Эдийн засаг

Энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлдэнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мах үйлдвэрлэгч, худалдаалагч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа.

Энэ үеэр махны үнэ, мах тээвэрлэлтийн стандарт, шаардлага хангасан байдал болон нөөцийн махны хангамжийн талаар ярилцлаа. Энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлдэнэ гэж албаныхан мэдээлэв.

ШӨХТГ-аас стандартын шаардлага хангасан машинд мах тээвэрлэж, зориулалтын хадгалах горимд зөөвөрлөх шаардлагатайг дурдсан бөгөөд тээвэрлэх явцад ил задгай зөөдгөөс болж хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэйг сануулав.

Иймээс ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран мах худалдаалдаг байгууллагуудыг шалгахаар боллоо. Гэхдээ урьдчилсан байдлаар зөвлөн туслах, сануулж, анхааруулах ба дараагийн удаад торгох арга хэмжээ авах аж.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Т.Гантөмөр “Энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлдэнэ. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр мах бэлтгэдэг бол зарим нь арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлддэг. Өнгөрсөн жил арилжааны банкнуудын хөрөнгөөр 10 мянган тонн, дулааны аргаар мах боловсруулдаг 28 аж ахуй нэгж 2 мянган тонн мах, нийт 12 мянган тонн мах бэлдэж гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл борлуулсан” гэв.

Мах боловсруулах аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах, төрийн санхүүжилтийг хүлээх зэргээр мах бэлдэх ажиллагаа удааширдаг тул ШӨХТГ-аас аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэхэд, нөөцийн мах бэлтгэх ажиллагаанд хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close