Урьд: Улс төрийн тамхины цэг гэх гагц голдирол бүхий сувгаас цацагддаг байсан мэдээ мэдээлэл, хов жив эдүгээ газар газраас сонсдох болж.
Сүүл үест: Төрийн ордон, МАН-ын байр, улстөрчдийн орон гарсан, оршин суусан бүхий л байршил улс төрийн тамхины цэг мэт болсон хэрэг.
Жанцан нь: Улс төр улайстал халсны тэмдэг.
Гээд: Улс төрийг ийнхүү бужигнуулах улстөрчид явах ирэх, Улс мөнх үлдэх нь үнэн. Тиймийн учир цаадтайх нарийн ширийн учир зүйг нь олох, илрүүлэхэд дөхөм болохуйц мэдээ, эсхүл улс төрийн ховыг тайлбар дүгнэлт үл зүүн хүргэж буй.
Эдүгээ: Улс төрийн гол сэдэв бол долоо дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль. Намууд анхаараад эхэлж. Нэн ялангуяа эрх баригч намын тренд сэдэв нь энэ. Тэд зургаа дахь Ерөнхийлөгчийг чөлөөлсөн өдрөө Ерөнхий сайдын өрөөнд хийсэн Удирдах зөвлөлийн хурлаараа энэхүү сэдвийг л ярьж. Тэр дээр: Рейтинг нь маш сайн байгаа АН-ын Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг Ерөнхийлөгчийн шинэ хуульд оруулах, манай намын рейтинг маш муу тул сонгуулийг 27 оны хоёрдугаар сарын 25 хавьцаа хийх. Гэж тохирцгоож. Бүтэн сайнд Их тэнгэрт УИХ-ын бүлгийн хурлаа хийн бас л энэхүү сэдвийг хэлэлцэж.
Тэр хурлаар: Намаас Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Г.Занданшатар гурав өрсөлдөж болох юм, 12 сар гаргаад 21 хоног хөдөө орон нутгаар яв, тэгээд ард нийт хийгээд намын бүтцийн байгууллагуудаас хамгийн өндөр дэмжлэг авсныг нь 27 оны нэгдүгээр сарын 3-нд нэр дэвшигчээр тодруулна гэж.
Энэхүү сунгаанаас С.Бямбацогт хасагдаж.
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх: Чи одоо болно, дэвшинэ гэхгүй шүү гэж.
Тэгээд С.Бямбацогт: Би Ерөнхийлөгчид дэвшихгүй гэж камерын өмнөтээ мэдэгдэж. У.Хүрэлсүх ийнхүү шахсан нь тэрбээр: Анхлаад УИХ-ын дарга болохдоо АН-ынханд: Намаасаа татгалзана гэж ам өгч сонгогдож байж.
Дараачаар нь: Дэлхийд ийм жишиг байхгүй гээд мурьж. АН-д өгсөн амлалтаа ийнхүү зөрчиж, бултсаныг харж суусан МАН-ынхан: С.Бямбацогт нэгэнтээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа бол намаасаа татгалзах болно, тэрийг хуульд оруулчихаж магадгүй гэж айгаад ингэлээ гэж. Яваандаа У.Хүрэлсүх тэгж хэлснийг мэдэж.
МАН тухайд саяны нэг дэхэд: Бид бүтэн сайнд Их тэнгэрт Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар огтоос яриагүй гэх мэдээ тараалгаад л. Тэд тэнд цуглаад улсын төсөв төлөвлөгөө, улс орны хөгжлийн төлвөөр яриа мэтгэлцээн хийв л гэж.
Харин чиг: Долоо дахь Ерөнхийлөгчид гурван нөхрөө өрсөлдүүлэхээр болоод, дараачаар нь нэг дэхэд бүлгийн хуралдаа суухааргүй болтол сархад зооглож, наргисан байх магадлал өндөр. Бүлгийн хурал нь яасныг бултаараа мэдсэн байх. Ийнхүү эдүгээгийн байдлаар МАН-аас гурван албан ёсны горилогч хот, хөдөөгүүр явж өөрсдийгөө танилцуулах нь. Эцэст нь энэ гурваас хамгийн ихээр эрсдэл гэх үү, хохирол гэмээр юм уу, тийм юм үүрч үлдэх нь Г.Занданшатар. Тэрбээр Ерөнхий сайдаас буугаад эдүгээг хүртэл сайн дураараа л өөрийгөө Ерөнхийлөгчид сойгоод гүйгээд байгаагаас ард нийт, МАН-ынхан нь дэмжихгүй байгаа. Дэмжихгүй байтугай эсрэг байр суурь, үзэл бодолтой. Тэр нь гурван том шалтгаантай.
Нэгдүгээрт, Г.Занданшатар бол намыг хагалсан гэж МАН-ынхан үзэж буй. Жил гаруй хугацааны өмнө тэрбээр Д.Амарбаясгалантай МАН-ын даргад өрсөлдөхдөө энэхүү намын 100 гаруй жилийн түүхэнд байгаагүй хямрал хийгээд рейтингийн доройтлын эх суурийг тавьж. Нам руу нь мөрдөгчид орж нэгжлэг хийсэн энээ тэрээ гээд. МАН-ын УИХ-ын бүлгийг 30, 38-аар хуваахад онц гойд үүрэг гүйцэтгэж. Тэрнээс нь болоод Ерөнхий сайд болоход нь 35 хувийн рейтингтэй байсан МАН эдүгээ 19-хөн хувьтай болж. Шаланд унаж гэсэн үг. Тэрэнтэй Н.Учрал нүүр тулж, хүнд үеийг өнгөрөөж буй. Ядахад нь хоёр дараалсан сонгууль ойртож. Аргаа бараад сонгуулийг цагаан сар залгаж хийхээр төлөвлөж.
Хоёрдугаарт, Г.Занданшатар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өргөдлөө бичихэд хүргэсэн гэж үзэж. Уул нь: У.Хүрэлсүх Г.Занданшатар эдүгээд нь хүртэл дэмжиж татаж ирж. 17 онд засгийн тэргүүн болоод ХЭГ-ын дарга, 19 онд М.Энхболдыг буулгаад оронд нь УИХ-ын дарга, 24 онд УИХ-д унаад ирэхэд нь ЕТГ-ын дарга, 25 онд Л.Оюун-Эрдэнийг унагаад оронд нь Ерөнхий сайдаар тавьж байж. Гээд удалгүй нэг ноцтой юмны баталгаа нотолгоо үзэгдээд эхэлж. Х.Нямбаатар эдүгээг хүртэл 6-7 лайв /live/ хийсэн. Тэр бүрээрээ У.Хүрэлсүхийг зогсоо зайгүй муучилж буй. Мөнхүү: У.Хүрэлсүхтэй холбоо сүлбээ ойр дөт бүгдийг хавсарган ярих. Гэтэл нь: Дэглэмийг бүрдүүлэгчдийн дунд Г.Занданшатарын нэр, зураг огт үзэгддэггүй. Г.Занданшатар бол У.Хүрэлсүхээс дэмжлэг авснаараа Дэглэмийн бүрэлдэхүүнд орохгүй гэхэд “Бодь”-ийн асуудлыг ярих гэвэл нэн тэргүүнд дурдагдах ёстой хүн. Гаднаас: Тэр гэрээг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хийсэн, тэрийг нь ил болго гээд л байгаа. Тэр дээр хоёрт дурайх хүний нэр Г.Занданшатарынх. Гэвчиг Х.Нямбаатар түүнийг огт ярьдаггүй. Харин чиг: Х.Нямбаатар нь Г.Занданшатарын хүссэн үгийг дамжуулаад байх шиг болсныг МАН-ынхан анзаарч.
Хэд дүгээр лайваараа ч билээ: Танилц, Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч Болдын Жавхлан гэсэн дээ. Өмнөхөнтээ нь Г.Занданшатар Б.Жавхланд уурлаж байж.
Тэрбээр: Та хоёрын хамаатан нь тэндээ байдаг юм байгаа биз, намайг бэлтгэлээ ханга гээд Ерөнхий сайдаас буулгасан, тэрэндээ тулбал үзнэ шүү гэж. Б.Жавхланг хирдхийтэл хэлж.
Жанцан нь: 26 оны 4 дүгээр сард түүнийг Ерөнхий сайдаас буусны дараа У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ ханга гэсэн юм байж. Гэвчиг саявтар: Б.Жавхлан МАН-аас нэр дэвшинэ гэхийг сонсоод Г.Занданшатарын уур хүрч. Тэгээд тэрийгээ Б.Жавхланд гаргаж. Г.Занданшатарын үг Х.Нямбаатараас гарсны жанцан нь: Тэрбээр Женко, Х.Нямбаатар хоёрыг холбосон гэх. Тиймийн учраас Х.Нямбаатарын лайвын мэдээлэл Женкогийн цензургүй багийн дахин дамжуулалтаар яг ижил форматаар түгж буй. Эдүгээ тэр баг Б.Жавхланг амлаж аваад онилж муучилж буй.
Энүүнээс: Г.Занданшатар нь Х.Нямбаатартай маш дөт бөгөөд лайв энээ тэрээд нь хамтран ажиллаж байна гэх хардлага МАН-д үүсч.
Дамнан явсаар энэ нь: У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлөө бичихэд хүргэсэн гэж Г.Занданшатарыг буруутнаар түүнийг нэрлээд эхэлж. Нэмээд Г.Занданшатар: Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц нэртэй бодлогын өгүүлэл хэмээхийг бичин сайтуудаар цацаж. Тэр дээрээ: Ерөнхийлөгчийн огцролтыг парламентын үнэмлэхүй олонх дэмжсэн боловч хэлбэрийн төдий санал нэгдлийн цаана далд тэмцэл нуугдаж буй гэж бичиж.
Ерөнхийлөгчийн огцролт хэмээснийг: У.Хүрэлсүх дарга өөрөө энийгээ огцролт гэж үзэхгүй, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч чөлөөлөгдсөн гэж томьёолж байгаа, гэтэл Зандан дарга яагаад ингэв? Гэх мэтээр МАН-ынханд Г.Занданшатарыг хардах хардлага нэгэнтээ үүсээд, цаашаагаа гүн гүнзгий үргэлжлэн лавширч.
Базах нь ээ: МАН-ынханд ийм байр суурь, үзэл бодол сууж. Тэрийг бултаараа ярих. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч хүн эв нэгдлийг сахигч байх үндсэн үүрэгтэй, нэмээд ёс зүйн өндөр хэм хэмжээтэй, ард нийтэд үлгэр болох хүн байх ёстой. Гэтэл нь: Намыг хагалж, намаас дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчид дэвших, тэгэх тэгэхдээ сунгааны судалгаануудыг байнга тэргүүллээ гэх нь итгэмээргүй бөгөөд гайхмаар. Хэд хоногийн дараа намын сунгаа албан ёсоор эхлэхээр Г.Занданшатар өөрийгөө мэдрэх байлгүй гэх үгс МАН-ынхны амнаас гарч, улс төрийн тамхины цэг дээр тарж буй аж…
Ө.БАТБИЛЭГ

































































