Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт

Ипотекийн зээл дуусаагүй, үргэлжлэх болно

     Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Ерөнхий сайд 30 минут” уулзалт боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзаж эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцсанаа мэдэгдлээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэмжээнд шийдсэн онцлох асуудлаа танилцууллаа. Тодруулбал: Засгийн газрын хуралдаанаар аймаг сумдын бүх салаа замыг хаягжуулахыг энэ ондоо багтааж хийхээр төлөвлөжээ. Мөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Буянт-Ухаад 1576 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойшхи 100 хоногт есөн давхар 11 барилгын ажлыг дуусгаж байгаа аж. Тэрбээр Үндэсний бүтээн байгуулалтын корпараци богино хугацаанд барилгын ажлыг хийж бодлогыг харууллаа хэмээн Ерөнхий сайд онцоллоо. Мөн арван хоёрдугаар сарын 21-ны өдөр 576 айлын орон сууц ашиглалтад орох аж. Харин он гараад мянган айлын орон сууц ашиглалтад орох гэнэ. Түүнчлэн хүнсний ногоог борлуулах 28 цэг дээр шинэ ногооны павилон нээхээр болсон бөгөөд ирэх мягмар гарагт эхний павилон нь нээгдэхээр болжээ. Эхний ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт зургаан цэг байгуулах бөгөөд бусад дүүргүүдэд дөрөв дөрвөн цэгүүдийг байгуулахаар болсон хэмээн дурьдлаа. Мэдээлэл хийсний дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

 

    -Ипотекийн зээл гарснаас хойш орон сууцны үнэ өсөх хандлагатай болсон. Төрөөс орон сууцны үнийг тогтворжуулахын тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Засгийн газраас 16 хувийн хүүтэй зээлийг найман хувийн хүүтэй болгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахын тулд барилгын үнийг өсгөхгүй байх бүх арга хэмжээг авч ажилласан. Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаад дутуу барьсан байшингаа гүйцээхэд нь зориулж хөнгөлөлттэй зээлүүдийг олгосон байгаа. Энэ жил барилгын материалын үнийг сааруулахын тулд Монголбанктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэснээр барилгын материал болон дутуу барьсан байшингуудыг гүйцээж босгоход үнийн өсөлт гаргахааргүй нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон компаниуд үнээ өсгөвөл мөрийн хөтөлбөрөөс шууд хасахаар шийдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр ч компанитай асуудал үүсгээд явж байна.

     -Ипотекийн зээлийн санхүүжилт дуусаж байгаа гэсэн яриа гараад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Энэ зээл үргэлжлэх болно. Ийм худлаа ярианаас болж урт дараалал, хомсдол үүсгэх шалтгаан болдог зүйл бий.

     -Оюутолгойн далд уурхай зогссонтой холбоотойгоор хоёр мянган монгол ажилтнаа цомотгож байгаа тухай асуудал гарч байгаа. Тэнд ажиллаж байгаа ажилчдын 90 гаруй хувь нь монголчууд байх ёстой. Гэтэл энэ гэрээгээ Оюутолгой мөрдөхгүй байгаа мөртлөө ажилчдаа халж байгааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Д.Ганхуяг сайд өгнө. Товчхон хэлэхэд, Монголын талаас хамаараад Оюутолгой саатаад байх зүйл байхгүй. Бид зэсийнхээ баяжмалыг очиж эхлүүлсэн. Энэ бол монголчууд Монголын Засгийн газар Оюутолгой төслийг үргэлжлүүлэхээ илэрхийлж байгаа тод хэлбэр. Мэдээж хэрэг өмнөх гэрээний дагуу анхны хөрөнгө оруулалт зэрэг ярих асуудал байгаа. Монгол ажилчин халж байгаа тухай асуудал гараагүй. Ирэх даваа гарагт зэсийн захирал ирнэ. Тэр үеэр энэ асуудлаар ярилцана.

     -Монгол-93 шатхууныг борлуулаад нэлээд удлаа. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын зарим хэсгүүдэд шатахууны хүрэлцээ муу байгаа гэсэн. Мөн шатхууны үнийг бууруулах боломжтой юу?

-Монгол-93 шатахууны нөөц маш бага. Энэ шатахууны үнийг цаашид бууруулах хэцүү. Засгийн газраас чардайж байгаад 20 төгрөгөөр буу­руулсан. Харин цаашид шатахууны үнийг нэмэгдүүлэх­гүй байх тал дээр л анхаарч ажиллана.

     -Эдийн засагчдын ярьж буйгаар ам.дол­ларын ханш буурсан шалтгаан нь гадаад хөрөнгө оруулалт зогссонтой холбож байна. Үүнд Засгийн газрын тэргүүн ямар дүгнэлт хийж байна вэ?

-Валютын ханш өсөж байгаа нь олон шалтгаантай. Монголбанк мөнгөний бодлогын гол зохицуулалтыг хийх ёстой. Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам хамтран нэгдсэн дүгнэлтээ гаргах юм. Мөн валют өсөх гол шалтгаан нь гаднаас мөнгө орж ирэхгүй байгаад гол учир байгаа юм. Харин энэ жил Тавантолгойгоос хоёр сая гаруй тонн нүүрсийг нэмж олборлох гэж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний ам.доллар орж ирэх юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл нэмэх

Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд undesten.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.