Энэ сарын 4-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвд нийт 238 дуудлага ирснээс зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол 11 бүртгэгдэж, 14 хүн гэмтсэн аж. Үүнээс зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртсөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн III амаржих газрын хашаанд \”Crown” маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч таван настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн байна. Мөн \”Chaser” маркийн автомашин Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар осолдож, жолооч 34 настай эрэгтэй Г-ийн амь насаа алдсан байна. Үүнээс гадна \”Зил-130” маркийн автомашин Баян–өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар шороон замд осол гаргаж жолооч 37 настай эрэгтэй Х насбарчээ.
Амралт, зугаалгын цаг дуусаж, ажил болон хичээлийн улирал удахгүй эхлэх гэж байна. Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал энэ үед эрс нэмэгддэг. Учир нь хөдөө орон нутаг явсан иргэд хувийн зохион байгуулалт, цаг хугацаагаа зөв тооцоолоогүйн улмаас хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаагүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бий болж, эрдэнэт хүн амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Иймд тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч та хамгийн хайртай дотнын хүнээ тээвэрлэж аюулгүй байдлыг нь хангаж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, өөрсдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Төгөл /tug.mn/