Онцлох мэдээТаны амралтанд

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна

Өнөөдөр аавуудаа баярлуулах өдөр. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.

Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна.

Харин манай Монголд 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

“Аавуудын баяр”-ыг дэлхийн улс орнууд хэзээ, хэрхэн тэмдэглэдэг талаар хамтдаа сонирхцгооё.

aaw-1024x639 Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна

Финланд: Финландын аав нар 1950 оноос хойш энэхүү баярыг тэмдэглэсээр ирсэн ба арваннэгдүгээр сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Баярт зориулсан албан ёсны туг өргөн, амралт зарлан, гэр бүлүүд аавын дуртай үйл ажиллагааг зохион байгуулж, аав нартаа ил захидал болон бэлэг өгч, хайр, талархлын үгсийг хуваалцдаг.

Франц: “La Fête des Pères” хэмээн хэлэгддэг эл өдрийг зургадугаар сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг. Энэ өдөр францууд аавдаа асаагуур эсвэл түүнийг орлуулах ямар нэгэн бэлэг бэлэглэдэг аж. Мөн хүүхдүүд нь аавдаа хэчнээн их хайртайгаа харуулж өнгөрүүлдэг юм.

Герман: Улаан өндөгний баярын 40 дэх өдөр тохиодог ба дэлхийн бусад орны нэгэн адилаар аавдаа ил захидал бичиж, бэлэг бэлддэг. Германы нэгэн өвөрмөц уламжлал байдаг нь гэр бүлээрээ ууланд алхаж, бяцхан аялал хийх үйл ажиллагаа байдаг.

Итали: Өөрийн хөрш орон болох Испанийн нэгэн адил Италид Гэгээн Иосефын өдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр тэмдэглэдэг. Баярыг ёслол хүндэтгэлтэйгээр өнгөрүүлдэг ба арга хэмжээнд парад зохион байгуулж, “zeppole” , “frettelle” зэрэг үндэсний нарийн боовыг бэлтгэн, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар түүдэг гал асаан тойрон суудаг байна. Италийн зарим хотуудад Иосеф Мерийг Бетлехемд илжиг унуулан хөтлөн ирсэнийг билэгдэж илжигний уралдаан зохиодог.

Мексик: Мексикээр “El Dia del Padre” гэгддэг аавуудын баярыг зургаадугаар сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг. Хүүхдүүд аавынхаа дуртай зүйлийг бэлэглэх, гараар бичсэн захидал илгээх, хоол хийх зэргээр аавыгаа хүндэтгэж буйгаа илэрхийлдэг. Мексик хотод 21 км зайдах алхалтын эсвэл гүйлтийн уралдаан болдог бөгөөд түүнийг “Carrera Día del Padre 21K Bosque de Tlalpan” хэмээдэг аж.

Орос: Хоёрдугаар сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр” гэж нэрлэгддэг энэхүү баярын үеэр эх орныхоо төлөө амиа алдсан Оросын цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин 2016 онд Москва, Новосибирск, Оренбург хотууд “Аавуудын өдөрлөг” анх удаа зохион байгуулж энэ өдөр хөгжим эгшиглүүлж, тоглоом тоглон, бүжиглэж өнгөрүүлсэн. Харин Санкт-Петербургт 2011 оноос хойш “Ааваа-эхлээрэй” баярыг зохион байгуулж, спортын тэмцээн, концерт, гэр бүлийн тоглоомуудыг зохион байгуулж ирсэн билээ.

Өмнөд Африк: Өмнөд Африк дахь “Аавуудын баяр” bobotie (махтай бялуу), biltong (давсалсан мах), boerewors (шарсан хиам) зэрэг махаар баялаг хоол иддэг уламжлалтай. Мөн гэр бүлүүд гудамжны тоглолтуудад оролцож, тоглоом, спортын тэмцээн, концерт зохиодог байна.

Испани: Гэгээн Иосефийн өдөр буюу гуравдугаар сарын 19-нд гэгээнтний эцэг эхийн үлгэр жишээг хүндэтгэн өнгөрүүлдэг. Хүүхдүүд өөрсдөө хийсэн өглөөний цайгаар аавыгаа сэрээж, аавынхаа дуртай зүйлсийг хамтдаа хийж өнгөрүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүд болон эхнэр нь хайртай аавдаа хандан ерөөлийн үг хэлдэг ажээ.

aaw1 Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна

Энэ өдөр хэзээд болзолгүйгээр хайраа түгээдэг гайхамшигт баатар аавууддаа хайртай гэдэг үгийг харамгүй хэлээрэй. Монголын бүх аавууддаа баярын мэнд дэвшүүлье.

 

Л.Баяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close