Онцлох мэдээХууль эрхзүй

Хятад иргэнээс хахууль авсан ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд торгох ял шийтгэв

Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцээд торгох ял оноолоо. Тэрбээр Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52- ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтан Лиу Хоннианаас 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан юм. Тухайн үед түүний өмгөөлөгч Х.Баатарсайхан “Х.Оргил-Эрдэнэ буруугүй, хятад иргэн баглаатай зүйл орхиод зугтсан” хэмээн ярьж байсныг уншигчид санах буй за. Тэгвэл Х.Оргил-Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Лиу Хоннианыг бусдын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тооцов. Улмаар Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 7000 нэгж буюу долоон сая, БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Торгох ялаа уг хоёр шүүгдэгч зургаан сараас нэг жилийн дотор төлж барагдуулах ёстойг сануулсан байна.

Түүнчлэн Х.Оргил-Эрдэнэ, Лиу Хонниан нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15 000 төгрөгөөр тооцож, дээрх төлөх торгуулийн хэмжээнээс хасахаар тогтоожээ.

Ташрамд дурдахад, Х.Оргил-Эрдэнийн ах, ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ болон ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 10-нд эцэслэн шийдвэрлэлээ. Тэднийг 2017 оны зургадугаар сарын 19-нд ШШҮХ-гийн байранд “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчирхийлүүлсэн иргэн Ч.Наранзаяагаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэсэн дүгнэлт хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингээд Х.Түвшин-Эрдэнэд нэг жил хорих ял, Ж.Оюунааг 19.2 сая, Н.Золжаргалыг 12 240 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах магадлал гаргасан бол Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

unuudur Хятад иргэнээс хахууль авсан ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд торгох ял шийтгэв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close