НийгэмНийслэл

Яндангаа хөөлөөгүйгээс шалтгаалан угаартах эрсдэл үүсдэг байна

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэлийн дуудлагыг авч ажилласан.

Угаарын хийнд хордсон өрхийн дуудлагад дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувь, үлдсэн 28 хувь нь нам даралтын буюу сайжруулсан зуухтай айл өрх байсан. Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээгээ хийгээгүй, яндангийн залгаастай байсан зэргээс болж угаартах эрсдэл үүссэн.

Иймд иргэд өвөлжилтийн бэлтгэх хангах сарын аяны хүрээнд ханан пийшин, зуухаа засварлаж, стандартын шаардлага хангасан зуух ашиглах хэрэгтэй байна гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо агаарын чанарын бүсэд шинээр орсон учир түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байгаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрвөн хэсэгт хуваасан. Нэгдүгээр бүсэд түүхий нүүрсийг бүрэн хориглосон. Хоёр, гуравдугаар бүсэд цахилгаан, хий болон бусад эх үүсвэрийг ашиглаж болохоор заасан бол дөрөвдүгээр бүсэд нүүрсийг бүрэн хориглосон байгаа” гэдгийг онцлов.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Энэ онд баруун бүсийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам ажиллана. Мөн Налайх дүүрэгт байрлах зүүн бүсийн шахмал түлшний хоёр үйлдвэрийн зургаан шугамыг ашиглалтад оруулна.

Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хоёр үйлдвэрийн 18 шугамаас хангаж ажиллана. 16-100 кв.т хүртэл хүчин чадалтай халаалтын зуухтай 1800 аж ахуйн нэгж, 100 кв.т-аас дээш хүчин чадалтай 104 аж ахуйн нэгж, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран гурвалсан гэрээ байгуулан сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгжүүдийн анхааралд гурвалсан гэрээгээ байгуулан сайжруулсан түлшээ нөөцлөхийн хүсч байна. Энэ онд борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, 1000 орчим цэг ажиллуулахаар төлөвлөж байна. Сайжруулсан түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлье” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close