Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр \”С.Зориг бусдад хөнөөгдсөнхэргийн шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэх болжээ” гэсэн мэдээлэл гарч байна. Иймд шүүх хуралдааныг ямар тохиолдолд хаалттай явуулдаг, \”төрийн нууц” гэх ангилалд ямар баримт, материал ордог талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас тодрууллаа.
-Ямар хэргүүдийг \”төрийн нууцад хамааралтай ” гэсэн ангилалд оруулдаг юм бэ?
-Нууц хэрэг гэж байдаггүй. Шинжээч тухайн хэрэгт авагдсан баримт материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан \”нууц” зэрэглэлд хамаарах баримт гэж дүгнэлт гаргасан бол хэрэг \”нууц”-ын зэрэглэлд орно.
\”Төрийн нууц” гэж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан төрийн нууцад хамааруулсан, улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлдэг.
-Тэгвэл шүүх хуралдааныг хаалттай явуулна гэх ойлголтын талаар тодруулаач?
-Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай, хэрэв зарим нотлох баримт тэдний нууцтай холбоотой бол зөвхөн тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг хаалттай явуулдаг.
\”С.Зориг бусдад хөнөөгдсөн” гэх хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааныг хаалттай шийдвэрлэх болсон гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гарсан байна. Энэ хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй юм уу.
\”С.Зориг бусдад хөнөөгдсөн” хэргийн хувьд \”Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир \”маш нууц”-д хамаарч байгаа юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д \”Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан байдаг.
Энэ заалтын дагуу шүүхээс хэргийг хаалттай хэлэлцэх болсон байна. Гэхдээ шүүх хуралдааныг хаалттай эсвэл нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
Эх сурвалж:prokuror.mn