Өмнөд Солонгосын Боловсролын сайд Чой Кё Жин их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт (Сүнын”)-ийн үеэр хиймэл оюун ухаан ашиглан хуулах явдлаас сэргийлэхээр авсан гэнэтийн арга хэмжээнүүд нь ихээхэн төөрөгдөл, бухимдал үүсгэсэн хариуцлагыг хүлээж ням гарагт албан тушаалаасаа огцорлоо.
Долоо хоногийн өмнө татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан шалгуулагч жижиг камер, гар утас, хиймэл оюун ухааны хэрэгсэл ашигласнаа хүлээн зөвшөөрсөн нь ЭЕШ-ын үеэр нууц төхөөрөмж илрүүлэх яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн. Есөн цаг хүртэл үргэлжилдэг ЭЕШ сая сая өмнөд солонгосчуудын ирээдүйн замналд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Гэтэл шалгалтын өмнөх өдөр яамнаас хэт оройтсон, хатуу дүрмүүд яаран гаргасан нь шалгуулагчид болон эцэг эхчүүдэд ихээхэн дарамт учруулжээ. Тухайлбал шалгуулагчдын нүдний шилийг ухаалаг шил эсэхийг нэрбүрчлэн шалгаж, хувцсан дээрээ камер байрлуулахаас сэргийлж бүх товчийг нь наалтаар битүүмжлэх, ханцуйг нь шуулгах арга хэмжээ авсан байна. Мөн хураалгалгүй орсон гар утсыг илрүүлэхийн тулд шалгалтын дундуур гурван ч удаа онцгой байдлын сэрэмжлүүлэг дохио илгээсэн нь улс даяар бүх гар утаснуудыг нэгэн зэрэг дуугарахад хүргэсэн байна. Үүнд дуугүй горимд тохируулсан утаснууд, тэр ч байтугай роуминг үйлчилгээ ашиглаж буй жуулчдын утаснууд ч багтсан аж.
“Хариуцсан сайдын хувьд элсэлтийн шалгалтын бэлтгэл хангагдаагүй явдалд хариуцлага хүлээн огцорч байна” Чой Кё Жин мэдэгдлээ. Шалгалтын тогтолцоог шинэчлэхийг уриалсаар ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён түүний огцрох өргөдлийг хүлээн авсан байна.
Энэ жилийн “Сүнын” шалгалтад ойролцоогоор 500 000 сурагч оролцсоноос зөвшөөрөгдөөгүй ухаалаг төхөөрөмж авч орсон 111 шалгуулагчийг илрүүлсэн гэж Боловсролын яам өмнө нь мэдээлсэн юм.































































