Энэ онд бид Ерөнхийлөгчийн сонгуультай. Уг нь
сонгууль болохоос жилийн өмнө тус сонгуультай холбоотой хуулийг хэлэлцэж,
өөрчлөн баталсан байх ёстой. Гэвч сонгуультайгаа зэрэгцээд л хуулиа өөрчилдөг
дэгт суралцах гээд байх шиг. Энэ нь сонгогч бидэнд бус харин парламентэд
суудалтай, эрх барьж буй нам эвсэлд ашигтайгаар эргэдэг байх жишээтэй. АН л
туршлага дутчихлаа. Эсвэл тохироо нь МАН олонх болох ёстой ч байсан байж мэдэх
л юм. Үүнийг бид таашгүй.
Тэгвэл зургаан сарын дараа болох сонгуулийн
хуулийг одоо өөрчлөхөөр хэлэлцэж, зөвшилцөж эхэллээ. Ингэхдээ \”УИХ-д суудалтай
улс төрийн нам эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй” гэх томоохон
заалтыг оруулжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэг ч хийсэн
мэдээлэлдээ тодорхой дурдсан юм. Тэгэхээр энэ хуулийн төсөл УИХ-аас дэмжлэг
авбал УИХ-д суудалтай МАН, АН, МАХН зэрэг гурван нам л Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөх нь. МАН УИХ-д олонх. Тиймээс бүлгээс нь гаргасан шийдвэр, өргөн
барьсан хуулийн төслүүд олонхийн дэмжлэг аваад батлагдчих магадлал өндөр гэж
ойлгож болно. Эндээс бид \”УИХ-д суудалтай гурван намын нэр дэвшигчдээс л
сонголт хийнэ” гэсэн сонголтгүй байдалтай тулгарч байна. Уг нь бие даагч, эсвэл
сөрөг хүчний зүгээс байр сууриа илэрхийлдэг жижиг намуудаас нэр дэвшсэн бол сонгууль
сонирхолтой бас өрсөлдөөнтэй болох ёстой байлаа. Даанч ийм өрсөлдөөнийг эрх
баригчид хүссэнгүй. Тиймээс л зургаан сарын дараа болох сонгуулиас урьдаж
хуулийг нь өөрчлөхөөр зүтгэж байгаа нь улс төрчдөд таалагдсангүй.
Эхнээсээ мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ
илэрхийлээд эхэллээ. Ямарч өрсөлдөөнгүй цорын ганц ялагчтай тэр нь нэр
дэвшихээсээ өмнө тодорчихсон сонирхол багатай сонгууль болох вий дээ. Уг нь
Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэгдэл байхаас гадна УИХ-ын гишүүдийн
алдаатай хууль тогтоомжид хориг саад тавьж, улс орныхоо эрх ашгийг хамгаалагч,
нам эвслээс ангид хүн юм гэх ойлголт байдаг. Гэвч эрх баригч намаас дэвшиж,
сонгогдсон хүн яаж ч сөрөг хүчин болж, хориг саад тавьж чадах билээ. Үүнийг л
бодож, иргэддээ сонголт хийх эрх чөлөөг олгоно гэж найдаж байна.