ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрлах Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн осол гарч, аюултай байж болзошгүй халдвар алдагдсан. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлаар Орост тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Бид маш анхааралтай ажиглаж байгаа. Энэ талаар дөнгөж л сонсоод байгаа учир ерөнхийлөгч Путинтэй ярьж амжаагүй байна. Гэхдээ АНУ-ын дэмжлэгийг санал болгохоор бэлдэж байна. Энэ бол хянаж болохооргүй өвчин биш. Анагаах ухаан хэдий хөгжсөн ч гэлээ нянгууд урьд урьдныхаасаа илүү хүчтэй болсон тул уушгины хатгалгааг эмчлэхэд өмнө нь үр дүнтэй байсан аргууд одоо нөлөөлөхөө больжээ. Ийм асуудалтай тулгарсан хэнд ч бид тусална” гэжээ.
ДЭМБ-ын зүгээс энэхүү өвчин нь нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл маш бага гэсэн урьдчилан мэдэгдлийг хийгээд байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч бас өвчний эрсдлийг багасгасан мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Би үүнийг түгшүүр төрүүлэхүйц зүйл гэж бодохгүй байна. Гэхдээ анхаарал хандуулж, ажиглах шаардлагатай нь үнэн” гэжээ.
Эрхүүгийн Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн техникч 28 настай Дарья Шипиловаг уушгины тахлын халдвараар амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Түүний үхлийн дараа Оросын эрх баригчид үйлчлүүлсэн эмнэлэгт нь хөл хорио тогтоож, хавьтагчдыг тогтоох ажлыг эхлүүлсэн. Албан ёсны мэдээлэл хомс байгаа ч гэлээ Оросын зарим хэвлэлд мэдээлж буйгаар, 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад аваад байгаа аж.
Халдварт өвчний асуудал хариуцдаг төрийн байгууллага Роспотребнадзор өвчтөнөөс авсан дээжийн шинжилгээнээс түүний ажилтай холбоотой ямар нэгэн бичил биет илрээгүй гэж мэдэгджээ.
Дашрамд дурдахад, уушгины тахал нь ихэвчлэн жижиг хөхтөн амьтад болон тэдгээрийн бөөсөнд агуулагддаг “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг. ДЭМБ-ын мэдээлснээр, уг өвчин нь маш хурдан халдварладаг бөгөөд эрт эмчлүүлэхгүй бол үхэлд хүргэх аюултай. Эрт илрүүлбэл антибиотик ашиглан уг өвчнийг эмчлэх боломжтой. Харин эмчлүүлэхгүй орхивол нэгээс зургаан өдрийн дотор үхэлд хүргэж болзошгүй ажээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA











































































