МАН мөрийн хөтөлбөрөөсөө аль эрт буцчихсан. Гэхдээ л иргэд итгэл тавин
хүлээсээр байна. Учир нь эдийн засгийн хүндрэлийг МАН-д нялзайх бус. Харин
даван туулж гараад дараа нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэгт нь найдвар
тавьж байгаа хэрэг юм.
Гэвч өмнө нь хэвийн явагдаж байсан хөтөлбөрүүд зогсох хэмжээнд хүртлээ
хямарсан гэдгийг нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Ганцхан жишээ дурдья. Монгол
улс хүүхэд бүртээ тэтгэмж олгодог. Тодруулбал, сар бүр 20 мянган төгрөг
олгодог. Гэвч энэ тэтгэмжинд саатал гараад жил гаруйн хугацаа болж байна. Уг нь
хүүхэд бүрт гэсэн шошготой. Эрх барьж буй намын мөрийн хөтөлбөрт ч хүүхэд бүрт,
ялгаваргүйгээр олгоно гээд заачихсан байгаа.
Даанч эдийн засгийн асуудлаас болоод хүүхэд бүрийг тэтгээд байх чадал
манайд алга. Тиймээс өмнөх буюу АН-ын Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан \”ялгаварлан
гадуурхах” схемийг ашиглаж, хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Гэвч өнгөрсөн
зургаадугаар сараас хойш гадуурхуулсан битгий хэл дотуурхуулсан хүүхэд ч мөнгөө
авч чадсангүй. Шалтгаан нь төсөвт хүүхдүүдэд зориулах ширхэг зоос ч байхгүйтэй
холбоотой. Уг нь 2016 оны төсөвт хүүхдийн мөнгийг суулгасан. Шинэ Засгийн газар
байгуулагдаж, төсвийн тодотгол хийхдээ ч мөн энэ мөнгийг суулгасан гэж
тайлбарлаж байгаа. Даанч төсөвт суулгаад яах билээ. Байхгүйн зовлон хэцүү шүү
дээ.
Гэхдээ л энэ сарын сүүлээр хүүхдийн мөнгийг олгоно гэж албаны хүн
тайлбарлалаа. Ингэхдээ өнгөрсөн 7, 8 сарын мөнгийг хамтад нь олгохоор болж
төсөвт суулгасан гэлээ. Нийт 1021000 хүүхэд \”хүүхдийн мөнгө” авдаг. Төсөвт
суулгасан хөрөнгөөс үзэхэд эдгээр хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр үлдсэн 40
гаруй хувьд нь бичилт хийх байдлаар зохицуулах юм байна.
Жилд \”хүүхдийн мөнгө”-ийг олгоход
зориулж 240 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Одоогоор төсөвт зөвхөн \”хүүхдийн
мөнгө” олгоход зориулж 79 тэрбум төгрөг суулгасан гэдгийг албаны хүн мэдээлж
байна.