Эдийн засаг

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого нэг их наяд төгрөг болж, 41 хувиар буурлаа

Оны эхний хагас жилд эрдэс бүтээгдэхүүний экспорт буурсан бол оны үлдсэн хугацаанд сэргэнэ гэж Сангийн яам тооцон төсвийн тодотголдоо тусгаж өгөөд байна.

Энэ оны батлагдсан төсөвт уул уурхайн салбараас нийт 3.19 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолжээ. Хэдий тийм боловч Ковид-19-ийн дэгдэлтийн улмаас зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнэ буурсан юм.

Газрын тос олборлогч орнуудын “үнийн дайн” газрын тосны фьючерс үнэ хасах түвшин рүү ороход нөлөөлсөн байна. Энэ бүгдээс улбаалж өмнөх төсөөлөлд хүрэх боломжгүй болсон учир түүнийгээ бууруулж, уул уурхайн салбараас 2.69 их наяд төгрөг төвлөрүүлж, төсвийн нийт орлогын 26 хувийг бүрдүүлэхээр Сангийн яам төсвийн тодотголд тусгаад байна.

Гадаад зах зээл талаасаа БНХАУ-ын эдийн засаг хүчтэй сэргэж байгаатай холбоотойгоор голлох эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнэ сэргэж байгаа тухай олон улсын шинжээчдийн дүгнэлтийг Сангийн яам эш татжээ.

Үүнээс гадна тухайлбал, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс-БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмыг батлан хэрэгжүүлж эхэлснийг Засгийн газар мэдээлсэн юм.

Оны эхний долоон сарын гүйцэтгэлийг харвал эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого нэг их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 41 хувиар буурчээ. Мөн улсын нэгдсэн төсвийн орлогын 18.8 хувийг эрдэс баялгийн салбар дангаараа бүрдүүлсэн байна.

Энэ дундаа газрын тосноос бусад уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 635 тэрбум төгрөг буюу 38.2 хувиар буурчээ.

Түүнчлэн зэс, нүүрс, цайр, хайлуур жоншны орлого буурсан байна. Харин алтны салбарын орлого 3.8 дахин, төмрийн салбарынх 2.9 дахин нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.

Bloombergtv.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close