“Босоо” Ганбаа “Рио Тинто (Оюутолгой компанийн гадаад эзэд) компани нийгмийн хариуцлагын хүрээнд Коронавирусийн вакцин аваад өгчих” гэж хэлээд үхтлээ загнуулав. Угаасаа ч хэвлэлээр загнуулдаг л даа. Юу гэхээр “Рио Тинто компанитай гэрээ хэлцэл хийх гэж байхад жижиг зүйл ярилаа, тэртээ тэргүй ДЭМБ-аас үнэгүй вакцин тараах гэж байхад жижиг юм гуйлаа” гээд Ганбаатарыг тэнэг болтол загналаа.
Монголчуудын хувьд коронавирусийн халдвараас илүү, хүнд айхтар зүйл алга. Ямар аймааргүйдээ гэрээсээ ч гарч чадахгүй сууж байгаа биз дээ. Тэгээд ч тэр ДЭМБ-ын “КОВАКС” хөтөлбөрөөр хүн амын 20 хувьд тарих вакцин ирнэ. Үлдсэн 80 хувиа яаж вакцинжуулахаа төр засаг шийдээгүй, хөрөнгө мөнө ч үгүй сууж байгаа. Тэр бүхэнд гаргалгаа санаа хэлж байгаа царай нь л даа. Оюутолгойн гэрээг сайжруулахыг Дубайн гэрээг өөрчлөхийг С.Ганбаатар шиг тууштай дэмжсэн хүн үгүй.
АН, МАН-ын бүх удирдлагууд 100 сая ам.долларын чех аваад алга нижигнүүлэн “Улсаараа нэг алхлаа” гэж баярын хурал хийж байхад С.Ганбаатар Сүхбаатарын талбай дээр “Эрх баригчид ард түмэнд ашиггүй гэрээ байгууллаа” гэж хэлээд цагдаад чирэгдээд явсан түүхтэй юм шүү. Монголчууд Оюутолгойн эзэд бол яагаад энэ хүнд цаг үед эм тарианы мөнгө авч болохгүй гэж. Тэр гэрээ хэлэлцээр тусдаа явдаг замаараа явна биз. Гэрээ амжилтгүй болвол Босоо Ганбаа хажуугаар нь вакцины мөнгө гуйгаад гэж бултаж мэдэх улс шүү. Их олон ажлын хэсгийн бүтэлгүйтэл, тайлбар, урвалтыг харлаа.
Гэрээ хэлэлцээр хийж байгаа (С.Ганбаатарыг эсэргүүцдэг бараг л ашиг сонирхлын зөрчилтэй гээд гэрээ хэлэлцээр хийхдээ оруулдаггүй) нэрээр Монголчуудаас вакцины мөнгө харамласан, шалтаг тоочсон Рио Тинто компанийг өмөөрөх нөхдийг ойлгосонгүй. Энэ компанидаа хэдэн зуун тэрбумаар нь соён гэгээрүүлэх нэрээр хэвлэлийнхэн, нийтлэгч нарт мөнгө тараадаг. Ерөнхийдөө авлига шүү дээ. Хүнд цаг үед авдраа нээгээд авчих арав таван төгрөг бол Оюутолгой юм. Оюутолгой биднээс холдоод бүр гадаадын юм, эзэн нь дургуйцана гэж хандлага яваад байгааг л ойлгохгүй байна.
Б.Жаргалсайхан