Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: УИХ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргавал хүүний дээд хязгаар тогтоож болно

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн хүүг бууруулах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

governorLkh800 Б.Лхагвасүрэн: УИХ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргавал хүүний дээд хязгаар тогтоож болно

-Зээлийн хүүг бууруулах арга хэмжээний төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Цаашид хадгаламж болон зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох уу?

-Хадгаламж, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооно гэсэн бодлого байхгүй. Хуулиараа ч хязгаар тогтоох эрх Төв банкинд байхгүй. Зах зээлийн арга буюу хөшүүрэг болгож Төв банк бодлогын хүүг бууруулж байгаа. Өмнөх УИХ-ын үеэр зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл өргөн барьж байсан. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооно гэхээр зээлийн олон төрлийн бүтээгдэхүүн дээр тус бүрд нь хязгаар тогтооно гэсэн үг.

Ийм зүйл олон улсын практикт байдаггүй юм билээ. Харин ямар хэмжээний хүү авч байгааг мөнгө хүүлэлт гэж үзэх вэ гэдгийг тоогоор илэрхийлсэн байдаг. УИХ мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргавал хүүний дээд хязгаар тогтоож болно. Мөнгө зээлж байгаа бүх субъект үүнд хамаарна. Үүнээс өөрөөр хадгаламж, зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжгүй.

-2023 оны сүүлч гэхэд зээлийн хүүг 12 хувь буюу жилд дөрвөн нэгжээр зээлийн хүүг бууруулна гэж тооцсон байна лээ. Ямар шатлалаар бууруулна гэж тооцож байгаа вэ?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд зээлийн хүү 20.3 хувь байсан. Өнөөдөр 16.3 хувь байна. Дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү хэрхэн дөрвөн нэгжээр буурахад юу нөлөөлсөн тухай судалж үзсэн.  Хамгийн чухал нь макро эдийн засгийн тогтвортой байдал нөлөөлсөн. Цаашид ч макро эдийн засгийн тогтвортой байдал нь зээлийн хүүг бууруулах орон зайг бий болгоно гэсэн үг.

-Зээлийн хүүг бууруулах арга хэмжээний нэг чухал арга хэмжээ нь эх үүсвэрийн зардлыг бууруулна гэсэн. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийн ихэнх хувийг эзэлдэг хадгаламжийн хүүг бууруулахаар хүмүүс мөнгөө буцааж татаж магадгүй. Ингэхээр эх үүсвэрийг бүрдүүлэх хөрөнгө тодорхой хэмжээгээр буурна гэж хараад байна л даа?

-Өнгөрсөн хавар УИХ-аар Ковидын эсрэг авах арга хэмжээний хууль баталсан. Энэ хуулиар харилцах дансанд хүү төлөхгүй байхаар болсон. Харилцах дансны дундаж хүү 5-6 хувь байдаг. Ковидын хууль арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй.

Харин Монголбанкны зүгээс үүнийг удаан хугацаанд тогтвортой байлгах ёстой гэж үзээд урт нэртэй хууль дээр харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй гэдэг заалт оруулсан. Харилцах дансанд хүү төлөхгүй гэхээр аж ахуйн нэгжүүд хугацаагүй хадгаламжид мөнгөө байршуулж байна. Хугацаагүй хадгаламж бол өнөөдөр мөнгө хийгээд маргааш ч авч болно.

Тэгэхээр энэ нь харилцах данстай адилхан юм байна гэж үзэж байгаа. Ер нь бол өндөр хөгжилтэй  орнуудад харилцах данс, хугацаагүй хадгаламж гэж тусдаа зүйл байдаггүй. Ерөөсөө л харилцах данс байна. Харин хадгаламж заавал хугацаатай байна. Тиймээс үүн дээр ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй гэж үзэж байгаа.

-Чанаргүй зээл нийт зээлийн 10 орчим хувийг эзэлдэг гэж байна. Өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний чанаргүй зээл байгаа вэ?

-Банкны систем 17 их наядын зээл олгосон. Үүний 10 хувь гэвэл 1.7 их наяд нь чанаргүй гэсэн ангилалд байгаа. Хэрвээ зээлэн дээрээ банк, харилцагч хоёр тохиролцохгүй бол маргаан үүсээд шүүхэд очдог. Манай өнөөдрийн хуулиар маргаан үүсээд шүүхэд очиход зээлийн хүү нь зогсчихдог.

Зарим хүний хувьд зээлээ төлөх боломж байсан ч маргаан үүсгэчихвэл хүү төлөхгүй суучих юм байна гэсэн үүднээс ханддаг. Зээлийн маргаан дундаж нь 4.4 жил үргэлжилдэг. Зээлийн хүү өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь том хэмжээний эрсдэлийн сан.

Зээлийн ашгаас сан байгуулдаг. Одоогоор 1.8 их наяд төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байна. Хэрвээ бүх зээл төлөгддөг, чанаргүй зээл байхгүй бол 1.8 их наяд төгрөг ашиг олох боломжтой байсан. Үүний 25 хувь нь улсын төсөвт орно.

-Валютын нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-Одоогоор манай улсад 3.6 тэрбум ам.долларын валютын нөөц байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close