Боловсрол

Бид Кембрижийн биш үндэсний хөтөлбөрөө шинэчлэх замаар боловсролын реформ хийх ёстой

Хүүхэд хөдөө, орон нутаг, хот суурин газар, байшин хороолол, гэр хороолол хаана төрсөн нь хамаагүйгээр сайн чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш өгөх үүрэг нь төрийнх. Үүнийг Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн. Хэдийгээр Үндсэн хуульд ингэж зааж өгсөн ч бодит нөхцөл байдал өөр, илүү хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа.

Хувийн сургуулиуд руу өндөр цалин дагаад хамгийн шилдэг багш нь оччихсон, дээрээс нь гадаадын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд боломжтой айлын хүүхдүүдийг хамруулаад явж байна. Үүнээс дараагийн шатлал бүхий гурван Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төр нь хийсэн. Энэ хоёрт хамрагдаж чадаагүй үлдсэн хэсэг гэсэн гурван хуваагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл бид ийм шатлалыг өөрсдөө бий болгосон. Кастын систем шиг гэсэн үг. Ийм байхад ЕБС-ийн 10 хувийг Кембриж болгоно оо гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно. Угаасаа 10 хувийг нь Кембриж болгох төсвийн нөөц ч байхгүй. Тиймээс ч өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлаж нийтийн боловсролоо хөгжүүлэх нь аль ч тохиолдолд нийтээрээ ахих зөв хувилбар юм.

Нийтээрээ ахина гэдэг маань авьяас чадвартай хэсгийнхээ боломжийг хязгаарлана гэсэн үг бас биш юм. Нэгэнт суурь боловсролоо сайтар хөгжүүлчихвэл тэндээс хүүхдүүд авьяас чадвараасаа хамаараад өөрийн сонирхол чиглэлээр тусгай хөтөлбөрт сургуулиудаа хөгжүүлээд явж болно. Жишээ нь, урлагийнхны бэлтгэж буй Хөгжим, бүжгийн коллеж шиг. Хуучин залуу техникчдийн ордон гэж байсан шиг байгалийн шинжлэх ухаан, инженер бэлтгэх сургуулиуд бий болох боломжтой. Өөрөөр хэлбэл, салбарын төрөлжсөн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой.

Монгол Улсын хувьд 1920 –оод онд Оросын тусламжтайгаар орчин үеийн боловсролын системээ бий болгосон. Анхны ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 100 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Мэдээж тухайн цаг үед бидэнд туслалцаа хэрэгтэй байсан. Тэгвэл одоо дахиад өөр орны боловсролын системийг хуулъя гээд сууж байж болохгүй.

Бид өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага, зорилго, онцлогийг шингээсэн үндэсний хөтөлбөрийг илүү хөгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна.

Бидэнд хүнд хэцүү суралцах зүйлс их бий. Гэхдээ одоо бидэнд хуримтлуулсан туршлага, алдаа, оноогоо дүгнээд урагшлах бүрэн нөөц боломж бий гэж үзэж байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close