Сүүлийн гурван жилийн хугацаанд тээврийн салбарын нийт ачаа эргэлт өсөлтөө тогтвортой хадгалсан ч орлого нь 2025 онд анх удаа 700 тэрбум төгрөгөөр буурлаа.
2025 онд Монгол Улсын хэмжээнд төмөр зам, авто зам, агаарын замаар нийлбэр дүнгээр 146.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 9.5 хувиар өссөн ч орлого нь 11.8 их наяд төгрөг болж, 5.9 хувиар буурчээ.
Хэдийгээр авто замын тээврийн ачаа эргэлт хэмжээний хувьд 9.9 хувиар өссөн ч нийт орлого нь 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны гүйцэтгэлээс 1.2 их наяд төгрөгөөр дутсан нь салбарын орлого буурах гол шалтгаан болжээ.
Авто тээврийн ачаа эргэлтийн 96 орчим хувь нь зөвхөн нүүрснээс хамааралтай хэвээр байгааг ҮСХ-ны дата мэдээлэл харуулж байна.
Нүүрс тээврийн үйл ажиллагаанд гаднын компаниудын оролцоо их байгаа зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэлд тээврийн салбар ихээхэн алдагдал хүлээж байгаа аж. 2022-2024 оны жилийн эцэст дунджаар 700-800 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2025 онд 37 хувиар буурч, 504 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Төмөр замын ачаа тээрийн мөн л дийлэнх буюу 89.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол үлдсэнийг нь барилгын материал болон бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчид төмөр замын хүчин чадал хангалтгүй учраас хөдлөх бүрэлдэхүүнд багагүй хөрөнгө оруулалт хийж буйг тодотгосон. Үүнд салбарын яам, Засгийн газрын нэгдсэн бодлого гаргаж, гол замын зүтгүүрийг нэмэгдүүлэх болон шинэчлэл хийх чиглэлд анхаарах шаардлагатайг дурдаж байсан юм.








































































