Нийгэм

Монгол Улсын нэрийг дэлхийд өргөх хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 2-нд болох гэж байна.

Хурлыг Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулах юм.

Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж улам эерэгээр таниулах цэргийн түүх судлаач эрдэмтдийг оролцуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Оросын шинжлэх ухаан соёлын төв дээр цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Оросын талаас тус хуралд зөвлөлт-оросын нэрт түүхч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Академич Базаров Б.В., ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн түүхч, түүхийн ухааны доктор, профессор Курас Л.В., ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор, профессор Лиштованный Е.И., Байгалийн Их сургуулийн ЭШХ-ийн түүхч,түүхийн ухааны доктор, профессор Кузьмин Ю.В. нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Москва, Санкт-Петербургийн түүхчид оролцох хүсэлтээ гаргаад байгаа юм.

Монголын талаас ҮБХИС-ийн БХЭШХ-ийн цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар ажлын хэсгийг ахлах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын Ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, цэргийн түүхч, шинжээч, судлаач 40 гаруй илтгэгч оролцохоор мэдэгдээд байна.

Үүнээс гадна, Россотрудничество агентлаг нь Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын хамтын ажиллагаа, Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлж асан үнэлэшгүй түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор үзэсгэлэн гаргах аж.

Тодруулбал, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд улам эерэгээр таниулах зорилгоор урьд өмнө нь нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор үнэт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төвд (РЦНК) зохион байгуулах гэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close