санагдлаа.


-Тиймээ ургамал ч биш, амьтан ч биш. Мөөг бол бие даасан аймаг. Шинжлэх ухаанд мөөгний аймаг хэмээн авч үздэг. Маш өвөрмөгц асар том амьд ертөнц юм. Амьд организм оршин байх боломжгүй тийм нөхцөл, газарт ч оршин байдаг өвөрмөц организм. Мөөгний аймагт харъяалагдах 100 мянгаад төрөл зүйл амьд организм байна. Үүний зөвхөн тавхан  хувийг л  судалж шинжилсэн. Энэ бүхэн хоол ч болдог, хор ч болдог. Хүн төрөлхтөн эдүгээ малгайт мөөгний  20-иод зүйлийг тарималжуулсан. Судалгааны  арга  нарийсахын хэрээр мөөгөнд хүнийг урт наслахад хэрэгтэй олон төрлийн бодис байгааг нээж илрүүлээд байна. Тиймээс хүн төрөлхтөн өдөрт мөөгийг хоол хүнсэндээ заавал хэрэглэдэг. Бидний сайн мэддэг пенициллинийг  тухайлбал мөөгнөөс ялган авдаг. Энэ нь хүн төрөлхтний чухал нээлтийн нэг гэж нэрлэгддэг. Мөөгийг боловсруулаад гаргаж авдаг нэн хэрэгтэй бүтээгдэхүүний  хэмжээ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэл нь улам бүр нэмэгдэж байна.


Судлаачид 2050  он гэхэд хүн төрөлхтний уургийн  хэрэглээний гуравны нэгийг таримал мөөгөөр орлуулна гэж үзэж байна. Хүлэмжийн хийд МАА их нөлөөлж байна, тиймээс махны хэрэглээнээс татгалзъя гэсэн хандлага их ажиглагдах болсон.  Энэ  эмзэглэл,  чиг хандлагын үзүүрт махны хэрэглээний зарим хэсгийг  мөөгөөр хангах боломжтой гэж тооцож байгаа юм. Мөөгний тариалан хаягдалгүй технологи. Юухан хийхэн дээр тарьдаг. Тухайлбал сүрэл дээр тарьдаг. Сүрэлд 30-40 хувийн  эслэг - целлюлоз байдаг. Мөөгөнд целлюлозыг задалдаг фермент байдаг. Целлюлоз гэдэг бол глюкозын полимер юм. Тэгэхээр глюкоз үүсэхээрээ бүх амьд амьтны  тэжээлийн эх үүсвэр болж байдаг. Ийм олон талын ач холбогдолтой. Хаягдалгүй технологи. Энэ утгаараа хүрээлэн буй орчныг цэвэршүүлдэг. Монголчууд 50 сая малтай гэсэн хэрнээ нэг кило махаа 12 мянгаар авч идээд явж байна. Тэгвэл түүнийхээ оронд мөөгөө тариалаад долоо хоногийн дөрвөн өдөр нь хэрэглээд бусад хоногт нь махаа идээд явж байж яагаад болохгүй гэж.


Манай цэнхэр гариг бол цогц ертөнц. Хор болдог юм байхад нөгөө талд нь  эм болдог юм нь байдаг. Хорт хавдрын эсийг дарангуйлдаг бодис нь мөн л мөөгөнд байдаг. Монголчууд талын цагаан мөөгийг их шүтдэг. Чавганцын бор авдарт хэлхэж хатаасан цагаан мөөг бол заавал байдаг. Дотор халуунтай, төрсөн хүндээ цагаан мөөгөөр шөл хийгээд өгчихдөг. Судлаад үзэхээр савны сэртэн булчингийн агшилтыг өдөөгч бодисыг агуулж байх жишээний. Натурал аргаар эмчилдэг. Хүн яагаад халуурдаг вэ гэхээр гаднаас эсэн бусын вирус орохоор түүнийг өндөр темпратураар  устгах гэж халуурдаг. Тэгвэл тийм вирусыг дархлааны эсүүдтэй хамтран устгадаг бодис мөөгөнд байдаг.

 


-Мөөгний аж ахуй Монголд хөгжих боломж байна уу?


-Байлгүй яахав. Боломж бол ямагт дэргэд байдаг гэсэн үг бий шүү дээ. Мөөгний аж ахуй хөгжүүлэх бүх боломж нөхцөл Монголд байна. Би энэ талаар ном гаргаж, шавь нараа бэлдсэн. Гэтэл тийм бэлэн технологи эзэмшсэн тэр шавь нарыг маань ажиллуулах газар алга байна. Хувь хүмүүс их ирдэг. Даанч тэдэнд санхүүгийн чадавхи байдаггүй. Мөөг тариад баян сайхан амьдармаар байна гэдэг. Танд мөөгний үйлдвэр байгуулах байр байна уу гэхээр, подваль түрээслэчихнэ  гэдэг. Подвальд тарьж болохгүй шүү дээ. Байгаль дээр мөөг яаж ургадагав, тэр нөхцөлийг нь тасалгаанд бүрдүүлж байж л ургана. Үүний тулд техник тоног төхөөрөмж хэрэгтэй. Үүнийг бүрдүүлэх санхүүгийн боломж байх хэрэгтэй. Ер нь ЖДҮ, өрхийн аж ахуй эрхлэх нөхцөл нийгэмд бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгснээс мянга тунхаглаад хөгждөг эд биш юм байна. Жишээ нь байр байшингаа засая гэвэл 100 айл очиход барилгын бүх төрлийн материал бэлэн байна.Түүн шиг ЖДҮ эрхэлье гэсэн хүнд бас тийм техник технологи нь бэлэн байж байх хэрэгтэй. Тухайлбал, мөөг таръя гэхэд сүрэл хэрчигч машин, уураар  утаж ариутгагч төхөөрөмж гэхчлэн сонирхсон хүн нь очоод авчих тийм хангалт нийлүүлэлт нь алга.



ХОВОР  УРГАМАЛ БАЙГАЛИЙНХАА НӨХЦӨЛД ӨСЧ ҮРЖИХДЭЭ ТААРУУХАН БОДГАЛЬ



-Эрдэмтэн хүний хувьд таны судалгааны ажлаас сонирхох гэсэн юм. Тухайлбал биотехнологийн талаар?


- Энэ цэнхэр дэлхий дээр байгаа амьд биетийг таван аймаг болгон авч үздэг. Үүнээс бичил биетний хоёр аймаг байгаа. Миний судалгааны чиглэл бол энэ таван аймгийн нэгээс бусад салбарт  явагддаг.  Өөрөөр хэлбэл  мал амьтнаас бусдад нь. Багш хүний хувьд гэх юм бол 100 орчим гарын шавьтай.  Энэ  шавь нар маань  ургамлын биотехнологи, бичил биетний  болон мөөгний биотехнологиор нарийсан мэргэшиж, тодорхой био бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологи эзэмшсэн гэсэн үг. Мэргэжлийн армитай профессор хүн гэж өөрийгөө тооцдог.


Ургамлын биотехнологиор манай ХААИС ижил төстэй бусад салбаруудаас түрүүлэн  ургамлыг эс  эдээр нь хуруун шилэнд  ургуулж, үржүүлэх селекци хийж,  генетикийг нь судлах ажлыг хийж ирсэн. Миний хувьд 2004 оноос Монгол оронд ургадаг эмийн ховор ургамлыг биотехнологийн аргаар  үржүүлэх судалгааг түлхүү хийлээ. Эхний үеийн үр дүнд хүрэхийн зэрэгцээ энэ чиглэлээр мэргэшсэн магистер, докторууд бэлтгэлээ. Яагаад энэ талаар судалгаа хийв гэвэл ховор, нэн ховор ургамал гэдэг бол угаасаа байгалийнхаа нөхцөлд өсч үржихдээ тааруухан байдаг бодгаль юм. Тэгэхээр орчин үеийн ургамлын биотехнологийн шинжлэх ухаанд тэр биологийнхоо ердийн жам ёсоор өсч үржиж чадахгүй байгаа ургамлуудыг салангид эд, эсээр нь олшруулах судалгаа аж үйлдвэрлэл болтлоо өргөжөөд байна.


Ургамлыг ургуулна гэж ярьдаг байсан бол одоо үйлдвэрлэнэ гэж ярьдаг болсон.  Байгалийн хүчин зүйл, өвөл зунаас хамааралгүй болчихсон. Тэгэхээр би шинэ юм хийх гээд байгаа биш гадаадад нэвтэрчихсэн зүйлийг л Монголын хөрсөнд буулгах гэж зориод байгаа юм. Ургамлыг лабораторит хуруун шилэн дотор 5-хан см3 зохиомол тэжээлт орчинд зах зээлийн  эрэлт хэрэгцээнийх нь тоо хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болчихсон. Үүний анхны шанг Монголдоо татахад л миний судалгаа чиглэгдэж байгаа юм.

 


-Сонирхолтой юм байна. Манайхан чинь эмийн ургамал ховордлоо, түүж олборлохыг нь  хориглъё, цаазлая гээд л байгаа шүү дээ. Би ч бас санал нийлдэг?


-Эмийн ургамлыг ашиглахыг нь хориглох талаар ярьдаг хүн олон бий.  Харин би нөгөө талаас нь ярина. Аливаа амьдрал эхлэл төгсгөлтэй байдгийн адилаар тэр эмийн ургамал ч тодорхой хугацаанд ургаад үгүй болдог. Тэгэхээр тэр эмийн ургамлаа ашиглая л даа. Дуусгахгүйгээр ургуулаад, нөхөн сэргээгээд  байх  арга технологи нь боломжийн хэмжээнд гаргачихсан  байна шүү дээ. Биотехнологийн аргаар гаргасан суулгацаа цааш нь агротехникийн аргаар ургуулья. Ингэсэн тохиолдолд бид эмийн ургамлаа шаардлагатай хэмжээгээр тариалаад, үнэ хүрэх хэмжээнд экспортлох боломжтой.



СТРЕССИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН УЛМААС ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ



-Хуруу шилэнд ургуулна гэхээр  тухайн ургамал байгалийн шинж  чанараа алдах уу?

 


-Биологичдын зорилго бол байгалийн шинж чанарыг нь алдагдуулахгүй байх явдал юм. Энэ зохиомол гэсэн үгэнд эмзэглэх хэрэг байхгүй. Зохиомол тэжээлт орчин гэж юуг хэлээд байна гэвэл тухайн ургамлын  байгаль дээр ургадаг хөрсний найрлага ус чийг, микро-, макро элементүүд юу байгааг судлаад тийм л орчинг нь бий болгочихож байгаа хэрэг.

 


-Генийн өөрчлөлт гарахгүй гэж ойлгож болох уу?


-Болно. Ургадаг хөрснийх нь шинж чанарыг балансжуулаад ургуулчихаж байгаа болохоор яалаа гэж ген нь өөрчлөгдөхөв. Генийн өөрчлөлт гэдэг дур зоргоор гараад байдаг эд биш, их хэцүү. Стресс өгч байж генид өөрчлөлт гардаг. Стрессийн хүчин зүйлийг даван туулах, амьд үлдэхийн тулд тухайн организмын ген нь өөрчлөгдөж,  дасан зохицож байж ургадаг. Биотехнологийн арга бол ийм биш. Яг байгаль дээр байгаа нөхцлийг нь бүрдүүлж өгдөг.

 


-Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж их ярьдаг болсон. Тэгээд л лавлаад байгаа хэрэг.

 


-Генийг өөрчлөнө гэдэг нь ургамал, амьтны гаралтай хүнс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд зориулагдсан технологи. Хүнсний таримлууд нь хүн амын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас генийн инженерчлэлийг гаргаж ирсэн. Генийн инженерчлэл нь тухайн ургамлын ургац буурахад нөлөөлөөд байгаа хүчин зүйлд тэсвэртэй генийг шилжүүлэн суулгахад л тулгуурлаж байгаа юм. Ихэвчлэн ургамлын генийг ургамалд нь шилжүүлэн суулгадаг. Тиймээс аюултай хортой зүйл байхгүй. Генийн өөрчлөлттэй хүнсийг гаргахгүйгээр хүн амыг тэжээх ямар ч боломжгүй. Наад захын жишээ гэвэл дэлхийн эдэлбэр газрын 10 хувьд нь  үр тариа, төмс ногоо тарих бололцоотой. Тиймээс нэгж талбайгаас авах ургацын  хэмжээг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Генийн өөрчлөлттэй хүнсний зүйл гэсэн аймшгийн сурталчилгаа их явагдаж байна. Хүмүүс ч их эмзэглэдэг. Телевизээр нэг хүн ярьж байна.  Далайн загасны өргөст хайрсны генийг  помидорт суулгасан гээд  ярьж байх юм.   Помидор бол генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн мөн үү гэвэл мөн, гэхдээ загасны өргөст хайрсыг суулгана гэдэг дэндүү ташаа ойлголт. Бас нэгэн “их мэдэгч” монголчуудыг мах идэж болохгүй, дотроосоо өмхийрнө хэмээн ярьж байна. Ярих нь тэр хүний хэрэг ч мэдэхгүй байж яаж тэгж зоригтойгоор ярьж чадаж байна вэ. Төв Азийн энэ өндөрлөг газарт мах идэхгүйгээр амьдрана гэдэг хэцүү.

 


-Монголын нөхцөл ч үнэхээр өөр л дөө?

 


-Би биологич хүний хувьд хэлэхэд Монгол орны дөрвөн улирал, эрс тэс цаг уурт зохицсон энэ хүн мал, ан амьтан, ургамал ногоо, бичил биетэн  гэхчлэн амьд организм бол дэлхийн  генийн санд онцгой ач холбогдолтой. Нэмэх, хасах 40 градусын заагт амьдардаг, өдөр шөнийн темпратур 10-20 градусаар хэлбэлздэг. Үүнийг л эрс тэс уур амьсгал гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл амьд организм амьдрах бараг боломжгүй нөхцөл. Хөлдөж гэсэхийн заагт амьдарч ирсэн энэ Монгол нутгийн мал, амьтан ургамал, бичил биетэн бүгд орчин үеийн генетикийн  шинжлэх ухаанд маш хэрэгтэй “генийн эх үүсвэр” болох юм. Энэ бол “онцгой ген” юм. Тиймээс уул уурхайгаасаа гадна биологийн төрөл зүйлийн нөөцдөө анхаарах хэрэгтэй байна. Нэгэнт ашигтай генийг нь шилжүүлж аваад  өөр организмд  суулгаад үр шимийг нь хүртдэг болчихсон ийм үед энэ онцгой ач холбогдолтой юм.

 


Дашрамд нэг зүйлийг сонирхуулахад дэлхийн шинжлэх ухааны түүхэнд исгэлэн сүүн бүтээгдэхүүн болох айраг, тараг, хоормогийг хийх  биотехнологийг монголчууд анх хөгжүүлсэн гэж дурьдсан байдаг юм.

 



ДЭЛХИЙД БИОТЕХНОЛОГИЙГ  ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮЛЭХ САЛБАР ГЭЖ ЗАРЛАСАН



-Биотехнологийн шинжлэх ухааны талаар тодруулж өгөөч?


-1986 онд дэлхийн их гүрнүүд зөвлөлдөөд XXI зуунд биотехнологийг тэргүүлэх салбар болгоё гэсэн. Энэ үед хүн төрөлхтний өмнө гурван том бэрхшээл тулгараад байсан. Нэгд, дэлхийн хүн ам их өссөн. Хүн нэмбэл хүнс нэмдэг зарчим буй. Хоёрдугаарт хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зайлшгүй хэрэгтэй байгаль, цаг уурын нөхцөл доройтсон, гуравт байгалийн баялаг, эрчим хүчний нөөц хомсдсон.  Энэ бол энэ зууны хүн төрөлхтний  гол асуудал. Энэ бэрхшээлийг даван туулахад 1970-аад онд биологийн шинжлэх ухаанд гарсан ололт амжилт найдвар төрүүлж, нэг үгээр хэлбэл хонгилын үзүүрт гэрэл асаасан юм. Тэгэхээр биотехнологийн салбарт хөрөнгө хүч хаяснаар  энэ гурван асуудлыг шийдэх  боломжтой гэж үзэж шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбараар зарласан юм.

 


-Биотехнологийг Монгол ч бас тэргүүлэх салбараа гэж үздэг үү?


-Бас тэгж зарласан юм. 1986 оноос эхлээд л үе үеийн засгийн газар дөрвөн ч удаа тэгж ярьсан. Өнгөн дээрээ биотехнологийг хөгжүүлнэ, дэмжинэ гэдэг боловч нидэр дээрээ бол худлаа ярьдаг. Хөрөнгө хуваарилахгүй, тоног төхөөрөмж, ядахнаа лаборатариор хангаад өгөхгүй. Зүгээр л дарга нарын рекламны гоё үг болж хувирсан. Ер нь Монголд эрдэмтэн хүний үнэлэмж доогуур байна. Хэн ядуу байна, эрдэмтэд л ядуу байна. Өөрөөр хэлбэл Монголд шинжлэх ухаан хөгжих допинг нь алга, тогтолцоо ч буруу яваад байна.

 

Өмнөх нийгмийн үед боловсролтойнх нь төлөө ад шоо үздэг  цагаахан хэлмэгдүүлэлт байсан. Өөрөөсөө илүү давчих вий, миний суудлыг булаачих вий, дарга нарт надаас илүү үнэлэгдчих вий гэсэн хажуудах нөхдийн болгоомжлолтой  сургууль төгсч ирээд л нүүр тулгарч байсан. Чадвартайг нь бус дуулгавартай номхоныг нь дэмждэг байлаа. Миний үед хөдөө аж ахуйн чиглэлээр барууны орнуудад төгссөн өчнөөн сайхан залуучууд байсан. Одоо тэд нараас минь эргэн тойронд хэн ч алга. Яагаад гэвэл тэднийг хаалгаа саваад гартал нь нүд үзүүрлэж байсан болохоор бүгд “дүрвэчихсэн”, төрийн захиалгаар бэлтгэгдсэн мэргэжлээрээ ажиллаж, эх орон, ард түмэндээ нэмэр болж чадсангүй гэсэн үг.

 


-Таны одоогийн эрхэлж байгаа ажил хийгээд эрдэм шинжилгээний бүтээлийн талаар сонирхъё?


-ХААИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн проректорын албыг аваад удаагүй байна. Гэхдээ хариуцсан чиглэлээрээ үндсэн гурван өөрчлөлт хийхээр зорьж байна. Гол агуулга нь гэвэл гадаад хамтын ажиллагааг дотоодын хэрэгцээнд нийцүүлэх хэмээн томъёолж болно. Манай сургууль эдүгээ гадаадын 100 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Харамсалтай нь тэдгээрийн ихэнх нь үхмэл гэрээ. Захирал яваад гэрээ байгуулдаг, араас нь дагалдсан ажил нь орхигддог, мартагддаг. Ийм л байдлаар явж иржээ. Жилийн жилд нэг их олон их сургуулийн жагсаалт л гараад байдаг. Нөгөөх нь багш, оюутандаа ямар ч хүртээлгүй байсан энэ хандлагыг өөрчилнө. 

 

ХАА бол нийгмийг тэжээгч боловсон хүчнийг бэлддэг. Тиймээс  сургалтын хэлбэрээс судалгааны их сургууль болгоход гадаад хамтын ажиллагаа их чухал. Манай сургуулийн харъяанд найман  бүрэлдэхүүн сургууль, дөрвөн том хүрээлэн бий. Тэдгээрийн гадаад харилцаа бас манай албанд харъяалагддаг. Өмнө нь гадаад хамтын ажиллагаанд цөөн багш судлаач гадаад явуулах хэлбэр давамгайлж байсан бол миний энэ үед арай өөрөөр, тухайлбал гадаадын нэр хүндтэй их сургуулиудтай эрдэм шинжилгээний  томоохон төсөл хөтөлбөр, судалгаан дээр хамтран ажиллахыг илүүд чухалчлах болно. Товчхондоо бол манай алба нийт бүрэлдэхүүндээ туслагч,  үйлчлэгч, зохицуулагч, эргэж үр дүнд нь хяналт тавих дөрвөн багц үйлчилгээг үзүүлэхээр хичээж байна.

 


-Эрдэм шинжилгээний бүтээл цөөнгүй байгаа байх?


-Нийтдээ 32 жил хөдөө аж ахуйн сургалт, судалгааны салбарт ажилласан. Энэ салбартаа анх 1998 онд мэргэжлийн анги нээсэн. Мөн хэд хэдэн судалгааны лабораторийг өөрийн гараар байгууллаа. Хичээл заах, сургалт судалгаа хийхийн хажуугаар сурах бичиг, гарын авлага 10 гаруйг  бичсэн. Биотехнологийн  сурах бичгүүд монгол хэл дээр их ховор. Молекул биологийн сурах бичиг, лабораторийн гарын авлага семинарын дэвтэр иж бүрэн бүтээлийг туурвисан. Тухайлбал “Аж үйлдвэрийн микробиологи”, “Молекул биологийн үндэс”, “Хүнсний микробиологи”, “Ургамлын биотехнологи” гэхчлэн нэрлэж болно.  Биотехнологийн үндсэн хэл бол англи хэл байдаг. Үүнийг монгол хэл дээр нэг мөр болгон нэршүүлж хэрэглэхэд анхаарч байна.

 


-Баярлалаа

 

П.ЯДАМДОРЖ
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SZQvGRsSzkp
2014 оны 08 сарын 06
qzktGu Really enjoyed this blog. Awesome.
0
0
zz
2013 оны 08 сарын 14
Gaihaltai, tand bolon tanai bagt amjilt husye!
0
0
Зочин Лүндэн
2013 оны 04 сарын 29
Би мөөг тарьж ургуулах сонирхолтой нэгэн.Энэ хүндэт эрхэмтэй яаж холбоо барих вэ. Эрдэнэт
0
0
Зочин
2013 оны 04 сарын 26
Таныг хүндэтгэж байна. Агуу юмаа.
0
0