УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 1-ний хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар төсвийн урсгал зардал болон цалин, тэтгэврийн нэмэгдлийн санхүүжилтийн талаар харилцан асуулт тавьж, санал зөрөлдөв.
Тодруулбал, Г.Лувсанжамц төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тохиолдолд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлийг хэрхэн тооцсон талаар асуув.
Г.Лувсанжамц: Ирэх жилээс алт, зэсийн үнэ унавал яах вэ. Цалин, тэтгэврийг бууруулж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл Засгийн газраас төсвийн урсгал зардлыг бууруулах ямар тооцоо, судалгаа байна вэ?
Б.Энхбаяр: Айл өрхөөр зүйрлэж яривал манай улсын төсвийн 70-90 хувиар хоол авч байгаа буюу тэтгэвэр цалин тавьж байгаа. Юмны үнийн өсөлтөөс айл өрхийг, иргэдээ хамгаалахын тулд цалин, тэтгэвэр нэмэхээр шийдсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын зардлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Талбай орчмын өндөр, өндөр барилгуудад түрээсээр байрлаж байсан төрийн өмчит үйлдвэрийн газруудаас өнгөрсөн нэг сарын хугацаанд 66-г татан буулгасан. Ингэснээр сарын хугацаанд 7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байна.
Г.Лувсанжамц: Оновчтой хариулт өгөхгүй байна. Зөвхөн цалин биш, урсгал зардал бууруулах тооцоо, судалгаа хийсэн үү. Ямар арга хэмжээ авах вэ?
Б.Энхбаяр: 10 тэрбум долларын хэмнэлтийг яаж хийх тухай асуучхаад нэг минутад багтааж хариул гээд байх юм.
Г.Лувсанжамц: Гурав дахь удаагаа асууя. Урсгал зардал бууруулах тооцоо, судалгаа хийсэн үү? Нөхцөл байдал ярихгүй, тооцоо судалгаа, шийдлээ яримаар байна. Оновчтой хариулна уу.
Б.Энхбаяр: Сая хариуллаа. Байгаа хариулт нь энэ. Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?
Г.Лувсанжамц: Бодлогын мэтгэлцээн өрнүүлмээр байна. Хуралдааны дэг гэж юм бий.
Б.Энхбаяр: Чи өөрөө Чингэлтэй дүүргийг дулаална гэж зарцуулсан мөнгөө тайлагна.
Ийн маргалдсаны дараа УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм.









































































