Цагдаагийн байгууллагын бүртгэлд уг ослыг есдүгээр сарын 1-ний 23:00 цагийн орчимд “Цагааннуур сумын төв зам дагуу таван адуу мөргөчихлөө” гэсэн мэдээллээр бүртгэжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат Зэлтэрээс Цагааннуур сумын чиглэлд төв замаар зорчиж явахдаа зам хөндлөн гарч байсан адуунуудыг “Toyota Land Cruiser 300” маркийн автомашинаар мөргөсөн байна.
Уг ослын шалтгаан, жолоочийн буруутай эсэх болон замын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Эргэн сануулахад, 2023 онд түүний бусдыг автомашинаар дайрахыг завдаж буй бичлэг цахим орчинд тарж байсан. Тэрбээр тухайн үйлдлээ “манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна” хэмээн тайлбарлаж байв.
Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, шүүхээс Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн, зорчих эрхийг нь хоёр сарын хугацаанд хязгаарлах шийдвэр гаргаж байсан юм.











































































